Монгол цэргийн музейд "Монгол цэрэг Энхийн үйлсэд" шинэ үзмэрийн танхим нээлээ. ЗХЖШ эл танхимыг энэ сарын 28-нд нээсэн бөгөөд өнөөдөр үзмэрийнхээ анхны үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Өдгөө ч Монгол цэрэг дэлхийн тавцанд үүргээ нэр төртэй биелүүлж явааг харуулсан ”МОНГОЛ ЦЭРЭГ ЭНХИЙН ҮЙЛСЭД” үзвэрийн хэсгээс Монгол улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс тавигдсан, анхны цэргийн ажиглагч офицер илгээсэн тухай, “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, Афганистан, Косово, Конго, Чад, ТАБНУ, Баруун Сахар, Сьерра-Леон, Судан улсад монгол цэрэг дэлхийн халуун цэгт энх тайвныг сахиулах үйл хэрэгт ямар хариуцлагатайгаар үүргээ амжилттай гүйцэтгэж эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваа тухай өгүүлэх гэрэл зураг, баримт материал, эд хэрэглэл, цэргийн дүрэмт хувцас, агсамж хэрэглэл зэрэг 200 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйлийг үзэж сонирхох болно.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын АУГ-ын дарга хурандаа н.Ганзориг, ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга Ц.Батсайхан, ЗХЖШ-ын АУГ-ын ЭДАХ-ийн дарга дэд хурандаа н.Эрдэнэбат, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Хаш-Эрдэнэ, Хурандаа Түмэндэмбэрэл захирагчтай ЗХ-ний 084, хурандаа Гансэлэм захирагчтай 311, хурандаа Мөнхбаяр захирагчтай 353, дэд хурандаа Болдбаатар 150 дугаар ангиудын бие бүрэлдэхүүний төлөөлөл хүрэлцэн ирж, баяр хүргэн, энхийг сахиулагчдын үүх түүхийг өгүүлэх үзүүллэгтэй болсонд талархал илэрхийлж байлаа.
Нээлтийн ажиллагааны үеэр Суданы 3 дугаар ээлжийн батальоны тугийг тус багийг ахалж явсан ЗХЖШ-ын АУГ-ын ЭДАХ-ийн дарга дэд хурандаа н.Эрдэнэбат, мөн ОХУ-д Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын жагсаалд оролцсон бүрэлдэхүүний дурсгалын зургийг ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Хаш-Эрдэнэ нар музейн сан хөмрөгийг баяжуулан дурсгалаа.