Өнгөрсөн жил төв талбайг эзлэн “эргэлдсэн” бүжигчид энэ жил ч бас “Венийн үдэш” цэнгүүнд нэгдэн энэ сарын 5-нд Чингисийн талбайд бүжихээр болжээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах эл арга хэмжээний үеэр мэргэжлийн бүжигчдийн тоглолтыг үзэж болохоос гадна хүссэн хүн бүр симфони найрал хөгжмийн аялгуунд вальс эргэж болох аж.
Венийн вальсын дэгийг монгол бүжигчдэд ойлгуулж, заахаар Австрийн бүжиг дэглээч Монголд ирсэн бол удирдаач Матиас Флезбергер, таван хөгжимчний хамт энэ арга хэмжээнд оролцож, монгол хөгжимчидтэй гар нийлэн тоглох аж. “Венийн үдэш” цэнгүүнд зориулан Улсын филармонийн симфони найрал хөгжим, ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ХБК-ийн оюутнууд, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын сурагчид нэгдэн 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй шинэ “оркестр” бүрдүүлж байгаа аж. Мөн энэ үдэш мэргэжлийн 100 хос бүжигчин венийн вальс хийх юм.
Цэнгүүний найруулагчаар “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол нэгдсэн оркестрыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайнхүү, Н.Бүтэнбаяр болон Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар удирдан тоглуулах аж.