“Saturn extreme Mongolia” компанийнхан Дархан-Уул аймгийн Хонгор сумд агаарын дугуй болон уралдааны жижиг машинаар тоглуулах үйлчилгээ явуулж эхлэх гэж байна. Нээлтийг нь маргааш хийх нь. Агаарын дугуйгаар хоёр талдаа 220 метр зай туулах бөгөөд хослон замд гарах аж. Хэдий хэр хугацаанд барианд орж ирэх нь дугуйг хэр жийхээс хамаарах гэнэ. Уг үйлчилгээ болон уралдааны машинаар 250 метр газрыг туулахад 10 мянган төгрөг төлөх юм. Мөн тэнд хийлдэг том, жижиг чарга бий. Насанд хүрэгчид агаарын дугуй жийж, уралдааны машин жолоодох хооронд хүүхдүүд нь чаргаар уралдах боломжтой. “Saturn extreme Mongolia” компанийнхан залуучуудад зориулсан, архи, согтууруулах ундаагүй амралтын бүс байгуулах хүсэлтийг тус сумын ЗДТГ-т тавихад дэмжин, хамтран ажиллаж буй гэнэ. Тус компанийн ажилтан Д.Моломжамц “Манай үйлчилгээг хүмүүс нэлээд сонирхож байгаа. Ямартай ч амрагчид түр байрлах хоёр гэр барих нь зүйтэй гэж ярьцгааж байна. Бид бас хүмүүсийг агаарын бөмбөлгөөр аялуулахад бэлэн болсон. Одоогоор зөвшөөрөл аваагүй байгаа болохоор энэ удаа нээхгүй” гэлээ.
Бэлтгэсэн Р.Жаргал