Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр тохиодог юм.
Бурхан шашинтны байгууллагууд энэ өдрийг хамтран тэмдэглэх гэж байгаа бөгөөд Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ 04.00-19.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.
Бурхан багшийн их дүйчин өдрийг монголчууд гэгээрэл, бясалгал, нигүүсэл, өв соёлоо эрхэмлэх оюуны соёлын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.