Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалттай цахим хөрөнгийн бирж DAX өчигдрөөс вэб хувилбарт шилжжээ. Энэ нь олон улсын криптовалютын биржүүдийн ажилладаг жишигт нэг алхмаар ойртсон шинэчлэл болсныг тэмдэглэж Ард санхүүгийн нэгдлийн охин компаниудын удирдлагууд олон нийт, харилцагчдад мэдээлэл өглөө. DAX вэб хувилбарт шилжсэнээр Ард аппын цэсээс хасагдаж, dax.mn цахим хуудас дээр ажиллаж эхэлжээ.
Мэдээллийн эхэнд “Ард Экс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг вэб хувилбарын давуу тал хийгээд ажиллах процессын талаарх танилцуулга хийсэн юм. Юуны өмнө хэрэглэгч Ард аппликейшнээ шинэч лэх буюу update хийх ёстой. Үүний дараа dax.mn цахим хуудаст нэвтэрч бүртгэлээ хийнэ. Бүртгэлийн явцад хэрэглэгчээс ТАН код нэхэх бөгөөд кодыг Ард аппликейшны “үйлчилгээ” цэсээс авна. Ийнхүү нэвтэрч, арилжаанд оролцох боломжтой болох юм байна. Цахим хөрөнгийн бирж DAX ийнхүү вэб хувилбарт шилжсэнээр хэрэглэгчдэд ямар давуу тал олгох талаар гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “DAX цаашид олон улсын криптовалютын биржүүдийн ажилладаг жишиг, стандарт руу шилжиж, илүү өргөн цар хүрээтэй ажиллах боломжтой болж байна.
Шинэ хувилбарын харилцагчдад олгож байгаа давуу талууд бол илүү хялбар бөгөөд аюулгүй байдал юм. Нэгэнт өөрийн хөрөнгө, мөнгөө байршуулан арилжаанд оролцож байгаа учраас аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Мөн биткойны орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой болж байна. Харилцагч илүү хялбараар цахим биржийн үйл ажиллагааг авч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, криптовалютын бирж олон улсад хэрхэн ажилладаг тэр жишгээр ажиллаж эхэлж байна. Цаашид бид DAXыг тусдаа апп болгон хөгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв. DAX 2020 оны арванхоёрдугаар сарын 14нөөс эхлэн өчигдрийг хүртэл Ард аппликейшнд суурилан цахим биржийн үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд нийт 860 мянга орчим харилцагч 578 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн статистик байна. УИХын 2020 оны 24 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.7.3т төр, засгийн зүгээс хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан төлбөр, татвар, биржийн үйл ажиллагааг нэвтрүүлнэ хэмээн заасан билээ.
Төр засгийн зүгээс эхлүүлэх, хөгжүүлэх шаардлагатай эдгээр санаачилгыг хувийн хэвшил манлайлал үзүүлэн үр дүнтэй ажиллаж байгаагийн нэг илрэл бол Ард санхүүгийн нэгдэл, түүний охин компаниудын үйл ажиллагаа юм. Цахим мөнгөний үйл ажиллагаа, бирж зэрэг санхүүгийн супермаркет гэж нэрлэж болох Ард аппликейшний хэрэглэгчид өнөөдөр нэг саяыг давжээ. Тус компанийн 2021 оны төлөвлөгөө ийнхүү эхний улиралдаа биелснийг “Ард кредит” компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв. Мөн тэрээр “Олон нийт, харилцагчдын дунд цахим мөнгө буюу АрдКэш, АрдКойн хоёрыг бага зэрэг эргэлзэж ойлгодог асуудал бий. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1нээс хэрэгжиж эхэлснээр цахим төлбөр тооцооны үйлчилгээнд банкнаас бусад этгээд оролцох боломж нээгдсэн. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Ард аппликейшнийг нэвтрүүлсэн манай хамт олны хувьд Монголбанкнаас цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл авсан.
Тэр утгаараа АрдКэш буюу цахим мөнгийг гаргасан. Харин АрдКойн бол урамшууллын лоялти оноо” хэмээн тайлбарласан юм. Шинэ тутамд хөгжиж буй блокчейн технологи дээр суурилсан криптовалютын арилжааны тухай ойлголт олон нийтийн дунд янз бүр түвшинд байсаар байгаа юм. Ялангуяа АрдКойн гэж яг юу вэ. Дэлгүүрээс бараа худалдаж авсны урамшууллын оноо юу. Хэрэв тийм бол урамшууллын оноог мөнгө болгож болдог хэрэг үү, зөвхөн тухайн дэлгүүрээс бараа худалдаж авахдаа хөнгөлөлт эдэлдэг уламжлалт харилцаа юу вэ гэх мэт асуултууд нэг үе хөвөрч ирсэн. Энэ асуудалд хэвлэлийн хурлын үеэр “Ард Бит” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантиг тайлбар хийв.
Тэрээр “Лоялти оноо гэдэг бидний мэддэг уламжлалт оноог блокчейн технологи ашиглаад шинэ түвшинд гаргаж ирсэн. Энэ нь хэрэглэгчдэд маш том боломж нээж өгсөн хэрэг. Товчхондоо, эрх чөлөө, хөрвөх чадварыг нь сайжруулсан. Ард аппликейшний хэрэглэгчид өнөөдөр нэг саяыг давсан байна.
Дэлхий даяар блокчейн салбар хөгжлийн шинэ түвшинд хүрсэн байгаа энэ үед олон улсын түвшинд гаргана. Ингэхдээ шат шатаар, олон улсын зах зээлийг судалж, стандартад нь нийцүүлж илүү олон сая хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж байна” гэсэн юм. Хурлын төгсгөлд Ард санхүүгийн нэгдлийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар Ард холдингс интернэшнл компанийн гүйцэтгэх захирал Ц.Бархас товч мэдээлэл өгсөн. Ард санхүүгийн нэгдэл гадаадад гацсан монголчуудад сэтгэлийн дэм өгөх “Хүчтэй Хамтдаа” аян эхлүүлэн эх орондоо ирэх хүсэлтэй ч хөрөнгө мөнгөний улмаас ирж чадахгүй байгаа иргэдэд зориулсан бүртгэлийг эхлүүлж, өнгөрсөн сард дуусжээ. Мөн “Хүүхэд бүрт 77 АрдКойн” арга хэмжээнйи бүртгэл үргэлжилж байгааг тэрээр дуулгалаа. Одоогийн байдлаар нийт 125 мянган хүүхэд бүртгүүлээд байгаа аж.