“Их театрын цахлай. Дэлхийн цагаан хун. ХХ зууны гарамгай балетчин. Гарамгай Кармен”. Агуу бүжигчин Майя Плисецкаягийн чадварын талаар Орос болон дэлхийн хэвлэлүүдэд ийнхүү бичиж байлаа. Гэхдээ ийм хэдхэн үгээр түүнийг илэрхийлэх боломжгүй. Тэр бол сонгодог урлагийн төлөө заяагдсан, бурхны элч байсан. ЗХУ задран унаснаас хойш тэрбээр нөхөр Родион Щедриний хамт Германд амьдарч байгаад өнгөрсөн тавдугаар сарын 2-нд 90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
М.Плисецкая ид мандаж байхдаа ч, нас ахисан үедээ ч хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалздаг байжээ. Дэлхийн сонгодог урлагт өөрийн бүжиглэх дэгийг бий болгож, хүлээн зөвшөөрүүлж чадсан гарамгай балетчин тэрбээр болж бүтэхгүй байгааг илэн далангүй хэлж, Зөвлөлтийн үед урлагийг журамлаж, үзэл суртал болгож байсныг ил цагаан хэлчихдэг зоригтой нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч Майяг нугачин дарах, гутаан доромжлох, дуугүй байлгахыг Зөвлөлтийн үеийн зарим мунхаг дарга хүсдэг байжээ.
Ийм нэгэн агуу бүжигчин эмэгтэйн өгсөн цөөхөн ярилцлагын нэгийг хүргэе. “Комсомольская правда”-гийн тусгай сурвалжлагч түүнд олон удаа хүсэлт тавьж, удаан хугацаанд “зууралдсаны” эцэст ярилцлага авсан нь өдгөө “КП”-гийн архивт хадгалагдаж буй аж.
-Майя Михайловна, орчин үеийн балет гэсэн ойлголт бий болсон. Таны хувьд үүнийг юу гэж үздэг вэ. Та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Орчин үеийн балет гэхээр өнөө цагийнх гэсэн үг байх. Сонгодог буюу хуучны балетын гүйцэтгэл, хэлбэр гэдэг их өөр зүйл шүү дээ. Өөр гоо зүй, өөр шаардлага, тэр бүү хэл, гадаад байдлаараа ч ялгаатай. Хуучны балет бол байгалийн үзэгдэл шиг тодорхойгүй. Жишээ нь, би “Хунт нуур”-т 15 удаа бүжиглэлээ гэж бодъё. Гараа бүрт өөр өөр байж, давтан сурсаар байдаг. Бусад бүжигчид ч ялгаагүй. Харин ганцхан нэгдмэл юм нь юу гэхээр, аль ч цагт, үе үеийн балетчдын уран бүтээл байсаар байх болно, энэ бүтээл.
-Ер нь балет гэж юу юм бэ. Ур чадвар уу. Эсвэл ур чадвар дээр нэмэх нь авьяас уу. Мэргэжлийн болон сонирхогчийн сургалтаар хүнийг жинхэнэ балетчин болгож чадах уу?
-Балет бол мэргэжил. Төгөлдөр хуур, хийл, бүрээгээр зохиомжтой, удирдаачтайгаар хөгжим амилуулдаг шиг, бас цирк шиг урлагийн мэргэжил юм. Мэргэжлийн бүжигчин хүн энэ урлагийн төлөө амьдралаа зориулж, зольдог.
-Та нөхрийнхөө хамт сан байгуулсан. Яах гэж, нэрэмжит сан байсан, байгаагүй та хоёр хангалттай нэр хүндтэй, алдартай шүү дээ.
-Энэ бол алдар нэр олох гэсэн ажил биш. Бид өөрсдийн нэрэмжит сангаараа дамжуулан залуу хөгжимчин, жүжигчдийг дэмжиж, сурталчлахыг хүссэн.
-Та хоёрын хамтын амьдралд хэн нь тэргүүлдэг бол. Нэгдүгээрт Плисецкая бичигдэх үү, эсвэл Щедрин үү?
-Бид хоёулаа л нэг, хоёрдугаарт бичигдэнэ. Бид ардчилсан зарчимтай улс.
-“Би Майя Плисецкая” номондоо та уур хилэн, гомдол цөхрөлийн тухай огт дуугараагүй байна лээ. Гэтэл таныг хүмүүс үнэндээ их гомдоосон шүү дээ. Ямар ч гэмгүй явсан танд ял тулгасан явдал ч бий. Гэтэл та яагаад гомдохгүй байгаа юм бэ?
-Би тантай санал нийлэхгүй байна. Би шударга хүн. Номонд минь өөр хүмүүсийн бичсэн зүйл хангалттай орсон. Намайг хэвлэлээр гүтгэж, доромжлох юм бол би тухайн редакц руу бичгээр хүсэлтээ илгээгээд хариулт авдаг. Ер нь ийм арга тун тустай байдаг юм.
-Таны талаар зөндөө л зүйл бичсэн. Тэр дунд гомдоож, шархлуулсан нь бий шүү дээ. Тэр талаар яагаад дуугараагүйг тань гайхаад л?
-Миний тухай бичсэн тэр бүгд худлаа зүйл учраас хариу дуугарч яах юм.
-Майя Михайловна, бид XXI зууны эхний арван хэдэн жилийг ардаа үлдээжээ. Шинэ эриний эхлэл танд ямар санагдаж байна вэ?
-Сүүлийн 13 жилийн турш би эрх чөлөөтэй, сонирхолтой аялал, уулзалтаар дүүрэн он жилүүдийг мэдэрсэн. Горбачевын үед Их театраас явсны дараа Родион бид хоёр талхны мөнгөө олох хэрэгтэй болсон. Тэгээд бид ярилцаж, тохироод нөхөр маань хөгжмөө бичиж, би олон улсад зохион байгуулдаг янз бүрийн жүжиг, арга хэмжээнүүдэд оролцох болсон. Өдгөө ч энэ л янзаараа ажиллаж, амьдарч байна. Бид их завгүй. Өнгөрсөн жил гэхэд ажлын шаардлагаар 44 удаа галт тэргээр зорчжээ. Тэр хэрээр амьдрал минь сонирхолтой өнгөрч, бас эдийн засагт дэмтэй, хэдийгээр жаахан ядардаг ч гэсэн. Шинэ эрин бид бүгдэд олон янзын өнгө будагтай байсан нь лавтай. Орос оронд өрнөсөн өөрчлөн байгуулалт оросуудад эрх чөлөө олгож, шинээр амьдрах боломж нээсэн. Ямар ч байсан нуруунаас асар их ачаа хөнгөлсөн. Гэхдээ өнгөрсөн зууны сүүлийн 10 жилд дорвитой өөрчлөлт мэдэгдээгүй. Одоо ч гэсэн Орост хэн өөртөө итгэлтэй, аюулгүй, амгалан амьдарч чадаж байна вэ, би л лав мэдэхгүй.
-Оросуудыг арай л гутранги үзлээр хараад байна уу даа?
-Би хэзээ ч гутранги бас дэврүүн байгаагүй. Би аливаад бодитой ханддаг хүн. 2010 оны өвөл Москвагийн Манежийн талбайд болсон явдал танд аймаар байгаагүй гэж үү? Хэрэв хүмүүс сайхан амьдарч байсан бол юу гэж тийм бослого гаргах юм бэ. Үймээн гарах гол шалтгаан нь дулимаг дутуу амьдрал байсан шүү дээ. Бусад нь дагавар асуудал. Орост хүмүүсийн амьдрал хүнд хэцүү байна. Өмнө нь ч тийм л байсан. Миний эцгийг (Түүний аав Михаил Плисецкий дипломат хүн байсан бөгөөд хэлмэгдсэн) 1938 онд хилс хэргээр баривчлан, буудсан. Итгэж найдаж, зүтгэж байсан нийгмийнхээ золиос болсон. Цаг хугацаа хэдэн арваараа улиран өнгөрсөн ч, нийгэм ба хүний харилцаа өөрчлөгдөхгүй л байна шүү дээ.
-Та түрүүн сүүлийн 13 жилд их аз жаргалтай байгаагаа ярьсан. Тэгвэл бага нас, ид мандаж байсан гялалзсан он жилүүдэд та аз жаргалыг дутуу мэдэрч байсан хэрэг үү?
-Би В.И.Ленин өнгөрдгийн дараа жил төрсөн. Сталин нас бардаг жил би 27 настай байсан. Энэ бол балетчны хувьд тийм ч залуу нас биш. Мэргэжлээрээ ажиллах цаг хугацааны дийлэнх нь ард хоцорсон үе. Тэгээд Брежнев, дараа нь Горбачевын эринд амьдарсан. Тэр цаг үеүдэд урам хугарсан гашуун явдал олон тохиолдсон. Тиймээс би өөрийгөө Оросын удирдагчдын “хаанчлалын” үеүдэд амьдарсан хүн гэж боддог.
-Тэгэхээр Родион Щедрин та хоёр Хрущевийн ноёрхлын эринд танилцжээ дээ?
-Тэр бол амьдралын минь хамгийн чухал үе байсан. Биднийг Лиля Брик танилцуулснаас хойш хамтдаа 52 жилийг үджээ.
-Эргээд дурсахад, өнгөрсөн хугацаанд төр засгийг удирдаж байсан бүх “хааны” үед та тайзыг эзэгнэн, үзэгчдийг захирч байсан. Тэр үед аз жаргалтай байгаагүй гэж үү?
-Амьдралд урам хугарсан үе зөндөө байсан. Гэхдээ балетчин болсондоо би хэзээ ч харамсаж байгаагүй. Харин ч мэргэжил минь надад урам өгдөг байлаа. Би үргэлж үзэгчдийн төлөө бүжиглэж ирсэн. Тайзнаас бууснаас хойш би нэг ч удаа бүжиглээгүй. Өөрөө өөртөө бүжиглэнэ гэдэг огт төсөөлөгдөхгүй зүйл юм билээ. Үзэгчид намайг үргэлж чин сэтгэлээр хүлээн авдаг байсан. Тийм ч учраас би өдий урт насалж байгаа биз. Нэг удаа Варшавт тоглолттой үед төрсөн өдөр минь таарсан юм. Тоглолт тарсны дараа 2000 гаруй үзэгч надад зориулан дуулсан. Мөн нэг удаа Парист төрсөн өдрөөр минь 23.00 цагт Эйфелийн цамхгийг бүхлээр нь гэрэлтүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тоглолт тараад, театраас гартал яг л өглөө мэт гэрэлтэй байна. Францчууд шуугилдаад л ийш тийш гүйлдээд л. Тэр үед цамхгийн цахилгааныг 22.00 цагт унтраадаг байсан юм билээ. Тэгтэл надад зориулаад алдартай цамхгийг гэрэлтүүлсэн. Сэтгэл хөдлөөд нулимсаа барьж дийлээгүй шүү. Бодоод үз дээ, хууль журмаа чандлан сахидаг францчууд шөнө дөлөөр Эйфелийн бүх гэрлийг асаасан гэхээр уйлахгүй байх аргагүй. Миний амьдралын зорилго бүжиглэх байсан. Би бүжиглэсэн. Би хэзээ ч залхуурч, хойш сууж байгаагүй.
-Балетад хөгжим, хөдөлгөөн хоёрын аль нь илүү чухал вэ?
-Хөгжим бол мэдрэмжийг сэргээдэг. Ингээд бодохоор чухал нь хөгжим мэт. Гэтэл үүнийг ойлгохгүй бүжигчин, дэглээч олон байна. Хөгжмөөс гадна балетад удирдаач маш чухал үүрэгтэй. Дохиуртай тэр нэгэн хүнээс их зүйл хамаардаг. Удирдаач тийм чухал хүн байдгийг би өөрийн биеэр мэдэрч байсан юм. Хэрэв удирдаачийн дохиурыг гүйцэхгүй бол тэр хүн гэртээ харьсан нь дээр.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ