Налайх дүүргийн тамирчин, өсвөр үеийн УАШТ-ий гурван алт, залуучуудын улсын хошой аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт, лигийн АШТ-ий хоёр түрүүтэй А.Анх-Эрдэнэ “Мөнхийн хүчтэн” дэвжээний дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл базааж, чөлөөт бөхийн төрөлд цахиур хагалж буй. Тэрбээр Бүх Японы АШТ-д 2017 онд хүч сорьсон Монголын өсвөр үеийнхнээс хүрэл медальтай ирсэн гурван бөхийн нэг. Үүнээс хоёр жилийн дараа Тайванийн Тайчунь хотод болсон 15 хүртэлх насныхны Азийн АШТ-д өрсөлдөж, сонгомол бөхийн төрөлд Тайланд, БНХАУ-ын бөхийг буулгаж авснаар хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Киргизэд зохион байгуулсан “Бишкек-2022” 17 хүртэлх насныхны Азийн АШТ-д зодоглосноос хойш ур чадвараа ахиулан дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй амжилт гаргаж байна.
-Киргизийн Бишкек хотыг зорьж, Азийн АШТ-д оролцсоноос хойш та дотоодын томоохон тэмцээнүүдэд түрүүлж, аварга боллоо.
-Киргиз бол миний хилийн дээс давж очсон гурав дахь улс. Тэр жилийн зургаадугаар сарын сүүлчээр Бишкек хотыг зорьсон тул халуун, бүгчим агаарт нь дасах эхэндээ хүнд байв. Тэнд зохион байгуулсан өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д гадаадын тамирчид оролцохдоо өрсөлдөгчдөө тал бүрээс нь судлаад барилдаж байгаа нь анзаарагдсан. Надтай таарсан учраануудаас Японы тамирчин хамгийн сонирхолтой барилдаан өрнүүлсэн. Түүнийг хожиж яваад цаг дуусахаас 15 секундийн өмнө ялагдсан юм. Тэрбээр барилдааны төгсгөлд төлөвлөсөн бүх зүйлээ гаргах шиг санагдсан. Хэдийгээр медаль хүртээгүй ч гадаадын тамирчдаас ур чадварын хувьд хол зөрүүгүй болохоо тэр үед мэдэрсэн дээ.
-Тэндээс ирснийхээ дараа жин өгсөж 70 кг-д барилдах болсон. Тив, дэлхийн тэмцээнд оролцдог шилдгүүдтэй хүч сорих танд эхэндээ амаргүй байв уу?
-Тивийн тэмцээний ялагдал олон зүйлийг ойлгуулсан тул аваргуудыг ялахын тулд бэлтгэлдээ өмнөхөөсөө илүү анхаарал хандуулах болсон. 2023 он миний хувьд өөрийгөө хөгжүүлж, амжилтаа ахиулсан жил байлаа. Өсвөр үе, залуучуудын УАШТ-д тус бүр түрүүлж, 17 хүртэлх насныхны анхдугаар лигт нэг ч ялагдалгүй тэргүүлсэн. Би өмнө нь өсвөр үеийнхний УАШТ-д гурван жил дараалж түрүүлэхдээ 55, 60, 65 кг-д аваргаар шалгарсан юм. Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын тэмцээнд 71 кг-ын жинд алтан медаль хүртсэн минь урам өгч, ДАШТ-д оролцох хүсэл төрүүлсэн.
-Туркийн Истанбул хотод өнгөрсөн жил болсон өсвөр үе, залуучуудын ДАШТ-д өрсөлдөхдөө үеийнхнийхээ ур чадвараас суралцсан зүйл чамгүй л байх.
-Эхний тойрогт АНУ-ын өндөр, биерхүү тамирчинтай таарсан. Түүнийг аваргын төлөө шалгарвал би дагах барилдаан хийх байв. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдсанаар миний тэмцээн өндөрлөсөн. Дэлхийн тэмцээн тивийнхээс олон зүйлээр ялгаатай, чанга болдог юм билээ. Тус хотод өмнө нь Киргиз, Тайландад болсон Азийн АШТ-д оролцсон тамирчид ч зодоглохоор ирсэн. Ази, Европын гэлтгүй бүгд л түрүүлэхийн төлөө ана мана өрсөлдсөн. Казахстан улс олимп, дэлхийн аваргуудтай. Бөхийн төрлүүдийн спортыг өндөр хөгжүүлснийг харуулж, тамирчид нь медаль хүртдэг. Тайландад болсон тивийн тэмцээнд би ч бас тус улсын бөхтэй барилдсан. Миний хувьд түүнийг ялбал аваргын төлөө шалгарах байлаа. Тэрбээр зууралдсан, хөлд орж шиддэг, түрүүлж мэх хийхгүй зугтаж үлддэг, эвгүй барилдаантай. Надтай барилдсан бөхчүүдээс тэрбээр тун амаргүй, аргыг нь олоход хэцүү учраа байсан. Одоо ч түүний барилдаан мартагддаггүй.
-Дэвжээнд гарахын өмнө хамгийн их боддог зүйл тань юу вэ?
-Тэмцээний үед олон зүйл бодохыг хүсдэггүй. Зорилгоо бодож өөрийгөө тайвшруулна. Миний найдвартай ар тал болж гэр бүл, ах дүүс, найз нөхөд, багш минь дэмждэг болохоор итгэл, найдварыг нь алдахгүйг хичээдэг. Тамирчин хүн тэмцээнээс тэмцээнд оролцох тусам туршлага хуримтуулж, айх, эмээхээс холддог. Өмнө нь догдолж, сандардаг байсан бол одоо хэнтэй ч таарсан ялна гэсэн бодлоор өрсөлддөг. Бэлтгэлээ сайн базааж, бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэсэн байхад ямар ч тэмцээнд амжилт гаргана. 2025 онд өөртөө том зорилго тавьсан. Түүнийгээ хэрэгжүүлэхээр хөдөлмөрлөж байна.
-Өнгөрсөн сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-д хүрэл медаль хүртэж, амжилтынхаа салхийг хагалж байгаа харагдсан.
-70 кг-ын жинд өрсөлддөг бөхчүүдийн барилдааны онцлог, арга барилыг багш мэддэг тул хэрхэн барилдах талаар зөвлөдөг. Насанд хүрэгчдийн УАШТ-д Б.Өсөхбаяртай таарсан ч тактикийн алдаанаас болж хожигдсон юм. Тэрбээр сайн барилддаг. Аваргын төлөө Азийн наадмын аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Тулга ахтай хүч сорьж, мөнгөн медаль хүртсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялсан нь медальтай, ялагдсан нь хоосон хоцордог болохоор тамирчид өөрт байгаа бүхнээ шавхан гаргадаг. Тиймдээ ч үүрэг, хариуцлагатай барилдахыг мэдрүүлж, үнэ цэнтэй ирдэг шагнал. Спортын төв сургуулийн тамирчин Б.Бумбаяртай барилдахын өмнө багш “Түүнтэй алдаа гаргахгүй тун няхуур үзэж, хөлд нь орж барилдаарай” гэв. Би ч зөвлөснөөр нь барилдаж ялсан. Миний хувьд одоогоор Т.Тулга ахтай хамт бэлтгэл хийж байгаа. Тэрбээр ахын хувьд ойр дотно байж мэддэг, чаддаг зүйлээсээ харамгүй заадаг. Нээлттэй, нийтэч зан чанар, өөртөө итгэлтэй, зоримог, шийдэмгий байдал, өрсөлдөгчөө хэзээ ч басдаггүй хүндлэл, барилдааны үед гаргаж буй ухаан, авьяас гээд түүнээс суралцах зүйл надад их бий.
-Өрсөлдөгчийн тань барилдах техникийг нэгбүрчлэн харж, дүгнэлт хийдэг багшийн тань судалгаа гайхалтай юм.
-Дасгалжуулагч, тамирчин аль аль нь судалгаатай байснаар амжилтад хүрдэг. Багшийн судалгаа ямагт зөв байдаг. Миний дархан мэх тойрч хөлийн шагай авах, өмсөх, давхар хамах. Сүүлийн үед сууж тонгорох, золгож барилдах, мөн мэхний хувилбар, бяр, хүчээ сайжруулах бэлтгэл түлхүү хийдэг болсон. Жиндээ таарах магадлалтай гадаад, дотоодын бөхчүүдийн барилдах онцлог, арга барил, мэх, тактик, тэмцээний үед гаргадаг сэтгэл зүйн байдлыг нь судалж эхэлсэн. Д.Мөнхбаяр багш тэмцээнд оролцох бүрд “Өөрийнхөөрөө барилдаарай. Хоёулаа заавал медальтай буцна шүү” гэдэг юм. Надад хүчтэй өрсөлдөгч олон бий. Тэднээс илүү байхын тулд сэтгэл зүйгээ өндөр байлгаж, багшийнхаа заасан бүхнийг гаргадаг.
-Гэрийнхэн тань таныг жүдогоор хичээлүүлэх сонирхолтой байсан ч та багагүй зөрчилдсөний эцэст чөлөөт бөхийг сонгосон гэдэг. Үнэн үү?
-Тийм ээ. Энэ спорттой нөхөрлөхийн тулд гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдсөн шүү. Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай уулзахаас өмнө аав намайг жүдогоор хичээллүүлэх хүсэлтэй байв. Налайх дүүрэгт 2015 онд болсон чөлөөт бөхийн тэмцээн миний ч, манайхны ч бодлыг өөрчилсөн. Үеийнхээ нөхөдтэй тэмцээн сонирхож үзсэн тэр өдөрт би одоо ч талархдаг.
-Ингэхэд багш, шавь хоёр хэзээнээс танилцаж, спортын талбарт хамтран ажиллах болов?
-Нэг өдөр багштай уулзахаар очиход аав “Чи чөлөөт бөхөөр хичээллэхийг үнэхээр хүсэж байгаа бол тууштай байж, амжилт гаргана шүү” гэв. Тэгэхэд багш “Үе тэнгийнх нь хүүхдүүд дэвжээнд бэлтгэл хийж байна. Хүү тань хичээллэхээр зориод ирлээ. Тууштай байхад бүх зүйл аяндаа болдог юм” гэж билээ. Түүнээс хойш олон улсын тэмцээнээс цөөнгүй медальтай ирж, аавыгаа, багшийгаа баярлуулсан. Би дэвжээнд хөл тавьсан анхны өдрөөс өөрийгөө шаргуу дайчлан, бэлтгэлээ нэг ч таслалгүй хийж өнөөг хүргэлээ. Намайг амжилт гаргах үеэс аав, ээж “Хүүгээ бүх талаар нь дэмжиж, гадаад, дотоодын тэмцээнд оролцуулна” гэдэг болсон. Тамирчин хүний амжилтаас хойш нь чангаадаг зүйл бол бэртэл. Тиймээс манайхан “Бэлтгэл хийхдээ, тэмцээнд оролцохдоо бэртэж, гэмтэхээс болгоомжлоорой” гэж захидаг. Бөхийн спорт гайхамшигтай. Хүнийг хөгжүүлж, зөв төлөвшүүлдэг. Тэр хэрээрээ дэвжээнд таниулж, амжилт, алдар нэр бэлэглэдэг. Гэхдээ бэрхшээлийг даван туулахгүйгээр, бас хөдөлмөрлөхгүйгээр мөрөөдөлдөө хүрэхгүй. Тамирчин хүн тэвчээртэй, үүрэг хариуцлагатай, сахилга баттай байж, зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшлах ёстой. Халширсан үедээ гэрийнхнээсээ гадна багш, дэвжээнийхээ ах, эгч нартай ярилцах дуртай. Тэд “Саад бэрхшээл хэцүү асуудал биш. Чи зорилгоо бодоод урагшил. Амжилт руу тэмүүлэхэд тэр бүхэн аяндаа холдсон байдаг юм” гэж зөвлөдөг.
-Таныг ном унших дуртай гэж дуулсан. Ойрын үед зав гаргаад ямар зохиол уншиж байна вэ?
-Долоо хоногийн гурван өдөр бэлтгэл хийдэг болохоор зав бараг гардаггүй. Чөлөөт цагаараа ном унших дуртай. Яруу найрагчдаас Л.Өлзийтөгсийн бүтээлүүд сонирхолтой санагддаг. Түүний “Үзэхийн хязгаар” номыг саяхнаас уншиж эхэлсэн. Хэд хоногийн өмнө найзуудтайгаа “Бүсгүй” кино, мөн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг “UG арена”-д очиж үзсэн. Миний хувьд Налайх дүүргээс оролцдог “Бизонууд” багийг дэмждэг. Тус дүүргийн тамирчид спортын бүх төрөлд хүчтэй өрсөлдөгч болдог шүү.
-Дүү нар тань хэр спортлог вэ. Ахыгаа барилдахыг харсаар байгаад бөхийн спортод хөл тавих сонирхолтой болсон уу?
-Би айлын ууган хүү, хоёр дүүтэй. Тэд спортод дуртай. Нэг нь сагсан бөмбөг, нөгөө нь чөлөөт бөх сонирхдог. Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг болсноос хойш багштайгаа ховорхон уулзаж байна. Хааяа уулзахаараа багшийнхаа зөвлөгөөг сонсдог. Энэ удаа 20, 23 хүртэлх насныхны УАШТ-ийг Увс аймагт зохион байгуулна. Миний хувьд тус аймагт анх удаа очиж үзэх гэж байна даа.
-Францад өнгөрсөн зун болсон Парисын олимпын наадамд түрүүлсэн аваргуудаас хэнийх нь барилдааныг сонирхож үзэв?
-Японы шигшээ багийн тамирчин Рэй Хигүчи Парисын дэвжээнд гал гарсан барилдаан өрнүүлэхийг харах сайхан байлаа. Тэрбээр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд АНУ-ын Спенсер Лийг ялж, алтан медаль хүртсэн. Өмнө нь “Рио-2016” олимпоос мөнгөн медальтай нутгаа зорьсон бол 2022 онд Сербийн Белград хотод зохион байгуулсан ДАШТ-д 61 кг-д аварга болж байв. Түүний гар, хөлийн ажиллагаа, барилдахдаа өрсөлдөгчөө мэдэрч ялж буй агшин гайхалтай санагдсан. Япон Улс спортын ихэнх төрөлд шилдэг тамирчид бэлтгэсэн нь амжилтаас нь харагддаг .
-Үндэсний бөхөөр барилдаж, амжилт гаргасан чөлөөт бөхийн тамирчид цөөнгүй бий. Таныг Налайх дүүргийн наадмын барилдаанд жил бүр зодоглодгийг саяхнаас мэдлээ.
-Би үндэсний бөхийн УАШТ-д жил бүр оролцдог ч чөлөөт бөх шиг амжилт гаргаагүй. Дүүргийнхээ наадамд үеийнхээ бөхчүүдтэй зодоглож, хийморио сэргээдэг. Энэ жилийн наадамд шинэ зодог, шуудаг оёулж барилдана.
-Монгол түмний хотол олноороо өргөн тэмдэглэдэг сар шинийн баяр хэдэн хоногийн дараа тохиох нь.
-Монголчуудын эртээс уламжилж ирсэн өв соёл, зан заншил сар шинийн баяраас илүү харагддаг. Би эмээ, аав, ээж, ах, дүүс, багштайгаа үндэснийхээ хувцсаа өмсөж золгох дуртай. Могой жилийн Цагаан сарын баяраар гоёх шинэ дээл саяхан урлууллаа.