“Vanity Fair” сэтгүүлийн энэ сарын нүүр хуудсын чимж буй Кэйтлин гэгч чухам хэн бэ? Дур булаам төрхтэй ахимаг насны эл хатагтай бол угтаа нэгэн цагт Кардашьяны эгч дүүсийн аав хэмээгдэж байсан Брюс Женнэр юм.
1976 оны зуны олимпоос алтан медаль хүртэж байсан Женнер хүйсээ солиулах мэс засал хийлгэх гэж байгаа тухай энэ оны эхээр л хэвлэлүүд шуугиж эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд олны дунд тархаад байсан мэдээлэлд ямар нэгэн тайлбар огт хийгээгүй тэрбээр “Vanity Fair” сэтгүүлд өгсөн олон нийтийн анхаарлыг татаж буй олон нууцаа дэлгэжээ.
Өдгөө 65 настай Жэннер хөх томруулах болон царайг нь эмэгтэйлэг болгон өөрчилсөн мэс засал хийлгээд удаагүй байгаа аж. Түүгээр барахгүй цахим ертөнцөд шуугиан дэгдээгээд буй ярилцлага нь сэтгүүлд хэвлэгдсэний дараа хүйсээ солиулах мэс засал хийлгэхээр төлөвлөж буй аж.
Адал явдлаар дүүрэн амьдрал нь үүгээр дуусахгүй. Тэрбээр ирэх долдугаар сард “Е” хэмээх телевизийн нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд буй. Түүний эл эрс өөрчлөлтийн талаар ойр дотнынхон, танилууд нь янз бүрээр хүлээн авч байгаа ч Кэйтлин хэмээх шинэ нэр өөртөө оноосон Женнер “Би бол бүсгүй хүн. Ким Кардашианыг төрөхөд би зээгийнхээ өвөө биш эмээ нь байх болно” хэмээн мэдээлсээр буй.
Трансжендер бүсгүй Кэйтлин твиттерт шинэ нэрээрээ бүртгүүлсэн даруйдаа олны анхаарлыг татаж, дөрвөн цагийн дотор сая дагагчтай болсон нь шинэ дээд амжилт тогтоогоод буй аж.