УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүүхдээ хөхүүлдэг талаар хэдэн жилийн өмнө мэдээлж байв. Учир нь Төрийн ордон руу хүүхэд оруулдаггүй учраас ийнхүү “арга хэмжээ” авдгаа тэрбээр нийгмийн сүлжээнд бичиж байсан юм. Үүний адил манай улсын ихэнх байгууллага, аж ахуйн нэгж хүүхдэд ээлгүй. Олон улсад бол байгууллага, аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэгтэй, хүүхэд харах үйлчилгээтэй. Бас хүүхэд хөхүүлэх, хуурайлах зэрэг өрөөг ч бэлтгэсэн байдаг аж. Тэгвэл манай зарим байгууллага, аж ахуйн нэгж ч эл жишгээр ажиллаж, хүүхдэд ээлтэй, хүний эрхийг хангасан орчин бүрдүүлэхэд анхаарч эхэлсэн сайн мэдээ хүргэе. Баянзүрх дүүрэг дэх “И-март” худалдааны төвд хүүхэд, хөхүүлж, хооллох өрөө бий. Заримдаа тэнд настай хүмүүсийг амрааж байгаа харагддаг. Олон нийтийн газарт хүний төлөөх энэ мэт үйлчилгээ байхад хэн хүнгүй дуртай бөгөөд сэтгэлд өег. Түүнчлэн АПУ компани “Хүүхдэд ээлтэй орчин” хэмээх өрөөтэй болжээ. Ажилтнууд нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад гэртээ харих хүртэлх хугацаанд ажлын байрандаа түр байлгах хэрэгцээ, шаардлага гарсан тул байгууллагын зүгээс ийм өрөөгөөр хангахаар шийдвэрлэсэн байна. Хүүхэд түр саатуулах уг орчинд жаалууд аав, ээжийгээ хүлээнгээ хичээл, даалгавраа хийх боломжтой. Мөн ээжүүд тэнд хүүхдээ хөхүүлж болох ажээ. Олон нийтэд хүртээмжтэй, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд энэ мэтчилэн санаачилга гаргаж буй жишиг үйлчилгээг сайшаалтай. Бусад байгууллага үлгэр авч, үйл ажиллагаандаа тусгаасай.
Бэлтгэсэн Р.Жаргал