“Бидний эрхэм хүндэт анд, Монголын драмын урлагийн шилдгүүдийг тодруулагч, гайхамшигт шагнал “Гэгээн Муза” удтал хүндээр өвчилсний улмаас таалал төгслөө. Түүний нэрээр алдаршсан, хүндэт цомыг нь гардсан хүмүүс энэ шагналыг үүрд дурсаж байх болно. Таны минь шударга шүүлт, мэргэн дүгнэлтийг үеийн үед санаж явах болно”... Хэрэв “Гэгээн Муза” хэмээх наадмыг хүнтэй зүйрлүүлбэл ийн хэлж, эмгэнэл бичиж болох нь. Өдгөөгөөс 12 жилийн өмнө “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулж, энэ үйл ажиллагааг санаачилсан ардын жүжигчин С.Сарантуяад олон хүн талархаж байлаа. Үзэгчдээсээ алсарсан урлагийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, уран бүтээлчдэдээ урам хайрлаж, тэднийг өсөж дэвшихэд нь дэм болсон хамгийн сайхан наадам нь энэ байсан юм.
Орон нутгийн театр чуулгууд ч “Гэгээн Муза”-гийн тайзнаа уран бүтээлчдээ гаргаж, мэргэжлээрээ бид ч бас хоцроогүй гэдгээ нотлохын тулд хичээнгүйлэн ажиллах болсон. Өнгөрсөн жилээс “Гэгээн Муза” академи болон өргөжиж, наадмаа олон улсын хэмжээнд зохион байгуулах болсон Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийнхөн энэ жил драмын жүжгийг наадмынхаа номинациас хаслаа. “Эдит Пиаф” жүжгийн зохиолч Нина Мазурыг шүүгчдийнхээ бүрэлдэхүүнд оруулж, гадаадын олон жүжигчин урьж, моно жүжгийн өдөрлөг хийх тухай мэдээлээд буй ч энэ наадмын гол төрөл жанр нь үгүй болж, утга агуулга нь нэгэнт алдагджээ.
УДЭТ-ЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ЖҮЖГҮҮД
Олон улсын наадам болон батламжлагдаж хүрээ нь томорч байгаа наадам энэ жил анх удаа драмын жүжгүүдээ гадуурхаж орхилоо. Өмнө нь драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн Муза” наадам хэмээн тодотгон зарладаг байсан бол энэ удаа хүүхдэд ээлтэй, олон улсын шинж чанартай гэсэн өнгө төрхөө тодруулж, ямар нэг зүйлийг зориуд мартуулах гэж оролдоно. Энэ бол драмын жүжгүүд. Өнгөрсөн жил УДЭТ болон хөдөө орон нутгийн театрууд, Монголын анхны хувийн театр “Black box”- т олон ч жүжиг тоглосон. Урсгал, чиглэл, өгүүлсэн санаа нь өөр өөр байсан ч тэд драмын жүжгийн төрлийг эзгүйрүүлэх хэмжээний бүтээл туурвиагүй. Харамсалтай нь шүүгч нар “Энэ жил драмын жүжгийн төрөлд шаардлага хангасан бүтээл ирээгүй тул хассан” гэснээс өөрийг хэлсэнгүй.
Өдий хүртэлх 12 жилийн турш зохион байгуулагдсан “Гэгээн Муза” наадмаас хамгийн олон шагнал хүртсэн нь УДЭТ-ын уран бүтээлчид. Тэгвэл өнгөрсөн жил долоон найруулагч, долоон өөр жүжиг төсөл хэрэгжүүлж, үзэгчдийг хошууруулсан хэрнээ тэднээс зөвхөн “Чөлөөт хос” жүжиг л “шаардлага хангасан” бусад нь тааруу болсон гэж “Гэгээн Муза” академи дүгнэж байгаа бололтой. Улсын төсвөөс санхүүжилт авч, жүжигчдээ цалинжуулж ажилладаг эрдмийн тодотголтой театр шаардлага хангаагүй жүжиг хийж байгаа бол хатуу “донгодох”, тэр ч бүү хэл байх, байхгүйг нь ярих хэрэгтэй бус уу.
“МУЗА”-Г ОРХИСОН ЖҮЖИГЧИД
“Гэгээн Муза” наадмыг тойрсон сайн, муу мэдээлэл үргэлж гарч байдаг. Гэсэн ч сэтгэл, зүтгэлээрээ өдий хүртэл наадмаа зохион байгуулж ирсэн багийнхны хөдөлмөрийг үгүйсгэх эрх хэнд ч үгүй. Тэдний бий болгосон хүндэт цомоор сэтгэлээ дэвтээж, талархлаа дэвшүүлэн, хязгааргүй их баярлаж байсан ахмадууд, иртэй чадалтай яваагаа харуулж, авьяасаараа өрсөлдсөн залуу жүжигчид академидаа үргэлж талархах учиртай. Гэхдээ нэгэнт уран бүтээлчдийн хувьд соёлын тэргүүний ажилтны тэмдгээс үнэ цэнэтэй болсон наадмаа нэр хүндтэй, зохион байгуулалттай, хүндэтгэлтэй хийвэл л сайнсан.
Зөвхөн УДЭТ-т тоглосон уран бүтээлийн жанрт тохируулж, номинациа нэмж хасдаг, эсвэл шүүгч нь өөртөө шагнал өгдөг гэх мэтээр шүүмжлүүлсээр, нэр хүндээ үгүй болгож байгаагаа зохион байгуулагчид анзаарахгүй л байна гэж үү. Шагнал гардуулах ёслолын дундаас нь орхин гарч байсан “X түц” хамтлагийнхан, жүжгээ энэ наадамд сойхоо больсон “Хувьсал” продакшныхан та бүхэнд нэгийг бодогдуулахгүй байна гэж үү. Монгол Улсад мэргэжлийн томоохон театр цөөн байдаг ч аймаг бүрт Хөгжимт драмын театр байдаг. Тэд уран бүтээлээ үндэслүүлж, соёолуулж, цэцэглүүлээд Улаанбаатарт очиж “Гэгээн Муза”-д өрсөлдөнө гэж догдолдог. Харин шүүгчид нь өөрсдийнхөө үзэмжээр “энэ жил тэнцэх бүтээл байхгүй байна” гэж хэлээд хаалгаа хаагаад эхлэхээр тэдний урам яах билээ.
Том бялуу хувааж, бүгдэд нь түгээ гэж шаардаагүй ч гаднын жүжигчдээс шаардаагүй хэмжүүрээ монгол уран бүтээлчдэдээ тулгах хэрэг байна уу. Гадаадаас уригдан ирэх уран бүтээлчдийн хэнийг нь ч танихгүй бас хэний ямар зохиолыг тоглосныг нь ч мэдэхгүй байж, улаан хивсэн дээгүүр алхаж, шагналын индэрт очтол нь харна гэдэгтээ итгэлгүй байна. Ядаж наадмынхаа нэр хүнд, хүндэтгэл үзүүлэх хэмжээг нь бодолцож, албан ёсны мэдээлэлдээ хэний ямар жүжиг тоглохыг бүрэн эхээр нь мэдээлж болохгүй гэж үү. Театр үүсэн бий болсон цагаас өдийг хүртэл жүжиг зохиолчоороо овоглон алдаршсан байдаг. Сайн муу байхаас үл хамааран жүжгийнх нь нэрийн өмнө зохиолчийн алдар дурдагддаг.
У.Шекспирийн “Ромео Жульетта хоёр”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, Б.Галааридын “Шар тэнгисийн тарчлаан” гэж бичиж, ярьдгийг энгийн үзэгч ч мэднэ. Харин энэ жил л анх удаа жүжигчнийхээ нэрийн ард жүжиг нь зохиолчгүй бичигдэхийг үзлээ. Алдарт “Гэгээн Муза” академийн албан ёсны мэдээлэл болон түүнийг түгээсэн хуудаснаас нь үүнийг харж болно.
БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭЖ БУСДЫГАА ГАДУУРХАЖ ЭХЛЭВ ҮҮ
“Гэгээн Муза” наадмыг тойрсон асуудлаар санал бодлыг нь сонсох зорилгоор хэд хэдэн хүнтэй ярилцаж үзлээ. Нэг хэсэг нь юу ч хамаагүй хэлж, бухимдах шинжтэй байсан бол нөгөө хэсэг нь наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдээ бодолцож “хэлээ хазахаар” шийдсэн байна. Цөөхөн хэдэн жүжигчид маань хоорондоо эвтэй байж, жилдээ ганц удаа болдог наадмаа ёс төртэй хийж байвал үзэгчдэд ч таатай. Харамсалтай нь тэдний хагарал сайн уран бүтээлийн хэмжүүрийг давж, ил боллоо. Өрсөлдөгч нь сайн уран бүтээл хийсэн бол түүнийг нь наадамдаа нэр дэвшүүлэх хэмжээний сэтгэлтэй байх л хэрэгтэй.
Өнгөрсөн жил “Гэгээн Муза” наадмын дуулалт жүжгийн туслах дүрийн шагналыг гавьяат жүжигчин, поп дуучин Б.Сарантуяа хүртсэн. Драмын жүжигчдийн наадамд нэгэнт байр сууриа эзэлсэн алдарт дуучин шагнуулсан нь энэ байв. Хэрэв дуучдыг энэ наадамд өрсөлдүүлэх боломжтой л юм бол хаяа нийлэн, хамт байдаг ҮДБЭЧ-ын дуулалт болон бүжгэн жүжиг, ДБЭТ-ын дуурь балетийг яагаад дэвшүүлж болохгүй гэж. Шоу хийж, нэр хүнд олох гэсэн өнгө аястай болсон энэ наадмаас татгалзах уран бүтээлчид олширсоор байгаа нь ч бас энэ ойлгомжгүй зохион байгуулалт, шүүлтийнх нь балаг гэлтэй. Сайн үйлс эхлүүлсэн ч замнал нь буруу бол олон нийт дэмжихгүй. Яг үүнтэй ижил нэр хүндтэй наадмаа газрын хөрснөөс арчих гээгүй л бол огцом хийдэг бодлогогүй үйлдлээ тасалж, бусадтайгаа зөвлөлддөг болох нь зүй.
С.СЭРГЭЛЭН