Дундговь аймгийн музейнхэн тэмээний чихмэл хийхээр ажлаа эхэлжээ.
Тус музейд жигүүртэн, ан амьтад, жижиг мэрэгчдийн 150 гаруй чихмэл үзмэр байдаг аж. Харин тэдэн дунд таван хошуу малын чихмэл байгаагүй тул өнгөрсөн жил тэмээнээс бусад малынхыг хийжээ. Дундговийн музейг анх байгуулах үед захирал нь тухайн үеийн Соёлын яамнаас аргаль, янгир, зээр зэрэг 10 гаруй амьтны чихмэл авчирч байсан гэдэг. Түүнээс хойш чихмэл амьтдын үзмэрүүд арвижсаар жигүүртний 60 гаруй, ан амьтад болон жижиг мэрэгчдийн 90 гаруй үзмэртэй болсон гэнэ. Зах зээлийн ханш нь өндөр болсон учраас 1990-ээд оноос хойш амьтдын чихмэл бараг авч чадахгүй байгаа тул музейнхэн өөрсдөө чихмэл хийдэг арга туршлагад суралцжээ. Одоо тэд атан тэмээний чихмэл хийхээр арьс, бусад түүхий эдээ бэлтгэсэн гэнэ.