“ УЛИРАЛ ба ЗОХИОЛЧ” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч , соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаатай цөөн хором хөөрөлдлөө.
-“Улирал ба зохиолч” сэтгүүл хоёр дахь жилдээ гарч эхэллээ. 2015 оны хаврын анхны дугаарт ямар шинэ бүтээлүүд багтсан бэ?
-Цаг хугацаа ч цахилах юмаа. Ноднин өдийгөөс өмнөхөн анхны дугаараа эх барьж авч байлаа. Одоо тэгтэл сэтгүүлийнхээ тав дахь дугаарыг уншигчдадаа хүргээд байна шүү дээ.
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн энэ дугаарт Д.Урианхай зохиолчийн “Цонхны цаанах нэг хачин хүн, цонхны наанах бас нэг хачин хүн” гэсэн маш сонирхолтой, онцгой содон өгүүллэг багтсан. Бас ардын уран зохиолч Т.Галсангийн “Хилийн овооны нууц” гэсэн цоо шинэ, адал сэдэл найраглал байна, мөн хүүхдийн зохиолч Д.Содномдоржоос Д.Гармаа гуайд бичсэн захидал болоод зохиолч С.Товуудоржийн тэмдэглэлийн дэвтрийн хуудас доторх Н.Нямдорж найрагчийн тухай тэмдэглэл ч бий. За тэгээд дээрээс нь эртний Хятадын сонгодог зохиолч Пү Сүнлины шидэт өгүүллэгүүдийг эндээс уншиж болно. Өөр ч олон сонирхолтой “юмс” бий, 180 хуудастай сэтгүүлийн бүх материалыг нэрлэж дуусна гэж үү.
-“Монгол туургатны яруу найраг” нэртэй булан хуудас байдаг байх аа?
-Тийм шүү. Энд монгол туургатан яруу найрагчдын шилдэг бүтээлээс тавьдаг юм. Өвөрмонгол, Буриад, Халимаг, Якут, Тува, Шинжаан-Уйгарын яруу найрагчдын шүлэг зохиолоос нийтэлдэг. Тэд ч бүтээлээ идэвхтэй ирүүлж байна. Энэ удаагийн дугаарт гэхэд л Якутын нэрт яруу найрагч Елина Коурсуннаах, Өвөрмонголын залуу яруу найрагчдын шүлгүүд багтсан.
-Танай сэтгүүлийн “ХӨӨРӨЛДӨӨН” булан надад төдийгүй зохиолчдод ихэд таалагддаг юм билээ.
-Юуны өмнө авьяаслаг орчуулагч дүү Г.Лхагвадуламдаа бид талархах ёстой юм. Би өөрөө ч “ХӨӨРӨЛДӨӨН”-өө дахин дахин унших дуртай. Аугаа улсууд гэдэг хэзээ ч аугаа аж. Тэдний үгс, үзэл санаа, уран зохиолын тухай бодролууд өнөөдөр ч үнэ цэнэтэй байгаа юм. Уг нь хагас зуун жилийн өмнө, зарим нь 10, 20 жилийн өмнө өгсөн ярилцлагууд шүү дээ. Өмнөх дугааруудад И.Бродский, Г.Маркес, Жан Пол Сартр, Пабло Нерудагийн янз бүрийн цаг үед, дэлхийн нэр хүндтэй сонин сэтгүүлд өгсөн ярилцлагууд орсон. Энэ дугаарт бол Владимир Набоковын ярилцлага орж байгаа. Тухайлбал, Набоков “Яруу найраг бол утгагүйтлийг утгажуулах нууц” гэсэн байгаа юм шүү дээ.
-Сэтгүүл 9 эрдэнийн хуудастай, алтан хуудас дээр нь гол төлөв зохиолчдын ойн тухай мэдээлэл гараад байна аа даа?
-Жил бүр зохиолчдын ой тохиодог. Энэ жил гэхэд л Д.Цэвэгмид агсны 100, агуу их Б.Ренчиний 110, С.Дашдооров, Н.Банзрагч нарын мэндэлсний 80 жилийн ой гээд л цувна даа. Бид хаврын дугаартаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч Д.Цэвэгмидийн намтар, түүний тухай дурсамжийг тавилаа. Одоо зуны дугаартаа нэрт эрдэмтэн, зохиолч Б.Ренчиний намтар, дурсамж, зохиол бүтээлээс оруулна даа. Дээрх хоёр эрдэмтдийн намтрыг л гэхэд манай уран зохиол оролддог залуус мэдэхгүй байна шүү дээ. Гунигтай яа, аман яриа, аар саархан сургийн хүрээнд л залуусын ойлголт мэдлэг эргэлддэг бололтой.
-“Маамуу нааш ир” гээд хүүхдийн уран зохиолын булан байна?
-Тийм ээ. Манай хүүхдийн уран зохиолын мундагчуудын зохиол бүтээл гардаг юм. Д.Давааням, С.Дашдондог, Д.Батжаргал, О.Сундуйгийн хүүхдийн шүлгүүд гарсан. Цаашдаа ч энэ булан байсаар байх болно.
-Зохиолчид уран бүтээлээ хэвлүүлэх шинэ индэртэй болсондоо баяртай байх шиг байсан. Ер нь уншигч захиалагчдын тоо өсөж байна уу?
-Өсөж байгаа шүү. Аймаг, нийслэлийн бүх номын сан захиалдаг болсон. Тэр ч байтугай хамт олноороо захиалан уншдаг оюунлаг хамт олон ч бий болж байна. Тухайлбал, бригадын генерал Б.Билэгт даргатай ШШГЕГ, төрийн шагналт эрдэмтэн Л.Хүрэлбаатар захиралтай “Монос” группийн хот, хөдөөгийн бүх салбарынхан, миний төрөлх нутаг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынхан гээд дэмжиж байгаа хүн олон шүү. Мөн хөдөөдөө уран бүтээлээ туурвидаг зохиолч, сэтгүүлч, яруу найрагчдыг нэрлэх ёстой. Жишээ нь, Ховдоос Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Хэнтийгээс Гансүрэн, Говьсүмбэрээс Батмэнд гээд нэрлэвэл урт жагсаал гарна даа.
Цаашид сэтгүүлийн редакцтайгаа байнга холбоотой байхыг хүссэн уран бүтээлчид uliral_zokhiolch@yahoo.com гэсэн и-мэйл хаягаар холбогдоорой гэдгийг уламжилъя. Бас захиалан уншиж, утга зохиолын төлөө хувь нэмрээ оруулаарай гэж далимд нь хэлээд авъя (инээв).
-Хаагуур хэрхэн захиалах вэ?
-Монгол шуудан компанийн хот хөдөөгийн аль ч салбараас захиалан уншиж болно. Мөн “Түгээмэл шуудан”, “Sky шуудан”, Улаанбаатар шуудан” -гаар захиалах боломжтой.