Түүхэн агшныг буулгасан энэхүү зургийг 1946 онд Австрийн нэгэн асрах газарт авчээ. Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийнхэн тус газарт өсөж буй өнчин хүүхдүүдэд буяны гараа сунгасан юм байна.
Дэлхийн II дайны хөлд нэрвэгдсэн он жилүүдийн айдас, шарх аньж амжаагүй тэр үед өлсгөлөн, ядуурал, хулгай, дээрэм гээд сөрөг үр дагаврууд олон орны ард түмнийг сульдааж байлаа. Дэлхийн эдийн засгийн уналт дээд цэгтээ хүрсэн тэр үед шинэ гуталтай болно гэдэг бурхнаас бэлэг авсантай дүйцэх баяр баясгалан, аз жаргал байсан биз. Ухаан орсон цагаасаа хойш анх удаа шинэ гуталтай болж үзсэн зургаан настай Верфел хүүгийн царайд бөөн бөөн баяр хуржээ. Тэрбээр гутлаа энгэртээ наасан байгааг харсан зурагчин “Хараач, яг л дүүгээ тэвэрч байгаа мэт санагдахгүй байна уу” гэж байжээ.
Өнөө цагийн зургаан настнууд шинэ гутал хараад ингэж баярлаж, догдлох болов уу. Сайндаа л жаахан онгирч, энэ түүгээр гүйх байх. Лав энэ хүү шиг хагартлаа баярлаж, үнэт зүйл гэж юу байдгийг ухаарахгүй л болов уу. Та юу гэж бодож байна.