Одоогоос 60 жилийн өмнөх эдгээр өдрүүдэд манай баг тамирчид Инсбрукын цагаан Олимпод мөрөө үлдээж, Монгол Улсын төрийн далбаа Олимпын тавцанд анх удаагаа мандсан түүхтэй.
“Инсбрук 1964” өвлийн IX Олимпын наадам 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-ний өдрүүдэд болж, 36 улсын 1091 тамирчин спортын 10 төрлөөр ур чадвараа сорьсон билээ. Монгол улс тус наадамд биатлон, тэшүүр, гүйлтийн цанын төрөлд 13 тамирчнаа оролцуулсан нь түүхэн хуудаснаа анхны хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр нар өдгөө энх тунх буй “Инсбрук 1964” Олимпын наадамд оролцогч, ахмад тамирчид, зүтгэлтнүүд Л.Дашдэмбэрэл, Б.Зундуй, Д.Пүрэвлоов, Л.Боль нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонг гардууллаа.