Японы эзэн хааны ордны хөгжим Монголд эгшиглэх нь. “Токио Тэнри гагакү” холбоо, Монгол Улсад суугаа Японы Элчин сайдын яам, Монголын хүүхдийн ордон хамтран энэ сарын 21-нд тус улсын уламжлалт сэтгэлгээг мэдрүүлэх, 1400 жилийн түүхтэй ордны хөгжмийн тоглолт үнэ төлбөргүй толилуулах юм байна.
Мөн тус холбооны хөгжимчид 24-нд МУИС-ийн урлагийн танхимд тоглох аж. Японы эртний сонгодог хөгжимд Хятад, Солонгосын нөлөө их. 589 онд Япон албан ёсны дипломат төлөөлөгчдөө Хятадын соёл, ордны хөгжмийн урлагт суралцуулахаар илгээж байсан гэнэ. Гагакү гэдэг нь гоёмсог, тэнгэрлэг гоо сайхан гэсэн утгатай үг аж.
Гагакү өдгөө найрал хөгжим, бүжгийн хөгжим, дуу, тахилгын гэсэн дөрвөн төрөлтэй. Осака, Нара Киото гэсэн гурван газарт эрт үед ордны хөгжмийн чуулга байсан бөгөөд хөгжимчид нь удам дамжин тоглодог байжээ.
Б.ДӨЛ