Египетийн нийслэл Кайраас холгүй Гизад орших гурван сац суваргын нэг Хефрений өмнө Сфинкс хэмээх гайхалтай нэгэн баримал бий. Хүн толгойтой, арслан биетэй, 20 метр өндөр, 72 метр урт энэхүү чулуун баримал Хефрений пирамидтай цуг сүндэрлэсэн гэх ч энэ талаар түүхэн сурвалжуудад огт дурдаагүй байдаг нь сонин. Пирамидуудыг барьсан тухайгаа бичиж үлдээчихээд “манаач” Сфинксийн талаар яагаад ус балгасан мэт дуугүй байсан юм бол. Энэ баримал хэдэн мянганы туршид хэлээ хазсан хэвээр байдгийн учир нь юу юм бол. МЭӨ V зууны үед эртний Грекийн түүхч, газарзүйч Гекатей, Страбон, Геродот нар Гизагийн пирамидын бүтээн байгуулалтын талаар тэмдэглэхдээ мөн л нөгөөхийг “мартсан” байдаг нь хачин. Зөвхөн хамрынх нь өргөн 1.5 м хүрдэг үлэмж “амьтныг” яагаад ийнхүү мартаад байдгийг элстэй холбон тайлбарлах нэг таамгийг Ромын судлаач Плини МЭ I зуунд “Дэлхийн түүх” номдоо “Сфинкс байсхийгээд л элсэнд дарагдах тул түүнийг нь цэвэрлэнэ” гэж бичсэн байдаг аж. Үүнээс үүдэн Сфинкс үе үе харагдахгүй болтлоо элсэнд булагддаг байсан нь зарим цаг үед “үл үзэгдэгч” болон “нуугдаж”, түүхийн хуудаснаа тэмдэглэгдэлгүй гээгдсэн байх магадлалтай гэсэн таамгийг судлаачид дэвшүүлсэн байдаг. Ийм таамаг дэвшүүлэх өөр нэг шалтгаан байгаа. Юу гэхээр ХХ зууны эхээр элсэн доороос ухаж гаргасан үлэмж баримлууд бий.
Сфинксийг пирамидыг “манахаар ирсэн” биш, тэрнээс ч өмнө барьсан, тэгээд сац суваргуудыг босгох явцад элсэнд гүн “шигдэж” харагдахаа больсон гэх таамаг байдаг. Энэ үнэхээр ббайж болох таамаг гэнэ. Учир нь Японы судлаачид тусгай төхөөрөхмж бүхий локатороор Хеопсын сац суварга болон Сфинксийг судалж, чулуунуудаар нь алийг нь эхэлж барьсныг тогтоосон байна. Ингэхэд суварганаас “манаач” илүү урт настай байжээ. Үүнээс гадна гидрологичид /байгаль дээрх ус, агаар мандал, дэлхийн цөм, бүрхүүлийг судалдаг шинжлэх ухаан/ Сфинксийн гадаргуу он удаан жил усны урсгалын улмаас элэгдсэнийг судалгаагаараа тогтоосон бөгөөд үүнээс үүдэн “Сфинксийн гадаргуу МЭӨ 8000 оны тэртээд усан галвын ширүүн урсгалаас болж элэгдсэн” гэсэн жигтэй таамаг дэвшүүлсэн байна. Эл таамгийг Их Британийн эрдэмтэд хөхиүлэн дэмжсэн бөгөөд тэд цаг хугацааны хувьд санал нийлдэггүй аж. Дэлхийн түүх судлаачид МЭӨ 8000-10.000 онд Их галав юүлсэн хэмээдэг. Итгэхэд бэрх ч мэргэжлийнхэн гаргасан эдгээр таамагт иргэх, эсэх нь тухайн хүнээс л шалтгаалах буй за. Юутай ч, хэлээ тас хазсан Сфинксийн нууцад нэврэхээр олон улсын мэргэжилтнүүд хичээсээр буй. Сонирхуулахад, 1900-аад онд зөнч Эдгар Кейси Сфинксийн баруун савар дороос олдох нууц өрөө хүн төрөлхтний өмнөх өндөр иргэншлийн тухай “ярина” гэсэн бол Японы судлаачид 1989 онд үнэхээр эл баримлын зүүн хөл дороос Хефрений суваргыг чиглэсэн нарийн хонгил байгааг радиолокацаар илрүүлсэн байдаг. Тухайн үед Египетийн Засгийн газар уг судалгааг үргэлжлүүлэхийг хориглосон нь олон улсын судлаачдыг гайхашруулж байлаа. Мөн Америкийн геофизикч Томас Добецк Сфинксийн дор том өрөө байгааг илрүүлсэн ч 1993 онд бас л судалгааг нь албадан зогсоосон байх юм. Харин тэр үеэс засгийн газрынх нь шийдвэрээр аварга “манаачийн” эргэн тойронд элдэв судалгаа, геологийн эрэл хайгуул хийхийг хориглох болжээ.
Сфинксийн “хашгираан”
-Эл аварга баримал эртний мамлюк /Дундад зууны үед Египетийн армид олзлогдсон өсвөр насны боолуудаас бүрдсэн цэргийн анги/-уудын нум сумын сургуулилалтын бай болж байв.
-Наполеоны цэргүүд аварга арслан-хүний хамрыг их буугаар буудаж, унагажээ. Үүнээс ч өмнө Египетийн нэгэн мунхаг захирагч уг баримлын хамрыг хугалахыг зарлигдаж байсан бол англичууд сахлын хэсгийг нь хулгайлан, Британийн музейд аваачжээ.
-1988 онд Сфинксийн хойд хөлнийх нь хэсгээс “бутарч” унасан чулууг жинлэхэд 350 кг татаж байжээ.
-Сфинксийн толгой болон урд саврын хэсэгт нэлээд урт цууралт үүссэнийг судлаачид тогтоосон.
-Агаарын бохирдол ч “өвгөн” Сфинксийг үгүй хийж буй нэгэн шалтгаан юм.