Үлэг гүрвэлтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээ дэлхийн хэвлэлүүдэд гарчээ. Америкийн палеонтологичдын шинэ олдвор шуугиан тариад байна. Тэд 75 сая жилийн тэртээд Цэрдийн галвын хожуу үед хүзүүгээрээ орооцолдон үхсэн хоёр овираптор буюу өндөгний хулгайч хэмээх үлэг гүрвэлийн бараг бүтнээрээ чулуужсан ясыг Өвөрмонголоос олсон аж. Судлаач Скотт Персонс “Хоёр овираптор эрэгчин, эмэгчин байсан, эсэхийг тогтоох амаргүй. Мөн эвцэлдэж байгаад ийнхүү байгалийн гамшигт нэрвэгдсэн гэж батлахад хараахан эрт байна. Учир нь ямар ч амьтны зөөлөн эд хэзээ ч чулуужин үлддэггүй, боломжгүй зүйл. Гэхдээ энэ олдворуудыг өмнө нь олдсон овирапторуудын яснуудтай харьцуулан, анатомын бүтцийг нь тогтоогоод, өдгөөгийн тахиа, шувууныхтай мөн харьцуулалт хийвэл хоёр үлэг гүрвэл үнэхээр “наадаж” байсан уу гэдэгт бага ч гэсэн хариулт олж болох байх. Одоогоор хийсэн хэмжилтээр нэгнийх нь таазны хэсгийн яс нөгөөгийнхөөсөө арай өргөн байгаа нь “Ромео, Жульетта” тодорхойлтод таарсан мэт. Гэхдээ бид хэмжилт хийхээс өмнө олдворыг анх хараад л ингэж нэрлэсэн. Мөн энэ үлэг гүрвэлүүдийн сүүлэн дэх өдний үүргийг бид судална. Өнэөө цагт нисдэггүй хэрнээ сүүлэндээ сүрлэг өдтэй тогос, цацагт хяруул мэт шувуу олон. Тэд сүүлний өдөөрөө эсрэг хүйстнийхээ анхаарлыг татдаг. Тэгвэл овираптор тэр өдийг юунд хэрэглэдэг байсан нь анхаарал татаж байна” гэжээ.