Монгол Улсын инженерийн боловсролын түвшин, монгол инженерүүдийн чадал чансааг дэлхийд таниулсан түүхэн үйл явдал саяхан боллоо. Робот зохион бүтээгч оюутан залуусын дунд зохион байгуулдаг “ABU Robocon” олон улсын тэмцээнийг манай улсад анх удаа зохион байгуулав.
МҮОНРТ, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор зохион явуулсан тус тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Балба, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 270 гаруй тамирчин өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлж Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Mongolia-I”, “Mongolia-II” баг өрсөлдөн, шилдэг наймд шалгарcан. Түүгээр зогсохгүй “Mongolia-I” баг дэд байр эзэлж, түүхэн амжилт үзүүллээ. Мөн “Mongolia-II” баг хагас шигшээд үлдсэн амжилтаараа “Тоёота” цом хүртсэн юм. Эх орондоо анх удаа зохион байгуулсан “ABU Robocon” тэмцээнд өндөр амжилт гаргахын тулд ШУТИС багш, оюутнуудаа бодлогоор дэмжиж, амжилт гаргах бүхий л нөхцөл боломжоор хангажээ. Тус сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Т.Намнантай ярилцлаа. Монгол Улс 2002 онд анх дотооддоо робот техникийн тэмцээн зохион байгуулж, үндэсний аваргаа шалгаруулж эхэлснээс хойш тэрбээр таван жил ерөнхий шүүгчээр ажиллажээ.
-“ABU Robocon-2019” тэмцээнд амжилттай оролцон, шигшээд шалгарч, улсынхаа нэрийг олон улсад таниулсан танай хамт олонд баяр хүргэе. Нэлээд бэлтгэлтэй, сайн зохион байгуулалттай оролцсоны үр дүнд ийм амжилтад хүрсэн байх.
-Энэ удаагийн тэмцээнд ШУТИС-ийн багууд амжилттай сайн оролцлоо. “ABU Robocon” тэмцээнд оролцох Ази, Номхон далайн бүсийн орнууд жил бүр улсдаа үндэснийхээ аваргыг тодруулдаг. Үндэсний аварга болсон баг олон улсын тэмцээнд өрсөлддөг. Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг МҮОНРТээс өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулж, нийт 18 баг оролцсон. ШУТИС-иас зургаан баг өрсөлдсөний дөрөв нь финалд шалгарсан. ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн хоёр, Механик, тээврийн сургуулийн нэг, ШУТИС-ийн харяа КООСЕН Технологийн дээд сургуулийн нэг баг шигшээ дөрөвт шалгарч, хоорондоо өрсөлдөн, үндэсний аваргыг тодруулсан юм. Ингээд Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн хоёр баг Монгол Улсаа төлөөлөн олон улсын робот техникийн тэмцээнд оролцох эрх авсан.
Тэмцээн зохион байгуулж буй орон хоёр баг оролцуулах давуу эрхтэй. Олон улсын тэмцээнд амжилттай оролцохын тулд бид маш шаргуу бэлдсэн. Яагаад гэвэл олон улсын тэмцээнд өрсөлдөнө гэдэг бол зөвхөн манай сургуулийн асуудал биш, Монгол Улсын нэр хүндийн хэрэг. Өөрөөр хэлбэл, манай улсын инженер бэлдэж байгаа арга технологи, оюутан суралцагчдын мэдлэг, чадварын түвшнийг дэлхий дахинд таниулах шаардлага бидний өмнө тулгарсан. Техник, технологи өндөр хөгжсөн, эдийн засгийн өндөр чадамжтай орнуудтай өрсөлдөх мэдээж амаргүй л дээ. Гэсэн ч бид оюутан, багш нарынхаа чадварт найдаж оролцлоо. Их хичээж, шаргуу хөдөлмөрлөсөн. Үр дүн ч гарлаа. Маш их баяртай байна. ШУТИС-ийн робоконы баг маань сургуулийнхаа түүхт 60 жилийн ойдоо хамгийн үнэ цэнтэй, том бэлгийг барьж чадлаа.
-Тэмцээнд бэлдэхэд хэр хугацаа зарцуулав. Хамгийн хүндрэлтэй асуудал юу байсан бэ?
-Бид улсын аварга шалгаруулах тэмцээнд уралдуулсан роботуудаа бүрэн шинэчилсэн. Яагаад гэвэл олон улсын түвшинд үндэсний роботын тэмцээнд оролцосон роботуудаараа оролцох боломжгүй байсан юм. Бусад улсын үндэсний аварга болсон их сургуулиуд тэмцээндээ хэрхэн бэлдэж байгааг нэлээд судалсан л даа. Жишээ нь, БНХАУ “Манай улсын баг 20 секундийн дотор цэвэр ялна. Бид технологийн гайхамшгийг дэлхий нийтэд харуулна” гээд өнгөрсөн зургадугаар сард л роботуудаа бэлэн болсныг интернэтийн орчинд мэдээлсэн байсан. БНХАУ-ын үндэсний аварга нь 600 гаруй багийг ялж, тодорсон. Индонезоос 100 орчим сургуулиас шигшигдсэн баг ирнэ. Вьетнамд мөн л 100 гаруй сургууль өрсөлдөж, шилдгээ шалгаруулдаг. Энэ мэтээр бид бусад улсын туршлагыг нэлээд судалсны дараа роботоо зайлшгүй сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Хамгийн түрүүнд роботоо бүрэн шинэчлэхийн тулд шинэ санаа шийдлээ гаргах, зураг зохиомжоо боловсруулах, технологийн боломжуудаа судлах, хэрэгцээтэй эд анги, техник, эд хэрэглэгдэхүүнүүдээ худалдаж авах шаардлага тулгарсан. Манай улсаас олдохгүй учраас ойрхноор нь голдуу л урд хөршөөс захиалж, худалдаж авсан, мотор зэрэг зарим нэг эд ангийг япон улсаас захиалж авсан. Роботоо бүтээчихээд, зориулалтын талбайд олон удаа туршилт явуулсан. Оюутнууд, багш нарын гаргасан санаа тооцоо болж, цаасан дээр буугаад, зураг, төсөл боловсруулан, туршилт хийж, сайжруулах зэрэг олон үе шат дамжиж байж бодит ажил болдог. Туршилтын үр дүнд роботоо тухай бүрт нь сайжруулж, зүгшрүүлсэн. Мөн үзүүлэх тоглолтууд хийж, ШУТИС дотроо тэмцээн зохион байгуулж, оюутнуудаа чадавхжууллаа. Хамгийн гол зүйл бол хүүхдүүдийн ажиллах нөхцөлийг сайн хангах. ШУТИС-ийн удирдлага, захирлын зөвлөл оюутнуудаа дэмжиж, тусгайлсан орчин бүрдүүлж, ажиллах нөхцөлөөр хангасан нь амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн. Өнгөрсөн зургадугаар сараас хойш хоёр сар гаруйхан хугацаанд шинэ роботууд бүтээж, олон улсын уламжлалт тэмцээнд оролцож түүхэн амжилт гаргасан нь үнэхээр бахархууштай зүйл юм.
-Хоёрхон сар гэдэг нь бусад улстай харьцуулахад маш богино хугацаа юу?
-Шинэ робот бүтээж байгаа хүмүүст бол маш богино хугацаа. Маш их цаг, хөдөлмөр, мэдлэг оюун шаардсан ажил юм. Миний бие зохион байгуулалтыг ерөнхийд нь хариуцаж ажилласан. Манай Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш, доктор Ц.Хүрэлбаатар, Б.Дорж нар оюутнуудынхаа хамт сургууль дээрээ байрлаж, өдөр шөнөгүй ажилласан. Долдугаар сарын 20-нд бүх улсын роботыг битүүмжлээд, наймдугаар сарын 15- ны дотор Монгол улс руу ачуулсан. Зохион байгуулагч орны роботыг ч яг ижил хугацаанд битүүмжилсэн. Тэрнээс өмнө амжиж манай багийнхан шинэ роботоо бүтээхээр үндэсний аваргыг тодруулснаас хойш их шаргуу ажиласан. Гэтэл бусад улсын их суруулиудын 10 гаруй сарын хугацаанд хийсэн роботуудтай өрсөлдлөө.
-“ABU Robocon-2019”-ийн дүрэм, даалгавар шинэлэг, сонирхолтой болсон гэж тэмцээний үр дүнгийн хурлаар үнэлсэн байна лээ.
-Зохион байгуулагч орон түүхээ тэмцээний дүрэмд “шингээдэг” сайхан уламжлал бий. Энэ жилийн хувьд манай зохион байгуулагчид Монгол орноо таниулан, сурталчлах зорилгоор морийг бэлгэдэж, дөрвөн хөлт робот бүтээх даалгавар боловсруулсан байна лээ. Тус тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлт робот бүтээх даалгавар байгаагүй гэдгээрээ энэ удаагийн тэмцээн онцлог болсон. Өмнөх жилүүдэд голдуу дугуйт роботоор өрсөлдсөн. Дугуйт роботын бараг төгс шийдлийг Япон, Хятад, Вьетнам зэрэг орнууд бүтээсэн гэж хэлж болох байх.
-Эх орондоо өрсөлдсөн нь хүүхдүүдийн сэтгэл зүйн хувьд давуу тал болсон уу?
-Тэгэлгүй яах вэ. Сэтгэл зүйн бэлтгэл чухал нөлөөтэй. Оролцогчид гар, автомат гэсэн хоёр роботоор өрсөлдсөн. Гар роботыг хүүхэд гараараа удирдах ёстой. Өндөр хөгжсөн орнууд гар роботоо мөн автомат удирдлагатай болгосон байсан. Гараар удирдаж байгаа мэт харагдавч автоматаар ажилласан гэсэн үг. Манайхан болохоор яг үндсэн дүрмээрээ гараараа л удирдсан. Энэ жил манай автомат робот онцгой байлаа. Техник, технологи өндөр хөгжсөн орны роботуудаас илүү хурдалсан. Харин гар робот дээр бага зэрэг алдаа гаргасан. Оролцогчийн сэтгэл зүйн байдал үүнд нөлөөлсөн болов уу. Сургуулийнхаа, улсынхаа нэрийг олон улсад гаргах ёстой гэсэн хүнд даалгавар манай оюутнууд авсан. 16 орны телевиз тэмцээнийг сурвалжилсан. Улс бүрийн телевиз “ABU Robocon” тэмцээнийг бүтэн жилийн турш гаргадаг юм билээ. Тэмцээний үеэр 3000-4000 хүн цугларсан.
ШУТИСиас 700 орчим оюутан очсон. Гадаадын 700 орчим хүн ирлээ. Бусад нь манай ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, сонирхогчид байв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Манай салбарын сайд Ё.Баатарбилэг, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн А.Ундраа болон Их дээд сургуулиудын удирдлагууд ирж үзэж сонирхон, энэ тэмцээний ач холбогдол, үр өгөөжийг ойлгож, үнэлж байгаад бид их баяртай байна. ЗГ-ын тэргүүн, сайд нарын өмнө, тэр олон хүмүүсийн чимээ шуугиан, хашхиралдаан дунд ганц хүүхэд робот удирдахаар сэтгэл зүй нь ямар байх вэ. Мэдээж хэцүү байна. Финалын үеэр манай хүүхэд жаахан сандарсан. Сандраагүй бол бид гран при шагнал хүртэх хэмжээнд өрсөлдсөн гэж дүгнэж байгаа. Гран при шагнал хүртсэн Хонконгийн баг 35 секундэд цэвэр ялалт байгуулсан юм. Манай баг хагас шигшээдмөн 35 секундэд цэвэр ялалт хийсэн. Монголын оюутнууд маань сэтгэлгээний цар хүрээ, хийж бүтээх авьяас, хамтран ажиллах чадвараа дэлхий дахинд харуулсан сайхан үйл явдал боллоо гэж дүгнэж байна.
-Роботын эх орон хэмээгддэг Япон, технологийн хөгжлөөрөө гайхуулна гэж мэдэгдсэн БНХАУ зэрэг өрсөлдөгч орнуудыг харахад техник, технологийн хөгжил, эдийн засгийн чадамжаараа манайхтай харьцуулшгүй өндөр байна. Гэсэн ч Монгол Улс түүхэн амжилт үзүүллээ. Бусад орны оролцогчид манайхыг ийм амжилт гаргахад гайхсан уу?
-Үндэсний роботын тэмцээнийг 2002 онд анх зохион байгуулснаас хойш би эхний 6 жил тасралтгүй шүүгч, ерөнхий шүүгчээр ажилласан. Олон улсын тэмцээнийг үзэх сэн гэж боддог байлаа. Өнгөрсөн жил үзэх боломж олдож, Вьетнамд болсон олон улсын тэмцээнд үндэсний багаа удирдаж, оролцуулсан юм. Энэ жилийн тэмцээнийг манай улс зохион байгуулах болсон учир туршлага судлах зорилго бас байсан. Вьетнам бол техник, технологи өндөр хөгжсөн, хүчирхэг эдийн засагтай, үйлдвэржсэн орон. Их сургуулиуд нь дэргэдээ үйлдвэртэй. Оюутан залуус, багш нар сэтгэн бодсон зүйлээ бүтээл болгох бүх орчин, нөхцөл нь бүрдсэн гэсэн үг. Тийм орчинд ажилладаг хүмүүс манайхныг мундаг байхаар гайхалгүй яах вэ. “Танай улс ямар мундаг, хурдан ахисан юм бэ. Бид Монголыг ийм хүчтэй өрсөлдөгч гэж тооцоогүй. Гэтэл хамгийн хүчтэй өрсөлдөгчидтэй таараад, бүгдийг нь ялаад, шигшээ тоглолтод шалгарлаа” гэж урьд нь уулзаж, туршлага судалж байсан хүмүүс саяын тэмцээний үеэр хэлсэн. Манайх хэсгийн шатанд БНХАУ, Вьетнам, Япон гэсэн хамгийн хүчтэй өрсөлдөгчидтэй таарч ялаад, гран пригийн төлөө тоглохоор шалгарсан. Энэ нь бидний хувьд бахдам амжилт. БНХАУ олон улсад тав, Вьетнам зургаан удаа аварга. Япон мөн гурван удаа аварга болсон шүү дээ. Оролцогч улсуудын их сургуулиудын профессоруудтай уулзахад монгол оюутнуудын чадвар дэлхийн түвшинд хүрснийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Монголын инженерийн боловсролын түвшин, чадал чансааг харууллаа. Энэ бол зөвхөн ШУТИС-ийн бус, Монголын амжилт. Тиймдээ ч бид хоёр багаа “Mongolia-I”, “Mongolia-II” гэж нэрлэсэн.
-Олон хүн “Монголчууд яаж ийм хэмжээнд хүрэв” гэж асуусан уу?
-“Урьд нь манай оюутнууд сонирхлоороо л тэмцээнд оролцдог байсан. Энэ жил ШУТИС-ийн түвшинд онцгой анхаарсан. Монголдоо анх удаа зохион байгуулж буй нь мэдээж нөлөөллөө. Монгол Улсын эдийн засаг хэдийгээр хүчирхэг биш ч монгол хүний мэдлэг оюун хүчтэй шүү гэдгийг харуулах зорилгоор бид энэ жил нэгдсэн зохион байгуулалтад орж, хөрөнгө төсөв нэлээд зарцуулж, дэмжлэг туслалцаа хөөцөлдөж гүйсэн. Бид хүүхдүүдийн ажиллах боломжийг сайн хангахыг ихэд хичээсэн. “Бод, сэтгэ, ажилла, турш. Мөнгөнд бүү санаа зов” гэж оюутнууддаа хэлж байлаа. Урьд жилүүдэд бол багш, оюутангүй мөнгөнд л санаа зовж, төсөв олох гэж нэлээд гүйдэг байсныг сайн мэднэ л дээ. Жижиг эд анги, эрэг боолт хүртэл цагаа тулахаар үнэтэй санагдаж, хэчнээн гоё санаа байсан ч хэрэгжүүлэх алхам тутамд хүндрэл учирдаг. Тиймээс мөнгөнд санаа зовохоос өөр аргагүй. Сүүлийн тоглолт дээр манай роботын моторын гол тахийсан. 10 гаруй удаа бэлтгэл хийхэд зүгээр байсан хэрнээ шийдвэрлэх үед тахийж байгаа юм. Ачааллаа даахгүй байхгүй юу. Гэтэл өрсөлдөгчид манайхаас хэд хэд дахин үнэтэй мотор тавьж байна шүү дээ.
-Төсвийг ШУТИС-иас гаргасан уу. Хэр их хөрөнгө зарцуулав?
-Багагүй хөрөнгө шаардагддаг. Улс орны төлөөлөгчид үүнийгээ их нууцална. Өнгөрсөн жил Вьетнамд БНХАУ-ын нэг багштай уулзаж асуухад “50-100 мянган доллар зарцуулдаг” гэсэн. Төхөөрөмждөө их хөрөнгө зарахаас гадна хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл, хоол унд, байр, талбай засах гэх мэтэд багагүй мөнгө зарна. Бидний хувьд мэдээж тэр хэмжээнд хүрэхгүй боловч чадлаараа л зүтгэсэн. Ихэнх мөнгөө роботдоо л зарцуулна. Хүүхдийн хоол ундны зардлыг удирдагч багш нар, эцэг, эх нь л гаргаж байгаа юм. Оюутнууддаа зааж зөвлөн, тусалсны үндсэн дээр энэ жил төсөл бичээд БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс 10 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан. Уг мөнгөө талбай засахад зарцуулсан. Талбай засна гэдэг хамгийн чухал ажлуудын нэг. 2-3 өдөр тэмцээн явуулахад л талбайн өнгө будаг бүдгэрч, хэмжээ алдагддаг. Автомат роботууд талбайг мэдэрч явна. Нэг мм зөрөхөд, талбайг жаахан алдаатай угсрахад л олон сарын хөдөлмөр үгүй болно. Роботоо бүрэн шинэчлэхэд багагүй хөрөнгө мөнгө зарцууллаа. Сургуулийн удирдлага, ректорын зөвлөл дэмжиж тусалсан. Найман сая төгрөг дутаад, ийш тийшээ компаниуд руу нэлээд хандсан. Тэгэхэд “Эс Эл Эс Беарингс Монголиа” компани бидэнд найман сая төгрөг хандивласанд маш их баярласан. Энэ бүхний хүчээр бид хоёрхон сарын хугацаанд роботоо бүрэн шинэчилж чадлаа.
-Монгол Улсад “ABU Robocon” тэмцээний үндэсний аваргаа 2002 оноос тодруулж, олон улсад чадвараа сорьц эхэлсэн. Урьд нь ямар амжилтууд үзүүлж байв?
-Тэмцээний санаачлагч нь Япон улс. Тус улсад 30 гаруй жил зохион байгуулсан. 2002 оноос Япон улс “ABU Robocon”-ыг олон улсын тэмцээн болгосноо зарласан. Японы үндэсний NHK телевиз, Ази, Номхон далайн бүсийн орнуудын үндэсний телевизүүд гэрээ байгуулаад, улс орон бүртээ “ABU Robocon” тэмцээн зохион байгуулж, үндэсний аваргуудыг шалгаруулдаг болсон. 2002 онд манай улс анх удаа үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохиосон. Анх телевизийн жижигхэн студид тэмцээн явуулахад би шүүгчээр ажиллаж байлаа. Сүүлийн жилүүдэд том цогцолборт зохион байгуулж, илүү өргөн хүрээг хамардаг боллоо. ШУТИС 2002 оноос хойших 18 удаагийн тэмцээнд тасралтгүй оролцсон. 13 удаад нь үндэсний аварга болсон. 2004 онд тухайн үеийн нэрээр Механик инженерийн сургууль, КТМС-ийнхны хамтарсан баг олон улсын тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн. Тэр амжилтаа энэ жил ахиулж чадлаа. 2004 оноос хойш мэдээлэл, харилцаа холбооны технологи асар хурдтай өөрчлөгдөж, өндөр хөгжсөн. Ийм үед монголчууд бид олон улсад өрсөлдөхөд хэцүү гэж бид өөрсдөө хүртэл халгадаг байлаа. 2004 онд бол уг тэмцээнийг олон улсын түвшинд зохион байгуулаад удаагүй, хүүхдүүд роботоо гараараа, шударгаар хийж байсан. Одоо бол гараар хийсэн гэхэд итгэхээргүй роботоор оролцож байна. Их сургуулиуд дэргэдээ үйлдвэртэй болчихсон учраас аргагүй л дээ. Тийм улсуудтай бид робот техникээр өрсөлдөхөд хүнд. Гэсэн ч бид бүх боломжоо ашиглаад, зоригтой өрсөлдсөн. Түүнийхээ үр дүнд амжилт гаргаж чадлаа.
-ШУТИС үндэсний тэмцээний үнэмлэхүй аварга юм байна. Гол нууц нь сургалтын чанар уу, оюутнуудынх нь чадварт байна уу?
-Аливаа улс үйлдвэржиж байж л хөгждөг. Бүхий төрлийн инженер бэлддэг, төрийн өмчийн том сургуулийн хувьд ШУТИС үүнд үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Тиймээс ч сургалтын арга, технологио шинэчлэх ажилд манай сургууль улсдаа байнга манлайлагч болж ирсэн. БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд CDIO сургалтын арга, технологиудыг ШУТИС амжилттай хэрэгжүүлж, Боловсролын салбарт сургалтын шинэ арга, технологи санаачлахад манлайлан ажиллаж байна. Энэхүү инженерийн боловсрол, сургалтын шинэ хандлага, арга технологиуд нь бидний амжилтанд нөлөөлсөн. Олон чиглэлийн инженерүүд нэгдэж ажиллаж чадвал илүү цогц бүтээлийг бий болгож чадах юм. Дээр нь манай сургуулийн захирал, захирлын зөвлөл сайн дэмжиж ажиллаж, урамшуулж, итгэл өгч байна. Итгэл өгнө гэдэг их чухал. Хүүхдүүдэд итгэл өгөөд, орчныг нь бүрдүүлбэл сайн ажиллаж чаддаг. Энэ жил бид яг ингэж, сайн баг болж ажиллалаа.
-“ABU Robocon-2020” тэмцээнд амжилтаа ахиулж, гран при шагналын төлөө өрсөлдөх нь мэдээж. Цаашид юунд гол анхаарал хандуулж, хэрхэн өрсөлдөхөө тодорхойлж амжив уу?
-“ABU Robocon-2020” тэмцээн Фижи улсад болно. Зохион байгуулагч орон энэ жилийн тэмцээний дараа дүрмээ танилцууллаа. Монгол Улс өнгөрсөн жил Вьетнамд дүрмээ танилцуулсан юм. “ABU Robocon-2020” робот техникийн тэмцээнийг Фижигийн үндэсний спорт болох рагбигийн дүрмээр зохион байгуулах болсон. Мэдээж бид ирэх жил амжилтаа бататгахын төлөө хичээж ажиллана. Монгол хүүхдүүдийн чадварыг та бүхэн энэ жил харлаа. Тиймээс төр, засгаас, хувийн хэвшлийнхэн ч оюутнуудад дэмжлэг, туслалцаа үзүүлээсэй гэж хүсэж байна. Инженерийн боловсрол олгоно гэдэг асар их зардал шаардагддаг. Самбар, шохой байхад л олгочихдог боловсрол биш л дээ. Инженер бэлдэх зардал нэлээд өндөр. Техник, багаж хэрэгсэл их хэрэг болно. Цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаардана. Технологи асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа үед бид хоцрохгүй байх ёстой. Уг нь манайханд чадвар, сэтгэлгээ, санаа бий тэдгээрийгээ бүтээгдэхүүн болгож ажиллах боломж хязгаарлагдмал. Засгийн газар “Инженер, технологийн дээд боловсрол”, Дээд боловсролын шинэчлэл зэрэг төсөл хэрэгжүүлж байгаа. Манай сургууль тэдгээрийн дэмжлэг болон өөрийн нөөц бололцоо, гадаад дотоод хамтын ажиллагааны хүрээнд лаборатори, сургалт, судалгааны орчноо нэлээд сайн шинэчилж чадсан. Гэхдээ л өндөр хөгжсөн орны томоохон сургуулиудтай эн зэрэгцэж чадахгүй байгаа шүү дээ. Тиймээс улсын хэмжээнд нэгдсэн бодлого гарган, хөгжлийн загвараа оновчтой тодорхойлж, үүнд монгол инженерүүдээ дэмжин, нэгтгэж чадвал асар хурдтай баялаг бүтээгч орон болон хөгжих боломжтой гэж харж байна.
Бэлтгэсэн: Х.Отгон-эрдэнэ