Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбооны дэд тэргүүн Э.Өнөрболд тэргүүлэгч гишүүдтэйгээ хамтран LED болон Bluetooth 4.0 технологиудыг ашиглан 16 сая төрлийн өнгө гаргадаг “iLamp” ухаалаг гэрэл бүтээжээ.
Энэхүү төхөөрөмж нь цахилгааны бага зарцуулалттай, ухаалаг сэрүүлэг болон андройд утастайгаа холбосноор гэрлийг алсаас удирдах боломжтой гэсэн шинэлэг талуудтай аж.
Мөн энэхүү ухаалаг гэрлийг хэрэглэснээр цахилгааныг 60-80 хувь хэмнэх юм байна. Уг төхөөрөмжийн 30,000 цаг ажиллах боломж нь эдийн засгийг хэмнэж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг бий болгож болохыг баталсан байна.
Монголын залуучуудын холбоо нь дөрөвдүгээр сарыг “Бүтээх сар” болгон зарласантай холбогдуулан шинэ технологийг бүтээгч, шинийг санаачлагч эдгээр залуусаа Монголын Залуучуудын Холбооны “Залуу зохион бүтээгч” цол тэмдгээр шагнажээ.
М.Болор