Энх тайвны бэлгэ тэмдэг болсон айлчлал
НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн наймдугаар сард манай улсад албан ёсны айлчлал хийв. Эл айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарласны 30, энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхацсан юм. Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан эрхмүүдээс дөрөв нь манай улсад айлчилсан бөгөөд Кофи Аннан 2002, дараагийн дарга Бан Ги Мүн 2009 онд гээд бүгд Ерөнхий сайдын урилгаар манайд хүрэлцэн ирсэн бол А.Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүндэт зочин байв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож байгаа цаг дор энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилсандаа баяртай буйгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэр илэрхийлсэн нь ч НҮБ, олон улсын хамтын нийгэмлэг манай улсыг хэрхэн үнэлж, ач холбогдол өгч байгаагийн илрэл болсон юм. Дайн, түрэмгийлэл өдүүлж буй хоёр том хөршийн дунд байгаа манай улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урьж, эгзэгтэй үед эх орондоо авчирч чадсанаараа энх тайван, ардчилал, хүний эрхийг эгнэгт дээдлэх эрмэлзлээ харуулав.
Түүнийг ирэхэд манай өмнөд хөршийн Гадаад хэргийн сайд Ван И албан ёсны айлчлалаа дуусгаад Монголоос буцаж байлаа. Энэ мэт үйл явдал давхацсан нь Монголын гадаад бодлого идэвхтэй бөгөөд тэнцвэртэй байгаагийн илрэл болохыг олон улс судлаачид үнэлсэн юм. “Дэлхийн дарга”-ыг ирэхээс ердөө сар гаруйн өмнө хойд хөрш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монголд айлчилсны зэрэгцээ гуравдагч хөрш гэгддэг Япон, Польшийн Гадаад хэргийн сайд нар манайд ажиллаад удаагүй байв.
Нэхэл хатуу жагсаал
Иргэд, залуус хаврын хавсарга, зуны халуун, өвлийн хүйтнийг эс ажран орон даяар тайван жагсав. Гадаадын зарим оронд ч монгол иргэд жагсаж, эсэргүүцлийг бие, сэтгэлээрээ дэмжиж буйгаа илэрхийлэн, хандив хүртэл илгээж байлаа. Залуус Засгийн газар, эрх баригчдыг үүрэгт ажлаа хийсэн шиг хийхийг шаардсан юм. Энэ оны дөрөв, найм, арванхоёрдугаар сард болсон жагсаалын аль алинд нь оролцогчид Төв талбайг төвөггүйхэн дүүргэж, төлбөртэй жагсагчдаас эрс ялгарав. Тэд үнэтэй цаас, хулдаасан дээр хэвлэсэн өнгөт лоозон барилгүй, олдсон цаасан дээрээ өөр өөрийнхөө үзгээр хүслээ бичиж, зүгээр л Монголдоо жаргалтай амьдармаар байгаагаа илэрхийлсэн юм. Боломжийг нь үе, удмаараа хулгайлж буй дарга “анги”, тэдний үүсгэсэн шударга биш, хууль бус ноёлсон нийгэм, ЖДҮХС, Хөгжлийн банк, Тавантолгойг тонон, хоосруулсан хулгай, луйвар, энэ бүхний үр дүнд бүх салбарт гаарсан, эвлэрэхийн аргагүй гажуудал, доголдлыг иргэд тэвчиж, хүлцэж чадахгүй байгаа учраас тэсэрч, ямар ч үед жагсаалаас хойш суухгүй байна. Жагсаал болгоны үеэр Ерөнхий сайдаас авхуулаад эрх бүхий албан тушаалтнууд иргэдтэй уулзаж, шаардлагынх нь дагуу арга хэмжээ авсан нэртэйч ард түмэн дахин дахин талбай дээрээ гарч ирээд байгаагийн цаад шалтгааныг заавал бодолцох учиртай.
Эрх ашиг нь уулзаж, олон талаар ойртож байгаа учраас талбай дээр тал талаасаа уулзсан жагсагчдыг шаардлагаа нэгтгэсэнгүй, ямар ч зохион байгуулалтгүй гэх мэтээр шүүмжлэх нь бий. Гэвч ч тэд жагсаал болгон дээр ирж хашхирдаг хүмүүсээс зай барьж, өөрсдийнх нь үйл ажиллагааг үймүүлэхээс сэргийлж чадав. Нөгөө талаас жагсаалаас жагсаалын хооронд хууль, хүчний байгууллагынхны хэв журам, аюулгүй байдал сахиулах арга хэмжээ хүний эрхийн мэдрэмжтэй болж буйг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна. Үүнд хүний эрхийн байгууллагынхны ажлын арга барил ч эергээр нөлөөлж байх талтай.
“Давхар дээл”-ийг дахиулсан өөрчлөлт
Гурван жилийн өмнө баталж, хоёр оны өмнөөс мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өнөөгийн эрх баригчид дахин гар хүрэв. Он солигдох гэж буй энэ мөчид ч ондоо өөрчлөлт, нэмэлтийг Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж байна. Юутай ч “давхар дээл”-тэй сайдын тоог дөрвөөр хязгаарласан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна гэх агуулга бүхий мэдээллийг Цэцэд гаргахаас авхуулаад үүнийг их суудлын хуралдаанаас хүчингүй болгосон, улмаар УИХ нүд ирмэхийн зуурт холбогдох хуулиудад, бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан өнөөдрийн “үр дүн”-д хүргэсэн үйл явц Монголын улс төрийн түүхийн халуун сэдэв байж, хэзээ ч арилахааргүй үлдлээ.
Цэцийн шийдвэрийн улмаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар зургаан сайдаа явуулж, 10 хүнийг танхимдаа шинээр томилов. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа бүрэлдэхүүнийг өөрчилж, өргөтгөн, УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй 13 сайдтай боллоо. Боомтын асуудал эрхэлсэн сайдыг хараахан томилоогүй байна. Хэдийгээр өнгөрсөн Засгийн газруудад УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн дүнтэй харьцуулбал 13 “давхар дээлтэн” толгой цохихгүй ч энэ удаа Ерөнхий сайдаас гадна 21 сайд томилсон нь хамгийн нүсэр бүтэц юм.
2019 онд баталж, УИХ-ын өнгөрөгч сонгуулиас мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын тэргүүн гишүүдээ чөлөөлж, огцруулах, томилох нь түүнийг хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх болгосон ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлснээс хойших нэг жил, долоон сарын хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг өөрчилснөөс өөрөөр танхимдаа хөдөлгөөн хийгээгүй байв. Харин үүнээс хойш буюу “давхар дээл”-тэй сайд нартай болсноос хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг “улны” гэх үг хэрэглэж, иргэдээ ялгаварласан гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Олон нийтэд нээлттэй МХБ
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч “FTSE russell” групп өнгөрсөн есдүгээр сард Монголыг хөгжиж буй зах зээлтэй орны (frontier market) ангилалд оруулав. Манай улс 2012 онд ажиглалтын жагсаалтад анх орж байснаас хойш ийнхүү 10 жилийн дараа дээрх ангилалд багтсан нь банкны реформын хэрэгжилт, төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэл зэрэг хөрөнгийн захын хөгжлийн чухал шатанд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, томоохон сангуудаас хөрөнгө татах боломж бүрдүүлэх ач холбогдолтой. Улирч буй жилд банкууд IPO хийсэн нь ирэх онд үргэлжилж, гурван ч банк олон нийтийнх болох юм. Төрийн өмчит, хувьчлах 25 компанийн жагсаалтыг Засгийн газраас гаргасны нэг нь 31 жилийн түүхэндээ анх удаа нүүрс арилжих бэлтгэлээ хангаж буй МХБ. 10 гаруй жил ярьсны эцэст ийнхүү хөрөнгийн захын дэд бүтцийн гол байгууллага болох тус бирж нээлттэй компани болж байна. Өнгөрсөн онд 5.97 их наяд төгрөг байсан зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшнээ шинэчилсээр өдгөө 6.69 их наядад хүрээд буй билээ. Төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгосноор засаглал, ил тод байдал нь сайжрах хүлээлт бий.
67 жилийн дараа тавьсан шинэ төмөр замууд
Манай улс улирч буй онд Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад оруулав. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нэгдүгээр зэрэглэлийн, хоёр өртөө, зургаан зөрлөг, 16 гүүр бүхий 233.6 км урттай, уулзваргүй төмөр замыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орууллаа. Гашуунсухайт, Ганцмодны боомтыг холбон, цаашид ачилтын байгууламжийнх нь хүчин чадлыг өсгөн, хил дамнасан төмөр замтай болсноор экспортын тээврийн зардлыг дөрөв дахин бууруулж, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх тооцоо бий.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын хугацаанд дуусгаснаар импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэн, тээврийн зардал, хугацааг хэмнэх ач холбогдолтой. Мөн уг төмөр зам нь нь өргөн, нарийн царигийн гарцтай бөгөөд БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломж бүрджээ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг ирэх жил 15, 2024 онд 20-25 сая тоннд хүргэхээр төлөвлөж буй. Монголд 1955 онд хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар төмөр зам ашиглалтад оруулж байсан. Тэгвэл 67 жилийн дараа ийнхүү монголчууд өөрсдийн хөрөнгө, дотоодын инженерүүд, ажилчдын оролцоотойгоор хоёр чиглэлд шинэ төмөр зам тавьсан нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалт боллоо.
Сүүлийн дөрвөн жилийнхээ дээд хэмжээнд хүрсэн бодлогын хүү
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ онд бодлогын хүүг таван удаа өсгөлөө. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард уг хүүг 0.5 хувиар өсгөн 6.5-д хүргэсэн. Харинэнэ оны гурав, зургаа, есдүгээр сард 1-2.5 хувиар нэмсээр өдгөө 13-т хүргээдбайна. Бодлогын хүүг өсгөснөөр дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг дээшлүүлэх зорилготойг дээрх банкнаас дурдаж буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд болон Улаанбаатарт инфляц 14.5 хувьд хүрсэн статистик бий. Энэ нь Төвбанкны зорилтот түвшнээс давсан үзүүлэлт юм. Инфляц өнгөрсөн есдүгээр сард 13.8, бусад сард нь 14.2-16.1 хувьтай буюу тогтмол өндөр байв. Үүнд импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлж буй. Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний сагсан дахь 410 төрлийн бүтээгдэхүүний 221-ийг импортолдог нь инфляцын 46 хувийг бүрдүүлж буй гэнэ. Мөн тээврийн зардал, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш үнэ, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний зардал өссөөр байгаа нь инфляц цойлохшалтгаан болж байгааг Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос тайлбарлаж байгаа юм. Ташрамд дурдахад, 2021 оны арваннэгдүгээр сард инфляц 10.5 хувьтай байв.
Цар тахлын дараах “үнэлгээ”
Улсын хэмжээнд бүх иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн нь энэ оны онцлох үйл явдлуудын нэг байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсад “Ковид-19” өргөн хүрээнд тархаж, албан ёсны мэдээллээр бол нэг сая гаруй хүн өвчилсөн. Гэсэн ч албан бусаар энэ тоо хоёр саяыг давсан гэх таамаг бий. Үүнээс үүдэлтэй сөрөг үр дагаврууд, мөн хүн амын дундах бусад төрлийн өвчлөлийг илрүүлэх зорилгоор эхлүүлсэн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэнбүрийг хамруулж, эрүүл мэндийн байдлыг нь бүрэн “үнэлэх”, улмаар шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх зорилго Засгийн газраас тавиад буй. Үүний хүрээнд эрт илрүүлгийг эхлүүлээд хэ дийн найман сарын хугацаа өнгөрсөн ч хамрагдсан иргэний тоо хангалтгүй бөгөөд нэг саяд ч хүрээгүй. Бас уг арга хэмжээ зарим талаар үр дүн муутай буюу тоо гүйцээх зорилгоор, нэр төдий үзлэг хийдэг, мэдээлэл нь дутуу дулимаг зэрэг асуудал гарсаар байна. Нөгөө талаар иргэд ч идэвхгүй байгаа гэнэ. Ерөөсөө эрүүл мэндийн үзлэгт ийм байдлаар хайхрамжгүй ханддаг “жишиг” манайд шинэ биш. Үүнээс өмнө улсын хэмжээнд эрт илрүүлгийг хүн амын дунд зохион байгуулах оролдлого хийж л байв. Тухайлбал, 2006 онд Эрүүл мэндийн сайдаар Л.Гүндалай ажиллаж байх үед улсын хэмжээнд “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэжээ. Харамсалтай нь, хөтөлбөрийн үр дүн төдийлөн гараагүй. Үүний шалтгаан нь дээр дурдсанаар эрүүл мэндийн салбарынхан, иргэд ч идэвхгүй, хайхрамжгүй хандсантай холбоотой байжээ. Ерөөсөө иргэдийн өвчлөл, эрүүл мэндийн өнөөгийн байдал дээрх хөтөлбөр үр дүнд хүрээгүйг бүрэн илэрхийлэх биз ээ. Энэ удаагийн эрт илрүүлгийг ч өмнөх шигээ өнгөрүүлэхгүй байхад аль аль талдаа анхаарах шаардлага бий.
ЮНЕСКО-гийн хамгаалалтад орсон Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар
Засгийн газар Хөвсгөл нуурт дорвитой анхаарч эхлээд байна. Эл нуурын экосистемийг хамгаалах асуудлыг хөндсөн үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн ивээл доор Төрийн ордонд энэ жил анх удаа зохион байгууллаа. Мөн Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг бий болгов. Нуурт живсэн техник хэрэгслийг 2024 он гэхэд бүрэн татан гаргах зорилтын хүрээнд ОХУ, Япон Улстай хамтарсан дадлага, сургуулилалт хийж, техникийн болон хүн хүчний туслалцаа авах нөхцөл бүрдүүллээ. Түүнчлэн Хөвсгөлтэй холбоотой бас нэг онцгой үйл явдал болсон нь тус нуурыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэх санаачилга энэ жил биеллээ олов.
Манай улс 1990-2021 онд дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд найман газар бүртгүүлсэн байдаг. Хамгийн сүүлд 2021 онд Монгол, Оросын нутагт орших Увс нуурын хотгорыг хил дамнасан шим мандлын нөөц газрын сүлжээнд хойд хөрштэй хамтран бүртгүүлсэн. Харин Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг өнгөрсөн зургадугаар сард эл сүлжээнд оруулав. Сүүлийн хоёр жилд олон улсад дансалсан эдгээр газрыг ЮНЕСКО-д бүртгэсний баталгаа болох баримт бичгийг олон улсын төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сард БОАЖ-ын сайдад албан ёсоор гардуулсан юм. Ингэснээр Монгол Улсын цэнгэг усны 70, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурын хамгааллыг сайжруулах, хүнээс шалтгаалсан нөлөөллийг олон талаас нь судлах, хариу арга хэмжээ авах боломж бүрдлээ.
Боловсролын салбарынхны бужигнаан
2022 он бол боловсролын салбарынхан бужигнаж, зарим талаар шинэчлэл, өөрчлөлтийн салхи оруулах гэж хичээсэн жил байв. Тэр хэрээр олон сорилттой тус салбарынхан тулгарлаа. Юуны урьд “Ковид-19” цар тахлын улмаас тогтоосон хөл хориог цуцалж, бүх шатны сургууль, цэцэрлэгүүд 100 хувь танхимдхичээллэж эхэллээ. Хоёр жил хөл хорионд байж, цахим хичээл нэртэй үр дүнгүй зүйл үзэж байсан багш, сурагчид ийнхүү баяртай уулзсан ч тэднийг сурлагын хоцрогдол хэмээх маш том асуудал угтсан. Хоцрогдол одоо ч бүрэн арилаагүй бөгөөд үүнд гурван жил шаардлагатай хэмээх тооцооллыг салбарын судлаачид гаргасан билээ. Үүнээс улбаалан үүссэн бас нэгэн асуудал нь багш нарын ур чадвар байв. Тодруулбал, бүхэл бүтэн хоёр жилийн хоцрогдлыг нөхөх боломжтой, ур чадвартай багш манай улсад байна уу гэдэг нь салбарын удирдлагын “толгойны өвчин” болсон. Улмаар улсын хэмжээнд бүх багш нарыг хамруулсан гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд тал хүрэхгүй буюу 40 хувь нь л хангалттай “дүн” авсан юм. Даарин дээр давс гэгчээр багш нарын дипломыг шалгатал 700 гаруй нь хуурамч байлаа. Нийгэмд томоохон маргаан, шүүмжлэл дэгдээсэн эл асуудлыг хэрхэн шийдсэн нь одоо ч тодорхойгүй. Харин энэ оноос элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулж эхэлсэн нь тус салбарт хийсэн “гялтайх” ажлуудын нэг болсон. Ингэснээр өмнөх шалгалтад тааруу үнэлгээ авсан сурагчид өөрийгөө дахин сорих, оноогоо ахиулах боломж бүрдээд байна.
Хөгжлийн банкаа луйвардаж, нүүрсээ завшсан, их наядаар тоологдох хулгайг “сэрээв”
Халаагаа хэдхэн хоногийн дараа өгөх гэж байгаа 2022 он төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн боломжийг хулгайлж, эрх мэдлээ урвуулан, өөрсдөдөө давуу байдал бий болгосон хэргүүдийг “илчилсэн” жил болов. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн нэр хүндийг ард түмний дунд үгүй болгоод зогсохгүй, Монголыг дэлхийд муухай харагдуулах болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн сөрөг үр нөлөөг өнөө жил л ард түмэн ухаарсан мэт шуугилдацгааж байгаа. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч луйвардан эргэж төлөхгүй зугтсан, тус банкны удирдах албан тушаалтнууд үүнд нь оролцон, бусдад давуу байдал олгосон хэд хэдэн хэргийг АТГ-ынхан өнгөрсөн жилүүдэд мөрдөн шалгаж байв. Зээлээ төлөхгүй зугтаж байсан зарим аж ахуйн нэгжийнхнийг хууль, шүүхийн байгууллагад шилжүүлсэн ч эцэслэн шийдэж чадалгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг улирч буй оны эхнээс олон нийтийн хяналтад хэвлэл мэдээллийн байгууллагынхан оруулснаар өдгөө мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэхээр зэхэж буй. Ийнхүү олон нийтийн хяналтад оруулснаар тус банканд ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд, ТУЗ-ийнхөн, зээлдэгч аж ахуйн нэгжийнхэн, УИХ-ын дөрвөн гишүүн, өмнө нь төр түшилцэж, сайдын албан тушаал хашиж асан нэгнийг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон. “Хөгжлийн банкны” гэх, цагаан захтан голдуу 80 гаруй холбогдогчтой хэргийг АТГ-ынхан шалганшийдвэрлэж, олон тэрбум, их наядаар луйвардчихаад бултаж байсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлж, заримынх нь хөрөнгийг хохирол барагдуулахаар битүүмжлээд буй. Дуулиан шуугиан дагуулсан эл хэргийг ирэх ондоо багтааж шүүхээр эцэслэн шийдвэрлэх биз.
Хуулж хаяснаас хойш хэдэн жилийн хугацаанд ашиглалтад оролгүй, жолооч, зорчигчдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироож байсан Дарханы замыг ашиглалтад оруулахтай зэрэгцээд энэ замын барилгын ажлыг гацааж, хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд, тэдний удирдлагадажиллаж байсан түшмэдийг хууль сахиулагчид мөрдөн шалгах болсон нь ч оны онцлох бас нэг үйл явдал гэдэг нь гарцаагүй. Гэхдээ дараа дараачийн дуулианд дарагдан мартагдах шахаж буй билээ.
Эдгээр дуулианыг дарсан “Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэргүүд өдгөө олны анхаарлын төвд ид орчихоод байна. Бас л олон жилийн өмнөөс эхтэй, их наядаар тоологдох мөнгөн дүнтэй, ард иргэдэдээ баялгийн өгөөжийг шударгаар хуваарилдаг тогтолцоотой байсан бол бүх иргэн өр зээлтэй бус, хадгаламждаа олон саяар хэмжигдэх мөнгөтэй байх боломжийг албан тушаалтнууд хулгайлж завшчихаад буй. Одоогоор 17 улстөрчийн нэр дурдагдсан эл дуулиан ирэх оныг дамнан олны анхаарлын төвд байж, цагаан захтнуудын тоо нь ч нэмэгдэх нь гарцаагүй.
Орос Украинруу довтлов
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг дайн эхлүүллээ. Дэлхийн II дайнаас хойш Европт гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөнд тооцогдож буй ОХУ, Украины дайны улмаас 15.7 сая украин хүн (найман сая нь дотооддоо шилжин суурьшигч, 7.7 сая нь дүрвэгч) дүрвэв. Энэ сарын 22-ны байдлаар Ж.Байдены засаг захиргаанаас Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээ 21.6 тэрбум долларт хүрчээ. ОХУ-ын цэргийг Украинаас гаргах хүртэл дэлхийн 50 гаруй түнштэйгээ хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлсээр байхаа АНУ мэдэгджээ. 2022 он улирч байгаа ч гал зогсоох магадлал бага хэвээр буй.
100 саяас давсан дүрвэгсдийн цуваа
ОХУ довтолсноор эх орноосоо дүрвэсэн украинчууд дэлхий нийтийн анхаарлыг татав. Энэ нь бусад улсын хүмүүнлэгийн болон дүрвэгсдийн хямрал далдлагдахад хүргэжээ. Өдгөө манай гарагт 32 сая орчим хүн хавчлага, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас эх орноосоо дүрвэсэн байна. Дотооддоо дүрвэгсдийг нэмбэл эл үзүүлэлт 100 сая давах аж. Энэ нь 2021 оныхоос 13 саяар ихэссэн үзүүлэлт юм. Украинаас гадна Сири, Афганистан, Өмнөд Судан, Йемений нөхцөл байдал хүнд хэвээр. Дүрвэгсдийн тавны нэг нь Сирийн иргэн. Хаитид гэмт бүлэглэлийн хүчирхийлэл газар авснаас олон мянган иргэн нь дүрвэхэд хүрэв. Гэвч Украиныг дэмжин, тусалж буй Өрнөдийн орнуудын хүчин чармайлт бусад газрын хүмүүнлэгийн хямралыг хайхралгүй орхигдуулахад хүргэх вий хэмээн олон улсын тусламжийн агентлагууд болон хувийн хүмүүнлэгийн байгууллагууд санаа зовж байна.
“Ковид” намжих нь
“Ковид” дэгдэж эхэлснээс хойш гурван жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард ДЭМБ-ын тэргүүн цар тахал удахгүй дуусахыг мэдэгдэв. 2020 оны эхээр коронавирус дэлхий даяар тархах үед авсан хөл хорио, аялал жуулчлалын хязгаарлалт зэрэг арга хэмжээнээсээ олон улс татгалзсан нь үүнийг нотолно. Вакцин, эмчилгээ амжилт олсон нь уг өвчнөөр нас барах магадлалыг бууруулжээ. Саяхныг хүртэл хөл хориогоо цуцлаагүй үлдсэн ганц орон нь БНХАУ байв. Эрх баригчдынхаа баримталсан хатуу бодлогыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан тус улс даяар болсны дараа энэ сард Бээжин хязгаарлалтаа зөөлрүүлж эхэлсэн. Гэсэн ч дотооддоо өндөр үр дүнтэй вакциныг бүтээгээгүй, Өрнөдийн амжилт олсон тийм бүтээгдэхүүнийг импортлохоос татгалзаж, хүн ам нь цар тахалд харьцангуй бага өртөж, дархлаа муу тогтсон тус улсад ирэх онд нас баралт нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Дэлхий дахиныг “сорьсон” инфляцын өсөлт
Энэ жил инфляц дэлхий даяар өсөв. Үнийн өсөлт нь эрэлт, нийлүүлэлтээс хамааралтай. Эрэлт талаас нь үзвэл цар тахлын үеийн төрийн мөнгөний зөөлөн бодлого, эдийн засгийн уналтаас сэргийлэхийн тулд гаргасан зардал хэрэглэгчдийн халаасанд илүү их мөнгө оруулсан. Нийлүүлэлтийн хувьд эхлээд “Ковид”, дараа нь Орос, Украины дайн дэлхийн сүлжээг тасалдуулж, өргөн хүрээний барааны хомсдол үүсгэв. Удирдагчид улам газар авч буй олон нийтийн уур хилэнг дарахыг хичээсэн ч баян, ядуу аль ч оронд үнийн өсөлт улс төрийн тогтворгүй байдал бий болгожээ. Инфляцыг тогтоон барихын тулд бодлогын хүүг өсгөх шаардлагатай. Гэтэл энэ нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлыг шийдвэрлэхгүй төдийгүй эдийн засгийн уналтыг өдөөж болзошгүй. АНУ-ын Холбооны нөөцийн сан болон бусад Төвбанк “зөөлөн буулт” хийнэ хэмээн найдаж байна. Тэд ингэж чадсан ч бодлогын өндөр хүү ядуу олон орныг өрийн хямралд хэдийн оруулжээ.
АНУ, Хятадын харилцаа хурцадлаа
Хятад, Америк хоорондоо өрсөлдсөөр. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчлахад Хятад улс дайсагнасан хариу үйлдэл үзүүлсэн нь хоёр орны харилцаа хэр хурцадсаныг харуулсан. Аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Хятадын хиймэл оюун ухаан зэрэг салбарт ноёрхоход шаардлагатай хагас дамжуулагч чип, технологи авах эрхэд хориг тавьж, хөгжлийг нь хязгаарлах томоохон алхам хийсэн билээ. Тэрбээр мөн холбоотнуудаа Хятадын эсрэг хатуу байр суурьтай байхыг уриалсаар байна. Арваннэгдүгээр сарын дундуур Ж.Байден, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. Тэд хурцадмал байдлыг намжаахын төлөө ажиллахаа харилцан амлаж, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв. Гэсэн ч бие биедээ үл итгэсэн, хурцадмал байдал ойрын жилүүдэд тус хоёр улсын харилцаанд давамгайлж болзошгүйг ажиглагчид тэмдэглэв.
Өмнөд Америкт зүүнийхэн хүчээ авав
Өмнөд Америкийн улс төрд таван жилийн өмнө барууны төвч үзэлтэй улстөрчид ноёрхож байв. Гэтэл 2018 онд Мексикт Андрес Мануэль Лопес Обрадор сонгогдсоноор салхи эргэжээ. Түүнээс хойш Аргентинд Альберто Фернандес, Боливид Луис Арсе, Перуд Дина Болуарте, Чилид Габриэль Борич, Хондураст Шиомара Кастро, Колумбид Густаво Петро, хамгийн сүүлд Бразилд Луиз Инасио Лула да Силва Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр өдгөө тус бүс нутагт зүүний чиг хандлага бүрэн “ноёрхов”.
Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байна
Эрдэмтэд 40 жилийн өмнө анх удаа уур амьсгалын сүйрлийн талаар сэрэмжлүүлж байв. Өдгөө цаг агаарын эрс тэс үзэгдэл ердийнх болжээ. Энэ жил Европт ер бусын халуун болсны улмаас 53 000 хүн амиа алдаж, ой мод шатаж, гол, мөрөн ширгэв. Пакистанд хэт халж, дараа нь бороо орж, тус улсын гуравны нэг ньүертавтжээ. АНУ-ын баруун өмнөд нутагт ган гачиг тохиож, Мид нуур зэрэг усан сан ширгэж, ургац буурав. Зүүн нутагт нь Ян хар салхи Флорида муж улсыг сүйрүүлсэн. Египетийн Шарм Эль-Шейх хотод болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтаар чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хохирсон ядуу орнуудад нөхөн олговор өгөхөөр тусгасан хэлэлцээр баталснаар өндөрлөсөн. Гэвч утааг бууруулах чиглэлээр ямар ч ахиц гараагүй. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хийн эзлэх хувь энэ онд нэмэгджээ. Харин НҮБ-ын биологийн олон янз байдлын бага хурлаар дэлхийн 200 орчим улс 2030 он гэхэд манай гаргийн гуравны нэгийг хамгаалалтад авахаар тохиролцов.
Олимп, хоккей, хөлбөмбөгөөр эв санаагаа нэгтгэлээ
Өвлийн XXIV олимпын наадам БНХАУ-ын нийслэлд болов. Ингэснээр Бээжин зуны болон өвлийн олимпын наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болжээ. Энэ удаагийн өвлийн олимпод 91 улсын 2871 тамирчин спортын долоон төрлөөр 109 багц медалийн төлөө хурд, хүчээ сорив. Авсан нийт медалийн чансаагаар Норвег, Герман, Хятадын тамирчид тус наадмын эхний гурван байрыг эзэллээ. Мөн өвлийн XIII паралимпийн наадам болсон тус хот зуны болон өвлийн паралимпийг хоёуланг нь зохион байгуулах анхны хотоор түүхэнд тэмдэглэгдсэн байна. Үүнд 46 орны 564 тамирчин оролцов. Мөн шайбтай хоккейн ДАШТ Финландын Хельсинки, Тампере хотод боллоо. Энэ тэмцээнд 16 улс оролцсоноос Финландын баг алт, Канадынх мөнгө, Чехийнх хүрэл медаль хүртжээ. Үүний сацуу Катарт хөлбөмбөгийн ДАШТ болж, 32 орнышигшээ баг оролцов. Алтан цомын эзнээр Аргентины хөлбөмбөгчид тодорч, Франц, Хорватын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.