Өнөөдөр “Татар” хамтлагийн продюссер, ахлагч Д.Батзаяагийн төрсөн өдөр. Тус хамтлагийн Мөөгий, Жагаа хоёрын хувьд нэг өдөр төрсөн учраас ихэвчлэн баяраа хамт тэмдэглэдэг аж. 2000-аад оны эхээр охидын хайрын захидал, гараар урласан элдэв чамин бэлэгт дарагддаг байсан Д.Заяад одоо ч фэнүүд нь төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барьсаар буй.
2011 онд фэнүүдийнх нь бэлэглэсэн морин хуур хамгийн сонин содон бэлэг болсон хэмээдэг. Тэрбээр гэнэтийн бэлгэнд баярлан “Хип хоп дуулдаг хүн бэлгэнд морин хуур авахаар их сонин юм байна” гэж байжээ. Д.Заяа бие даасан цомгоо гаргахаар ажиллаж буй тул төрсөн өдрийн баярыг түр хойш тавиад байгаа аж.
Өнөөдөр “Зөвхөн чамтай” хэмээх уран бүтээлийнх нь клип цацагдаж буй бол энэ сарын 14-нд дуучин А Сооl-ийн төрсөн өдрөөр этник Б.Зоригоо, Frankseal нарын хамтарсан дуугаа дүрсжүүлэн хүргэхээр завгүй ажиллаж байна. Дунд сургуульд байхаасаа нөхөрлөж, “Татар” гэдэг нэр дор арав гаруй жил хамтран зүтгэсэн Д.Мөнхчулуун (Мөөгий) түүнд манай сониноор дамжуулан төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж “Бид нэгдүгээр ангид байхаасаа найзалсан. Тэгэхээр 22 жилийн турш найз бас хамтрагч маань байсан Дамдинбазарын Батзаяадаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Чи бол хосгүй хүн шүү. Дандаа л албан ёсны мэндчилгээ байснаас хөгжилтэй байвал зүгээр шүү дээ, тийм үү” хэмээлээ.
Арав гаруй жил хайртай хамтлагийнхнаа дэмжиж, арын албанд нь зүтгэн, сэтгэлээ зориулсаар буй “Татар” хамтлагийн фэн клубийнхнээс “Төрсөн өдрийн мэнд хүргэхийн зэрэгцээ соло цомог гаргах гэж байгаад баяр хүргэе. Олон арван жил уран бүтээлээ туурвиж, сонсогчдынхоо сонорыг мялаагаарай” хэмээснийг уламжилъя.
О.УНДАРМАА