Авьяас удам дамждаг. Циркийн гал улаан манежинд ард түмнээ баясгаж, “Энэ олон замын хаагуур нь явах вэ? та минь ээ” хэмээн дуулж, сэтгэлд мөнхөрсөн алиалагч Т.Латиф агсны хоёр хүү өдгөө уран бүтээлч аавынхаа алдрыг сэвтээлгүй, нэрийг нь мөнхжүүлэхээр сан байгуулж, хүүхдийн “Хандгай” театр нээж амжилттай ажиллаж яваа. Бага хүү Л.Нурбулан нь аавынхаа мэргэжлийг өвлөж, алиалагч хийж байгаа бол ая зохиогч, дуучин Л.Байзадаг 1990-ээд оны залуус андахгүй танина.
Алиалагч Л.Нурбулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр соёлын тэргүүний ажилтан болж, хөгжөөн нэмдэг буянтай ажлынхаа үр шимийг хүртжээ. “Аз молл” дэлгүүрийн дэргэдэх театрын алиалагчаар ажиллаж байгаа түүнийг хөдөө орон нутгийн багачууд ч сайн таньдаг юм билээ. Жилдээ нэг удаа заавал орон нутгаар аялан тоглож, багачуудыг баярлуулдаг түүний тоглолтыг үзэхийг хүсвэл “Аз” гэр бүлийн ресторанд зочлоорой. Аавынхаа авьяасыг өвлөж, инээд хөөр бэлэглэх буянтай үйлсэд уран бүтээлээрээ хувь нэмэр оруулж яваа залуу жүжигчинд баяр хүргэж, амжилт хүсье.