“Мөрөөдлийн зүгт”, “Үнэнээс хол”, “Эзэнгүй бөгж”, “Долоон бурхан харвадаггүй”, “Улаан дөрвөлжин” зэрэг киноны зохиолыг бичиж, “Хүдэн” роман, кино бүтээсэн найруулагч Л.Таванбаяртай ярилцлаа.
-Таны найруулсан “Ноход” кино хэзээ нээлтээ хийх вэ?
-Кино урлагийн дээд сургуулийг 2010-2012 онд төгссөн залуус нийлж “Событ” нэртэй продакшн байгуулсан юм. Анхныхаа уран бүтээлд хамтрах санал тавьсны дагуу ерөнхий найруулагчаар нь ажиллаж байна. Зураг авалт, монтажаа дуусгаад, өнгө дуу, чимэглэлээ хийж байгаа. Энэ сарын 5-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Бичиж, найруулсан Таванбаяр гэж байгаа ч дүү нар ерөнхий санааг гаргаж, би зохиол хэлбэрт буулгасан юм.
-“Ноход” гэхээр найзуудын тухай кино болов уу гэж таамаглаж байна.
-Тийм ээ, хоёр үсгийг нь солиход нөхөд болж өөрчлөгдөж байна. Буруу зам руу хальтирсан, гэхдээ түүнийгээ мэддэг, үйлдлээ засаж залруулахын төлөө тэмцдэг дөрвөн найзын үерхлийг өгүүлэх адал явдалт, драмын төрлийн кино. Монгол дээрэмчидтэй, хүнд гаруудтай кино ямар байдгийг үзүүлье гэж зорьсон. Гэхдээ гадаадын кинон дээрх шиг мафийн зохион байгуулалтад орсон залуусын тухай биш. Би кино энгийн, ямар нэгэн хэтрүүлэг байх ёсгүй гэдэг зарчим баримталдаг.
-Энгийн бүхэн хамгийн гайхалтай гэж боддог гэж ойлгож болох уу?
-Миний багш “Энгийнээс энгийн бусыг, энгийн бусаас энгийнийг үзүүлж чадвал чи тодорхой түвшинд хүрсэн уран бүтээлч болно” гэж хэлдэг байсан.
-Та Б.Сумхүү найруулагчийн шавь гэсэн үү?
-Тийм ээ, багшаа Монголын кино урлагийн ноён оргилуудын нэг гэж хэлнэ. Монголд адал явдалт киноны төрлийг суурьтай хөгжүүлсэн хүн. Манай ангийнхан, багшийн үе, үеийн шавь нар энэ төрлөөр дагнах гэдэг. Нэрт зураглаач Цэрэн “Сумхүүгийн киног зөвхөн адал явдалт кино төдийхнөөр ойлгож болохгүй. Цаана нь маш том уянга нуугдаж байдаг” гэж хэлж байсан. Бид тэр зарчмыг л баримтлахыг хичээдэг. Багш “Урлагийг сурч болдоггүй, урлагт хайртай болохыг сурч болно. Кино хийх амархан. Кино урлаг хийх хэцүү” гэж хэлдэг байсныг байнга санаж явдаг.
-Та “Хүдэн” нэртэй роман бичиж, түүнийгээ кино болгосон. Зохиол бичих хийгээд түүнийгээ өөрөө найруулж кино болгохын онцлогийг хэлнэ үү?
-“Хүдэн” бол өмнө нь миний бичсэн гурван кино зохиолын нийлбэр. Нэгийг нь кино болгох гэж хөөцөлдсөөр, нөгөөг нь бусдын захиалгаар бичсэн ч эзэн нь аваагүй гэх мэт шалтгаанаар дэмий хадгалж байсан юм. Тэгээд ажиглах нь ээ, гурван зохиолынхоо дүрийг нэг цөмд зангидаж болохоор санагдсан. Өгүүллэгүүд нэлээд уншиж, бичиж харилцан яриагаар дүрийг зурах дадлага хийж, өөрийгөө шаналган үргэлжилсэн үгийн төрлийг судалж байж кино зохиол бичиж эхэлбэл надад давхар өгөөжтэй гэж бодож романаа эхлүүлсэн.
-Уг киноны гол дүр Гарьд “Хүн шиг сайхан амьдрах” талаар ярьдаг. Таныхаар ямар амьдралыг хүн шиг сайхан гэх вэ?
-Хүний дайтай явахыг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлах биз. Хаашаа л алхана мөнгө хэрэг болсон цагт бусдын адил унах унаатай, хэтэвч зузаан байхыг мэдээж бүгд хүснэ. Ядаж хүүхэд өвдлөө гэхэд эмнэлэгт хүргэх таксины мөнгөтэй байх хэрэгтэй. Мөнгөний асуудалд санаа зоволгүй, ар гэрээ тайван орхиж байж уран бүтээлч төвлөрнө. Хүсэл зорилго, мөрөөдөлтэй байвал хүн шиг амьдарч байна гэж ойлгодог. Энэ киноны Гарьд мөрөөдөл, хүсэлгүй, юунд хүрэхээр зорьж байгаагаа ч мэддэггүй хүн. Зорьсон зорилготой амьдрах шиг гайхамшиг байхгүйг түүний дүрээр дамжуулж миний дотоод ертөнцөөс дуугарсан байх.
-Саяхан гадаадын нэгэн зохиолчтой ярилцахад “Авьяас бол бурхны бидэнд өгсөн даалгавар” гэсэн. Та энэ хорвоод ямар даалгавартай ирсэн гэж бодож байна вэ?
-“Уран бүтээлч гэдэг мэргэжил биш, хувь тавилан” гэж найруулагч С.Бямба ахын хэлсэн сайхан үг бий. Халаасны хулгайч байгаад засарсан хүний тухай киног хулгайч үзээд гэнэт засарчихгүй, дотор нь зурвас үлдэнэ. Би гурван хүүтэй. Тэд том болсон хойноо “Аав зөв замаар явжээ. Алдаж эндсэн ч, үр удмынхаа төлөө хүнд хар буруу саналгүй зөвөөр амьдарсан юм байна” гэх гаргалгааг олж хараасай гэж хичээж байна. Надаас үлгэр жишээ авсан хүүхдүүд минь эргээд хойч үеийнхэндээ үлгэрлэж, Таванбаярын гэх үр үндэс хар буруу санаагүй, гэгээн амьдраасай гэж хүсэж амьдарч байна. Тиймээс л би үргэлжлэлийнхээ явах замыг гэгээтэй байлгахын тулд эхлэлийг нь тавьж, зүтгэх ёстой. Өөрийн замыг уран бүтээлээрээ засах ёстой.
-Та зохиол бичиж, найруулж, заримдаа кинонд туслах дүрд тоглодог. Аль алиныг нь сайн хийх боломж бий юү?
-Сайн хийхийг хичээх ёстой. Хүн өөрийгөө сорих нь зүйн хэрэг. Гэхдээ юм, юманд салбагана гэсэн үг биш. Тухайлбал, хөгжмийн зохиол бичнэ гэдэг надаас хол шүү дээ. Өөрөө жүжигчдэд зөвлөгөө өгдөг, найруулагчийн мэргэжлээр төгссөн учир киноны зарим хэсэгт тоглочихдог. Зохиол бичихдээ дүрүүдээ өөрөө санаандаа ургуулж бичдэг учир тоглоход ойрхон. Яс яривал эд хоорондоо уялдаатай, төстэй. Гэхдээ өөрийгөө мундаг жүжигчин, найруулагч гэж боддоггүй. Монгол кино зохиол байхаа больчих гээд байгаа энэ үед мэргэжлийн зохиолтой байлгах гэж миний үе тэнгийнхэн, ах, дүү нар хамт зүтгэж яваа. Удахгүй хулгайн зохиол гэх ойлголт Монголд алга болох байх гэж найдаж байна.
-Тэгвэл энэ гурвын аль нь киноны амин сүнс вэ?
-Салгаж болохгүй. Нүүр будагч, дууны найруулагчгүй кино байхгүй. Тухайлбал, Монголын кино уран бүтээлчдэд үйлчилдэг микро автобусны цөөхөн хэдэн жолооч бий. Зургийн багийнхныг төлөвлөсөн газарт нь цагт нь хүргэж өгөхийн тулд аль замаар явбал түгжрэлгүй, дөтөлж очихыг мэддэг жолооч хүртэл бидэнд чухал гэсэн үг. Киночид гэдэгт продюсерээс эхлээд бидний хийснийг хулгайгаар ч болтугай үзэгчдэд хүргэдэг хүмүүс хүртэл багтдаг гэж манайхан хошигнодог юм.
-“Улаан дөрвөлжин” кинонд сэтгэл мэдрэлийн эмнэлгийнхнээр төлөөлүүлж Монголын нийгмийн хайрцаглагдсан байдлыг харуулахыг зорьсон. Зохиолыг нь бичихэд хүнд байв уу?
-Ерөнхий санааг Д.Золзаяа эгч гарган, 20 гаруй хуудас үргэлжилсэн үг хэлбэрээр бичсэн байсан. Түүнийг кино зохиол хэлбэрт оруулж, хоёул долоо хоногийн үйл явдлыг хувааж бичээд хооронд нь орооцолдуулсан. Номын, архины, урлагийн цагаан солиотон гээд олон дүр бий. Тэдний тухай сайн мэдэхгүй, тиймэрхүү сэдэв надаас хол болохоор ойлгож, мэдэрч буулгахын тулд их ажилласан. Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тухай л харуулсан мэт боловч бидний л нийгэм. Яг үнэнийг хэлэхэд сайхан амьдарч яваа зарим мундаг хүмүүс сэтгэцийн өвчтөнөөс ялгаагүй. Жишээлбэл, хэтэвчээ даллангуут мөнгө орж ирнэ гэдэг ямар ч эрүүл ухаанаар бодсон боломжгүй. Тийм зүйл орос үлгэрт л гардаг байх. “Улаан дөрвөлжин”-д яг үүнийг шүүмжилсэн шигтгээ дүр ч бий. Би урлагийн цагаан солиотны дүрд тоглосон. Авах юмгүй дуулдаг хэрнээ нэг мэдэхэд жүжиглээд л, юу хийж бүтээсэн нь мэдэгдэхгүй, нийгэмд ямар ч сайн сайхан, өгөөжгүй хүмүүсийг эл дүрээр илэрхийлсэн.
-“Сэтгэлийн таашаал эдлэх гэсэн биш стресстчихлээ” гэж энэ киног үзсэн хүн ярихыг сонсож байсан. Олонхийн сэтгэлгээнд тааруулангаа сайн кино хийх боломж бий юү?
-Бид өөрсдөө олонх. Арт хаус, андерграунд гэдэг бол киноны хийц, хэлбэрийн ангилал болохоос биш, ухаантай хүмүүс л үздэг төрөл гэж буруу ойлгож болохгүй.
-Гэхдээ олонх үзэгч сэтгэхүйгээ хэт ажиллуулсан, далд утгатай киноноос илүү үйл явдал нь ойлгомжтой кинонд дуртай биш үү?
-Массын сэтгэлгээ гэдэг үзэгчдийг доромжилсон тодорхойлолт. Хүмүүс тухайн киног сонирхохгүй байгаа нь уран бүтээлчид бид ойлгуулж хүргэж чадахгүй байгаагийн шинж. Би “Хүдэн”-г учиргүй арт хаус сэтгэлгээний кино гэж бодож хийгээгүй. Олон хүн үзээгүй болохоор арт хаус гэсэн ойлголттой болсон үзэгч мэр сэр байсан. Үнэндээ тэр кинонд санаануудаа маш ойлгомжтой тусгасан, толгой эргүүлэх юм байгаагүй. Зүгээр л би маркетингээ муу хийсэн. Бусаны кино наадмаас шагнал авсан “Алсын удирдлага”-ыг этгээд, сонин, арт хаус гээд л яриад байсан. Тэгтэл “Тэнгис” кино театрынхан долоо хоногийн маркетинг нь хийхэд нэг удаагийн үзвэрийг нь долоохон хүн үзсэн тохиолдол байсан гэсэн.
-Тааруухан зохиолчоос сайн уншигч байсан нь дээр гэдэг. Гэтэл зохиол бичихээс таашаал авдаг, зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс ч бий. Энэ тал дээр бодлоо хуваалцана уу?
-Энэ олон ном ямар хэрэгтэй юм бэ гэж нэг хэсэг бодож, миний роман хүртэл хэрэгтэй хэрэггүй дотор цохиж яваа ч юм бил үү гэх эргэлзээ төрсөн. Хүн хүссэнээрээ амьдрах эрхтэй хойно дуртайгаа л хийг. Гэхдээ мөнгө хэт их хөөсөн, утга агуулга нь авах юмгүй номнууд зарагдаад байхаар жинхэнэ бүтээл дарагддаг тал бий. Гол нь хүмүүсийг анхнаас нь сонгодог зохиол уншуулж сургахгүй яасан юм бэ. Би Достоевский, Толстойн зохиол уншиж байгаагүй. Тэгэхдээ “Шадар гурван цэрэг”, тархи угаасан гэгддэг Шолоховын “Дөлгөөн Дон”-г нөгөө талаас нь уншихад миний амьдралд өгөөжөө өгсөн. Би олонх биш гээд ойлгохгүй, толгой нь хүрэхгүй байж эвшээн эвшээн байж заавал зузаан роман унших албагүй. “Олон ном уншвал хордлого тусна шүү” гэж Баабар ахын хэлсэн үг байдаг.
-Кинонд царайлаг хүнийг гол, нүдэнд хүйтэн, тарганыг нь эсрэг болон туслах дүрд тоглуулдаг шиг санагддаг. Ингэснээр хүн бүр царайлаг байх албатай мэт, бусдыг бодит байдлаас өөрөөр дүгнэх гэх мэтээр үзэгчдэд сөргөөр нөлөөлөхгүй юү?
-Хүй нэгдлийн үед омог отгийн хамгийн хурдан гавшгай, хүчтэй, хоол олж ирэх чадвартай залууг эмэгтэйчүүд сонгодог, эрчүүдийн шунал сэрлийг хамгийн их хөдөлгөсөн хүүхнийг эрэгтэйчүүд нь мах өгч татах зэргээр өөрийн болгодог, хүн төрөлхтөн анхнаасаа л гадаад үзэмжийн хэмжүүр тогтоосон байж. Би царай муутай хэрнээ гоо бүсгүй харах дуртай. Би царай муутай учир заавал царай муутай хүнийг таашаана гэх утгагүй. Үзэгчид сайхан юм үзэж, түүнийгээ дагаад сэтгэл нь ариусдаг байх. Оросууд тарган хүний, настнуудын хайр дурлалыг үнэхээр хайр хүрмээр харуулсан кино хийж чаддаг. Уран бүтээлчид өөрсдөө үзэгчдийн өмнө алхах ёстой байтал ахмадуудын амьдралыг харуулсан киног хүн үзэхгүй байх гэсэн айдсаас болж хөөрхөн хүүхэн, залуугийн тухай кино хийдэг. Настнуудын дунд ч бас хайр байдаг шүү дээ, аав, ээжийгээ ойлгооч гэх утгаар дуугарч хийвэл үзэж л таараа. Бид л хийж чадахгүй байгаад учир бий.
Б.ДӨЛГӨӨН