Өмнөд Африкийн агуйгаас гавлын яс нь олдсон бичин хүний насыг тогтоожээ. Хэдийгээр хорь гаруй жилийн өмнө олсон боловч “Бяцхан хөлт” хочит эл бичин хүнийг яг аль үед хамруулах талаар эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрэлгүй нэлээд удсан аж.
“Nature” сэтгүүлд нийтэлснээр “Бяцхан хөлт” нь одоогоос 2.9-4.1 сая жилийн өмнө амьдарч байсан хүний бичин өвөг болох австролопитекүүдийн нэг бөгөөд нарийвчилбал 3.7 сая жилийн өмнө амьдарч байжээ. Өмнөд Африкаас олдсон гавалд хийх судалгаа дуусаагүй байгаа бөгөөд “Бяцхан хөлт”-ийн гавал австролопитекүүдийн талаар тал бүрийн мэдээлэл өгнө хэмээн эрдэмтэд үзэж буй.
Юутай ч энэ удаад “Бяцхан хөлт”-ийн насыг тогтоосон нь австролопитек хөгжлийнхөө эхэн үед Өмнөд Африкт нутаглаж байсныг баталсан чухал нээлт боллоо хэмээн Индиана мужийн Пюрдю их сургуулийн эрдэмтэн Даррил Грэнжер www.livescience.com цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
У.ЧИНГҮҮН