Энэ жил Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд БНСУ-ын элчин сайдын яам, Солонгосын орчин үеийн уран баримлын холбоотой хамтран Монголын уран зургийн галерейд энэ сарын 2-7-ны өдрүүдэд уран зураг, баримлын 40 бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.
Тус холбоо анх 1994 онд үүсгэн байгуулагдснаас хойш жил бүр гадаад орны үндэсний галерейд ЭСЯ-ны урилгаар ажилладаг юм байна. Гадны орнуудад үзэсгэлэн гаргаж, олон улсын дүрслэх урлагийн харилцааг идэвхижүүлэх зорилгоор төрөл харгалзахгүйгээр уран баримал, урлаг гэсэн нэгдсэн ойлголт дор уран бүтээлч тус бүрийн өвөрмөц ертөнцийг тусган, нээж илрүүлэх, уран баримлын шинэ ертөнцийг цогцлоох зорилготой аж. Одоо Непал, Индонези, Малайз, Хонгонг зэрэг улсад гаргасан үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг Монголд толилуулж байгаа юм.
Солонгосын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Шин Сан Кьюн “Манай хоёр улс эртний түүхэн харилцаандаа тулгуурлан улс төр, эдийн засаг, нийгэм, соёл зэрэг бүхий л салбарт нягт харилцаатай ажиллаж ирлээ. Энэхүү үзэсгэлэнгээр манай хоёр орны ард түмний оюун санаа, соёлын харилцаа улам гүнзгийрэх болно гэж найдаж байна” хэмээн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлж байв.