Олон улсад “Хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тэмдэглэж, зорилтот бүлэг рүү чиглэсэн олон төрлийн аян өрнүүлж ирсэн. Дэлхий нийтээр дээрх өдөрт ач холбогдол өгч, тэмдэглэдэг болсоор 21 дэх жилтэйгээ золгож байна.
Хорт хавдар тусаж, үхэл амьдралын ирмэг дээр хамаг байдгаа шавхан тэмцэж яваа олон мянган иргэн манай улсад бий. Тухайлбал, жил бүр дунджаар 6000 хүнээс шинээр хорт хавдартай гэсэн онош батлагддаг.
Мөн 100 мянган хүнд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 101.1 байхад манай улсад уг үзүүлэлт 229.2 байна. Энэ нь 3.3 сая хүн амтай манай улсын хувьд энэ бол үнэхээр аймшиг. Юун коронавирус.
Хавдар бол халдварт өвчин биш. Сүүлийн жилд дэлхий дахиныг түгшээгээд буй коронавирус шиг халдварладаггүй. Гэхдээ хавдартай иргэдийн 70-80 хувийнх нь онош хожуу буюу хүнд үедээ илэрдэг гэсэн судалгаа байна. Тиймээс хорт хавдраар өвчилсөн хүмүүс асар их хэмжээний санхүүгийн дарамтад ордог. Улмаар орон байраа зарж, өр зээлд унана. Олны танил, харьцангүй боломжийн амьдралтай нэгэн байлаа ч санхүүгийн дарамтад орж хандивын аян зохион байгуулж байсныг та бүхэн санаж буй биз ээ.
Тиймээс жил бүр дөрвөн мянган иргэнээ алдсаар байх уу, үгүй юү гэдэг нь төрийн менежментээс хамаарах юм. Харамсалтай нь, эрүүл мэндийн салбарын хөгжил, ажлын зохион байгуулалт маш муу байгаа нь дээрх тоо баримтаас харагддаг. Хавдрыг эмчлэх зориулалттай улсдаа цор ганц гэгдэх ХСҮТ-ийн удирдлага эхнээсээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, өвчнөөр бизнес хийж буй гэх хардлага гарч, тухайн үйлдэл нь батлагдсаныг бид харлаа, сонслоо.
Иймд хорт хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх, оновчтой болгох нотолгоонд тулгуурласан бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх нь Монгол Улсын тулгамдсан асуудал болоод байна. Манай хувийн хэвшлийн томоохон байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ард иргэддээ тусалж, тэднийхээ зовлонг нимгэлхээр чадах ядахаараа хичээж буйг дурдахгүй өнгөрүүлж болохгүй. Тухайлбал, ХААН банк Сангаас “Хавдрын эсрэг Үндэсний аян”-ыг 11 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг илрүүлсэн үр дүнтэй байна.
Тус банкны хувьд “Хавдрын эсрэг Үндэсний аян”-ыг 2011 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Олон нийт ч ХААН банкнаас өрнүүлсэн дээрх сайн үйлсийг аяныг зүй ёсоор үнэлж талархдаг аж.