Алдарт дуучин, жүжигчин Жэннифер Лопез болон “Backstreet boys” хамтлагийнхан Монголд тоглох талаарх мэдээлэл хэдийнэ олон нийтийн цахим сүлжээнийхний чихийг сортойлгоод буй. Цэнгэлдэх хүрээлэн дэх тоглолтууд шил шилээ даган зохиогддог зуны сар болмогц л дэлхийн хэмжээний оддыг Монголд урьж тоглуулах талаарх мэдээллүүд гардаг ч хэрэгжих нь ховор. Тиймдээ ч олон саяын өртгөөр ирж, буух буудал, дуулах тайзандаа өндөр шалгуур тавьдаг Холливудын оддыг эх орондоо харна гэсэн итгэл иргэдийн дунд төрөхгүй байгаа нь нууц биш. Тиймээс энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг, соёлын салбар хорооны даргаар ажиллаж буй БСШУ-ы дэд сайд Ч.Төмөрбаатараас тодрууллаа.
-“Backstreet boys” хамтлагийнхан болон Жэннифер Лопез Монголд тоглох гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?
-Энэ асуудал одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.
-Тэгэхээр урьсан нь үнэн гэсэн үг үү?
-“Backstreet boys” хамтлагийг уриагүй.
-Өөр ямар хамтлагийг урьсан юм бол?
-Одоо энэ асуудал гэрээ хэлэлцээр хийх түвшинд явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.