Дөрөвхөн настайд нь хөгжмийн авьяас нь тодорч, тэр жилдээ Истанбулын хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангид элсэж байсан Туркийн алдарт хөгжимчин Тулуйхан Угурлу энэ сарын 12-нд Монголд тоглолт хийхээр болжээ. Тэрбээр долоон настайдаа “Гайхалтай хүүхдүүд” улсын уралдаанд тэргүүлж гадаадад суралцах эрхээр шагнуулсан бөгөөд хөгжмийн сургуулиа дүүргээд Венийн Сонгодог хөгжмийн академид элсэн суралцсан юм билээ.
Тулуйхан Угурлу академид суралцаж байхдаа сонгодог бүтээл дагнан тоглосоор, “GoWithGod” цомгоо хэвлүүлж, улмаар 1996 онд “Жигүүр дор минь орших Истанбул” уран сайхны киноны дууг зохиож, Бүгд найрамдах Турк улс үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Мустафа Кемал Ататурк ба нарны цэргүүд”, 1999 онд болсон газар хөдлөлтийн гамшгийн дараа “Их хотын нулимс” хэмээх сэдэвчилсэн цомог гаргажээ.
Т.Угурлу түүхэн дурсгалт газруудаар аялан тоглолт хийдэг бөгөөд өдий хүртэл олон улсын болон үндэснийхээ хэмжээний 300 гаруй тоглолтод оролцжээ. Түүнчлэн тэрбээр залуу үеийнхэнд сонгодог урлагийн боловсрол олгох “Хонх дуугарч Тулуйхан ирлээ”, “Мөрөөдлөө бүү хойш нь тавь” төсөл хэрэгжүүлж, дунд сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй урлагийн тоглолт үзүүлж, мэдээлэл өгдөг аж.