ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг шагай харвааны “Хийморь” холбоог үүсгэн байгуулагч морин хуурч Б.Золзаяа биеийн тамир, спортын тэргүүний ажилтан болжээ. Түүнтэй цахимаар холбогдож, товч мэдээлэл авлаа.
-Та Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг. Олон жил хуур тоглолоо. Соёлын тэргүүний ажилтан болсон уу?
-Тийм ээ. Соёл, урлагийн салбарынхаа тэргүүний ажилтан цолтой. Хоёр салбарын “тэргүүн” болно гэж санаагүй байсан. Гэнэтийн юм боллоо. Европын шагайн холбооны 10 жилийн ой болсон юм. Энэ баяраар Европт монгол шагайн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж намайг биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол олгуулахаар тодорхойлсон байсан гэнэ.
-Шагай харваа ур чадвар их шаардах уу?
-Тэгэлгүй яах вэ. Төвлөрөл, хараа, мэргэ бүхнийг шаардана. Тэгээд ч монголчууд л харвадаг болохоор үндэсний спорт ч, урлаг ч гэж боддог. Германд амьдардаг, шагай харвах сонирхолтой монголчуудаа нэгтгээд холбоо байгуулсан юм. Бид жил бүр аваргаа тодруулах тэмцээн зохион байгуулдаг. Үндэсний томоохон баяруудын өмнө бас тэмцээнтэй байдаг. Санаачлагч нь болохоор намайг тэргүүнээр сонгосон юм.
-Хүүхдүүдэд заадаг уу?
-Ер нь шагай харвадаг эрчүүдийн хүүхдүүд аавуудтайгаа адилхан дуртай байдаг. Заримдаа хөвгүүдийг хооронд нь тоглуулах маягтай бага зэргийн урамшуулалтай харвуулдаг. Хүүхдүүд бүх байгаа онож, алдахгүй юм сан гээд үзчихнэ, хөөрхөн.