Уурлаж буй хүний зүрхний цохилт хурдсаж, цусны даралт нэмэгддэг бөгөөд стрессийн даавар ялгаруулах кортизолын сувгийг нээдэг байна. Энэ нь тамхи татах, архи уух тохиолдолд бие физиологид гардаг өөрчлөлттэй ч адилхан юм. Байнгын хэрүүл, маргаантай тулгардаг хүмүүсийн хувьд эсийн нөхөн төлжилт ихээр удааширч, бие махбодын эрүүл мэнд аюулд хүрдэг.Уурлаж байгаа хүний биеийн булчин чангарч, цусны даралт нэмэгдсэнээр бүх бие нь улайдаг. Ингэж уурлаж бухимдсан хүн хэвийн байдалдаа ороход урт хугацаа шаардагдана. Энэ нь артрит (үе мөчний үрэвсэл), чихрийн шижин, зүрхний эмгэг үүсгэх суурь хүчин зүйл болдог байна. Та иог, бясалгал хийж мөн эрүүл хоол хүнс хэрэглэснээр уур бухимдал хийгээд түүний үр дагавраас зайлсхийх боломжтой ч гарцаагүй тохиолдолд сэтгэл хөдлөлөө барьж асуудлыг зөв аргаар шийдвэрлэж сурснаар уур бухимдлаа богино хугацаанд шийдэх сэтгэлзүйн ур чадвартай болох юм. Орчин үед үүнийг софт скилл буюу ямар ч хүнд байх ёстой харилцааны ур чадвар хэмээн үздэг ажээ.
Иймд сэтгэл хөдлөлийн ямар тохиолдолд яаж өөртэйгөө ажиллах талаар мэдээлэл хүргэхээр шийдлээ. Зарим нь хэлэхэд илүүц, ойлгомжтой зүйл мэт санагдаж болох ч бидний ихэнх нь илэрхий өөрчлөлтүүдээ тоохгүй явсаар даамжруулдагийг анхаарах хэрэгтэй.
Уур бухимдлаа хянах, өөрийгөө тайвшруулах арга хүн бүрт харилцан адилгүй. Харамсалтай нь уур бухимдал ба санаа зовнилыг шийдэх сэтгэлзүйн төрөлхийн буюу хамгаалах механизмын хүн өөрөө ч мэдээгүй байхад нь бие физиологийг гэмтээдэг байна. Тухайлбал, уурлаж сэтгэлээр унасан үедээ юм идэж байж тайвширдаг дадал нь хүний ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтэн системд сөрөг нөлөө үзүүлж ходоодны шархлаа, түгжрэл, гэдэсний хямрал зэрэг сөрөг үр дагавруудад хүргэдэг байна.
№1. Уур бухимдал гэж юу байдгийг ойлгох хэрэгтэй. Ч. Дарвины тодорхойлсноор бусад амьтдын адилаар дайсныхаа эсрэг хариу арга хэмжээ авахаар бэлдэж буй физиологийн өөрчлөлт юм. Энэ нь хүнд байгалиас заяасан амьд үлдэх чадвар боловч соёлт нийгэмд үүнийг “зөв” залуурдах шаардлагатай. Иймд биеийн эрхтэн бүр тодорхой үүрэгтэй ажилладаг шиг сэтгэл хөдлөлийн нэг хэсэг болох уур бухимдлыг үгүй хийх биш харин хяналтандаа авах, удирдан зохицуулах талаар л энд дурьдаж байгаа хэрэг.
№2. Гэнэт уцаарласан үедээ энгийн аргуудыг туршаад үзээрэй. Жишээ нь, таагүй нөлөө, дайсныхаа эсрэг хариу арга хэмжээ авах тэр агшинд өөрийгөө бага багаар дасгалжуулж сүүлдээ хүмүүсийн дайралтыг тоохгүй болтол төлөв даруу байхад суралцах хэрэгтэй. Үүний тулд тоо тоолох, ном унших, амьсгалын дасгал хийх, "Би тайван байна" гэж өөртөө хэлэх, сайхан дурсамжуудаа төсөөлөх, алдартай хүмүүсийн эшлэлүүдийг уншиж тогтоох хэрэгтэй.
№3. Бодол санаандаа анализ хийх. Жишээ нь, хэзээ ч эсвэл байнга, дандаа гэх үгсийг ашиглахгүй байвал сайн. Өөртөө болон бусдад хэзээ ч тийм зүйл байдаггүй, би ийм л хүн гэх зэргээр амлалт өгч, ямарваа нэгэн чухал мэдэгдэл хийснээр ёстой л "Өөдөө хаясан чулуу өөрийн толгойн дээр" гэгч нь болдог. Ингэсэнээр өөрийгөө зөвтгөхийн тулд бусадтай маргалдаж бухимдах шалтгааныг үүсгэдэг байна. Дашрамд дурьдахад, сонгодогч сэтгэл судлаач К.Хорни "ёстой" гэж ярьдаг хүмүүсийг асар их сэтгэлийн зовиуртай байдаг гэж тайлбарласан байдаг.
№4. Хэнээс ч, юуг ч бүү хүлээ. Уур бухимдал нь зөрчлөөс үүдэлтэй ба бусдаас шаардсан, хүссэн, хүлээсэн зүйлс маань бидэнд ирэхгүй болохоор урам хугардаг. Өөрийн буруутай энэ үйлдлийг бидний оюун ухаан бусдыг буруутгах байдлаар хэн нэгнийг эрэн хайх ба бусдыг зэвүүцэх ямар нэгэн шалтаг бодож олдог. Логиктой байж чадвал бухимдлын шалтгаан нь та өөрөө байдагийг ойлгох болно.
№5. Сарказм. Уур бухимдлаас зайлсхийх өөр нэг арга бол хошигнох, хөгжилтэй байх юм. Хүсвэл хошин мэдрэмжээ хөгжүүлж ч болдог. Тэгсэнээр өөртөө ирэх дайралтыг ч, бусдыг ч тайвшруулж болдог. Мөн хошин мэдрэмжтэй хүмүүсийн IQ ихэвчлэн өндөр байдаг.
№6.Уурласан үедээ шууд унтаж болохгүй. Неврологийн нэгэн судалгаанд өгүүлснээр хүний унтаж байхад ой санамжийг хадгалагддагаас гадна унтахаасаа өмнө уурлаж бухимдсан бол тэр үедээ үүссэн мэдрэмж хадгалагддаг бөгөөд энэ нь маргааш өдрийн сэтгэл санааг тэр чигт нь тодорхойлдог байна. Тиймээс та уурласан үедээ шууд унтахаас татгалзажсэтгэл хөдлөлөө сайтар хянаж, тайвширсныхаа дараа унтаж бие организмаа амраах хэрэгтэй юм.
№7.Хэзээ ч жолоо барьж болохгүй. Хэт уурлаж бухимдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь хамгийн аюултай, хамгийн аюултай үйлдэл юм.Ууртай үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нар осолд өртөх нь олонтаа тохиоддог. Энэ үед хүн өөрийрөө хурдтай давхиж байгаагаа хараахан ухамсарлах боломжгүй бөгөөд анхаарал сарниж орчноо мэдрэх чадвараа алддаг учраас зам тээврийн осол гаргах нь их байдаг. Иймд та уурласан үедээ аль болох машин барихаас татгалзаж, өөрийгөө болон бусдыг гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй.
№8.Уураа шууд гаргах хэрэггүй. Бусдад ярьж сэтгэлээ онгойлгох нь нэг талаараа оновчтой арга байж болох ч бас нөгөө талаараа муу үр дагавартай. Үнэн хэрэгтээбусдын бухимдлыг 5 минут сонсоход л хүн өөрөө бухимдаж, уурлаж эхэлдэг юм.
№9.Юм идэж тайвшрах нь хамгийн буруу. Ууртай үедээ хүмүүс хоол идэхдээ буруу сонголт хийж, эрүүл бус хооллох нь элбэг байдаг. Хүмүүс уурласан үедээ хэзээ ч амин дэмтэй хоол хүнс хэрэглэдэггүй, тэд хамгийн илчлэг ихтэй, давс, элсэн чихэр, нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн сонгодог тул хүний ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдаж хямарч эхэлдэг. Иймд тухайн үед идсэн хоол хүний биед муу шингэж, зарим тохиолдолд гэдэсний түгжрэл ч үүсэх аюултай.
№10.Маргааныхаа тухай фейсбүүктээ бичих хэрэггүй. Хэрвээ та ямар нэгэн байдлаар уурласан, бухимдсан бол өөртөө үүссэн бугширсан мэдрэмжээ фейсбүүк, твиттер болон бусад олон нийтийн сүлжээгээрхэдэн зуу, мянган хүнд зарлахгүй байхыг хичээ."Ам алдвал барьж болдоггүй, алт алдвал барьж болдог" гэдэг. Нэгэнт л олон нийтэд зарлагдсан зүйлийг буцааж чадахгүй тул өөрийгөө хий дэмий байдалд оруулахын нэмэр.
Зөвлөмж: Юун түрүүнд санаа зовоож буй гол асуудлаа олж мэдэх нь хамгийн чухал юм. Ингэсэнээр ямар асуудлаас, яаж гарах нь илүү ойлгомжтой болох ба ямар ч хүний зөвлөгөөнөөс илүү таны шийдэл илүү үр дүнтэй байх болно. Нэгдүгээрт, зүгээр суусан ч уур, бухимдал ба уцаарласан мэдрэмж арилдаггүй харин ч гутранги бодол төрдөг. Аль болох завгүй байж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, бие махбодын хувьд дасгал, эрчимтэй хөдөлгөөн хийснээр уур бухимдлаас үүдэлтэй чангарсан булчинг султгаж амралт өгдөг, нөгөөтэйгүүр эндорфин буюу аз жаргалын дааврыг ялгаруулснаар сэтгэл зовнил багасна.
Л. Энхтүшиг