Морин хуурын чуулгын тоглолт ямар ч тохиолдолд үзэгчдээр дүүрэн, уран бүтээлийнх нь чанар сайн байдаг. Тэднийг ямар хэмнэлээр ажлаа хийж, энэ бүхнийг амжуулдгийг гайхаад барахгүй. Зөвхөн морин хуур хөгжимд зориулсан зохиол хүлээж суулгүй, санаачилгаараа хөгжмөө хөрвүүлж, найруулаад шинэлэг, гайхамшигтай тоглолтыг үзэгчдийн хүртээл болгодог нь энэ чуулгын залуусын онцлог. Тэд шинэ оны өмнөхөн “The sounds of winter” тоглолтоо Соёлын төв өргөөнд хийж, үзэгчдийг баярлуулж байсан бол түүнээс хоёр сарын дараа л ардын дуунуудыг шинэчлэн найруулсан “Торгоны хээ”-г эгшиглүүлсэн.
Үүний зэрэгцээ аялан тоглолт, ITB Berlin үзэсгэлэнгийн нээлтийн цэнгүүн гээд тэдэнд ажил мундахгүй их байсан хэрнээ л өнгөрсөн баасан, бямба гаригийн үдэш “Novel melody”-гоор үзэгчдээ уяраалаа. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуур, виолончель болон бусад сонгодог гурвал, дөрвөлд зориулан туурвисан зохиолыг хөрвүүлж, шинэчлэн найруулж энэ тоглолтод нэгтгэсэн байна. Японы алдарт хөгжмийн зохиолч Рюти Сакамотогийн “Before long” зохиолоор эхэлж, К.Дебюссигийн гоцлол флейт аялгуугаар үргэлжилсэн энэ тоглолтын санаачилгыг анх тус чуулгын морин хуурч А.Даваазориг гаргажээ.
Түүнчлэн тоглох зохиолын сонголтод зөвлөгөө өгч, өөрөө ч бас хамт олныхоо дунд орж тоглосон хүн бол удирдаач Д.Түвшинсайхан. Одоо түүний нуруун дээр бүх ачаа ирж, багшийнхаа оронд хамт олноо чиглүүлэн, удирдаж явах үүрэг ногдоод байгаа. “Novel melody”-гоос чин сэтгэл “үнэртэж”, дурсамж, нэхэн үгүйлэл “амтагдаж” байлаа. Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, эдгээр авьяаслаг залуусын багш ардын жүжигчин Ц.Батчулуун агсныг тэнгэрийн оронд заларснаас хойших шинэ уран бүтээл нь энэ юм.
Энэ тоглолтыг багшийнхаа төрсөн өдөрт зориулсан хэмээн морин хуурч Н.Жигжиддорж ярьсан. Тэрбээр энд тоглосон олон бүтээлийг хөрвүүлсэн юм. Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх “Арга билэг” хамтлагт Морин хуурын чуулгын хөгжимчидтэй мөр зэрэгцэн ажилладаг, сэтгэл нэгтэй уран бүтээлч. Тиймдээ ч өнгөрсөн тоглолтод чуулгынхантай эвсэн, шинэ өнгө төрх бүрдүүлэн урилгаар ирж тоглосон. Тэнд тоглосон хөгжмийн бүх зохиол Морин хуурын чуулгын залуусын авьяас чадварыг илэрхийлж, хуурын аялгууг шинэчлэл хийсэн бахархам түүхтэй хамт олныг алдаршуулах буюу.
Ж.СЭЛЭНГЭ