Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн урлагт амьдралаа зориулсан 50 жилийн ойг нь тэмдэглэж, үе үеийн уран бүтээлчид хамтран тоглолт хийхээр болжээ. Дуурийн театрын гадаа хэдэн өдөр зогсож, найрал дууны багшийн хараанд өртсөнөөр урлагийн замд эргэлт буцалтгүй орсон энэ эрхэм 1964 оны дөрөвдүгээр сараас өдий хүртэл 5186 концерт хөтлөн тоглуулж, 196 уралдаан зохион байгуулснаар “Уралдаан Ухнаа” хэмээн нэрлүүлж яваа. Залуу, дунд, ахмад үеийн холбон гүүр болж, дуучдаа олон улсын уралдаан, тэмцээнд хөтлөн оролцуулдаг энэ эрхэм өчигдөр ч, өнөөдөр ч завгүй, үй түмэн ажилтай гүйж явна. Өглөө бүр 06.00 цагт босож 07.00 цагт ажлаа эхлүүлдэг ажил хэрэгч Д.Ухнаа гуайд зориулсан тоглолт зургадугаар сарын 5-нд Бөхийн өргөөнд болно. Тэрбээр энэ тоглолтоо хоёр жилийн өмнөөс төлөвлөж, жилийн өмнөөс хуанли, нэрийн хуудсаар дамжуулан 50 жилийн ойн тоглолтоо сурталчилж явсан юм билээ. Урлагийн бүх оддыг нэгэн тайзнаа нэгтгэж, 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд хүрэх эл тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж.