Дэлгэцийн уран бүтээлийн урд биш, ард ажилладаг нэгэн эрхмийг “Далд хүмүүс” ил гаргах гэж байна. Авьяас билиг, сэтгэл зүрхээ кино урлагт зориулж, түүнээсээ урам, эрч хүч авч яваа энэ бүсгүйг Э.Оюун-Эрдэнэ гэдэг. Киноны уран бүтээлчид түүнийг “сахал Оогий” гэдгээр нь андахгүй. Рок хөгжим сонирхдог, этгээд хувцасладаг түүнтэй олон киноны нээлтийн үеэр таарч байсан ч тухтай уулзаж, түүний ертөнцөөр аялахыг хүсдэг байв. Тэрбээр найруулагч Б.Ганболдын “Хоёр амь” киноны нүүр хувиргалтаар “Академи авардс” шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байсан юм. Түүний хамгийн сүүлд ажилласан найруулагч Б.Чингүүний “Deja vu” бүтээл кинотеатруудаар гарч буй.
-Хэзээнээс киноны нүүр хувиргагчаар ажиллаж эхлэв?
-Би нүүр будагч, үсчин. Нүүр хувиргах чиглэлээр мэргэжлийн сургууль төгсөөгүй. Мэргэшиж л явна.
-Хэрхэн энэ урлагтай холбогдсон юм бэ?
-Би “Дипломат” салонд үсчнээр ажилладаг байлаа. Тухайн үед жүжигчин Д.Оюунтуул манай байнгын үйлчлүүлэгч байсан юм. Ирэх болгонд нь л би нүүрээ янз бүрээр будчихсан байдаг байв. Нэг удаа жигтэйхэн яарчихсан манайд ирлээ. Нүүрээ будуулах хүн нь ажилтай болчихсон гэнэ. Тэгээд “Чи яг өөрийгөө будсан шигээ будаад өг. Өөр салон хайж явах цаг алга” гэсэн. Би будаад л өгсөн. Түүнд их таалагдсан. Удалгүй надад “Удахгүй нээх гэж байгаа киноны танилцуулгын зургийг өнөөдөр авна. Нүүр будах хүн хэрэгтэй гэж байна. Яваад оч” гэсэн. Тэр нь “Тагнуулч аав” кино байлаа. Тэгж Гавьяат жүжигчин И.Одончимэг эгчийн нүүрийг анх будаж, танилцсан. Дараахан нь тэрбээр “Танхай тээгч” инээдмийн кино хийх гэж байна. Ажиллаж чадах уу” гэж асуусан. Би уг нь багадаа жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Элсэлтийн шалгалт өгөхөөр СУИС-ийн гадаа очсон ч зориглож орж чадаагүй юм. Тийм болохоор хэзээ нэгэн өдөр кинонд ажиллахыг нууцхан хүсдэг байв. Ингээд “Танхай тээгч”-д ажиллаж, жүжигчин О.Долгор нарын олон уран бүтээлчтэй танилцсан. Түүний дараа “Ар хударга”, “Улаан пальто”, “Зангараг” гэхчлэн кинонд ажилласан.
-Хамгийн сүүлд “Deja vu” кинонд жүжигчдийн нүүрийг хувиргажээ. Өнөөдрийг хүртэл хэдэн уран бүтээлийн “ард гарав”?
-“За, юу болов” инээдмийн кинонд ажилласан. Үзэгчдэд хараахан хүргээгүй. Өнгөрсөн жил ажилласан уран бүтээлээ тоолоход 20 гаруй л байсан. Он гарснаас хойшихыг оруулбал 30-аад болсон байх аа.
-Манайд ер нь нүүр хувиргагчдын хөдөлмөрийг үнэлж чаддаг уу?
-Би сургуулийг нь төгсөөгүй, бусад мундаг нүүр хувиргагчийн шавь биш, ижил төрлийн ажил хийж байгаа хүмүүстэй холбоогүй шахам болохоор тэдний үнэлгээг сайн мэдэхгүй юм. Нарийн мэргэжлийг нь эзэмшсэн хүмүүсийн үнэлэмж өөр байх. Би мэргэжлийн бус болохоор анхны кинонд тохирсон үнэ хөлсөөрөө их удаан ажилласан. Чадвараа ахиулж байж хөлсөө нэмэх ёстой гэж бодсон юм. Хоёр жил гаруйн өмнөөс гадаадын уран бүтээлчидтэй хамтарсан төслүүдэд ажиллалаа. Тэд нүүр хувиргагч гэлтгүй бүх уран бүтээлчийг маш сайн үнэлдэг юм билээ. Ер нь ч би ашиг олохын төлөө кино урлагт ажиллаагүй. Дуртай болохоороо л ажилладаг.
-Киноныхон таныг “сахал Оогий” гэж хочилдог юм билээ. Яагаад ийм хочтой болчихов?
-Уг нь би сахалгүй байгаа биз дээ (инээв). Өнгөрсөн жил Ардын жүжигчин А.Энхтайван гуай “Дангина” кино хийхийнхээ өмнө намайг дуудсан юм. Яваад очтол “Хүмүүс “Сахал Оогий” л гээд байсан. Чи чинь сахалгүй л юм байна шүү дээ” гэж билээ. “Хоёр амь” кинонд УДЭТ-ын жүжигчин С.БолдЭрдэнийн нүүрийг хувиргаснаас хойш ийм хочтой болчихсон. Сүүлийн үед камер, техник өндөр хөгжсөн учир хуучны аргаар сахал, үс нааж хувиргавал хуурамч нь шууд мэдэгдэнэ. С.Болд-Эрдэнэ ахыг хувиргахдаа нэхсэн сахлаа наатал яг л тэгж үзэгдэхээр байсан. Тэгэхээр нь янз бүрээр туршсаны эцэст нэг арга боловсруулсан юм. Маш үнэмшилтэй болсон шүү. Нэлээд олон нүүр хувиргагч миний тэр аргыг ашигладаг болсон байна лээ.
-Тэр кинонд ажилласнаараа та “Академи авардс”-ын шилдэг нүүр хувиргагч төрөлд нэр дэвшсэн бил үү?
-Тэгсэн. С.Болд-Эрдэнэ ах шилдэг жүжигчнээр тодорсон.
-Нүүрийг нь хувиргасны дараа жүжигчид гайхширдаг уу?
-Би жүжигчдийг аль болох үзэгчдэд өмнө нь харагдаж байгаагүй төрхтэй болгож өөрчлөхийг хүсдэг. Хөгшрүүлэх, залуу харагдуулах, эсвэл бүр санаанд оромгүйгээр өөрчлөх гээд л. Тийм ч болохоор нүүрээ будуулсны дараа жүжигчид өөрийгөө хараад уулга алдах, гайхах тохиолдол цөөнгүй гардаг шүү.
-Тэгвэл хувирснаа хараад цэрвэх, сэжиглэх, эсвэл “Ийм муухай болохгүй” гэж уурлах тохиолдол бий юү?
-Тийм тохиолдол бараг байхгүй ээ. Жүжигчид дүрд хувирах ёстой гэдгээ мэднэ. Харин залуу, эмэгтэй жүжигчид кинонд гоё, сайхан дүрд л тоглож, үзэгчдэд гоёор харагдахыг хүсэх нь бий. Гэтэл хувь жүжигчин биш, киноны дүр харагдах ёстой. Найруулагч, зураач, нүүр хувиргагч гурав тухай дүрийг тийм байх ёстой, ийм үйлдэл хийсний дараа ингэж харагдана гээд ярилцчихсан байхад жүжигчин эсэргүүцээд ч яах юм. Тийм тохиолдолд ойлгуулна. Ойлгохгүй бол загнана. Нэг охин миний загнасныг давсалж яриад, тэр нь цааш даамжирсаар зодсон болчихсон байсан. Тийм зүйл гэж юу байх вэ дээ.
-Сонсох нь ээ, та инээдмийн, адал явдалт, тулаант, уянгын гээд олон төрлийн кинонд ажиллажээ. Аль нэг төрлөөр дагнах боломжтой юу. Танд аль төрөл нь илүү сонирхолтой санагддаг вэ?
-Триллер, адал явдалт кинонд илүү сонирхолтой. Аль болох нарийн ажиллагаа шаардах кинонд ажиллаж, өөрөөсөө ямар шинэ чадвар гарахыг хармаар санагддаг. Найруулагч, продюсеруудыг санал тавихад эхлээд зохиолыг нь уншдаг. Тэгээд би чадах болов уу, яаж хийх вэ гээд боддог, эмээдэг. Гэхдээ үзээд алдана гээд л дайрчихдаг юм.
-Одоо ямар төрлийн кинонд ажиллахыг хүсэж байна вэ?
-Би аймшгийн кинонд ажиллаж үзээгүй. Их сонирхолтой байх. Бас түүхэн кинонд ажилламаар байна. Уг нь саяхан маш сонирхолтой зохиолтой аймшгийн киноны санал ирсэн. Зургийг нь хэзээ авч эхлэх нь тодорхойгүй л байна.
-Сүүлийн үед нүүр хувиргагчид тусгай эффект хийдэг болж. Тасарсан эрхтэн, хиймэл нүүр гэх мэтчилэн. Та энэ чиглэлээр суралцаж байна уу?
-Хэдэн жилийн өмнө нэг ахмад уран бүтээлч “Чи ийм зүйл мэдэхгүй байж өөрийгөө нүүр хувиргагч гэж хэлэх хэрэггүй” гэж намайг загнасан. Үнэн л дээ. Үнэхээр мэдэхгүй нь үнэн юм чинь. Түүнээс хойш гарын доорх болоод тусгай материал, түүхий эд гээд ашиглаж болох зүйлсийг ашиглан туршиж, сурч байна. “Ар хударга” кинонд ажиллах үеэр нүүр хувиргагч Ж.Оюунсувдтай танилцсан. Би түүгээр тусгай эффект заалгаж, түүнд гоёлын будалт, үс засахыг заадаг байлаа. Гэхдээ би энэ төрлөөр ажиллах тийм ч сонирхолтой биш. Би будаагүй мэт, тэгээд амьдралын үнэнийг харуулахуйцаар будах дуртай. Жишээлбэл, уурхайчин залуу байна гээд төсөөлье л дөө. Нүүрсний тортог болсон шанааг нь даган хөлс урсаж, хатахдаа зам татуулан халтартсан байдгийг тэр чигээр нь хийх ямар сонирхолтой гээч.
-Мэргэжлийн сургуульд нь сурах бодол бий юү?
-Арай ойроор нь Бээжингийн их сургуулийг сонирхож байна. Уг нь боломж олдвол Германд сурахыг хүсдэг.
-Та хэрэглэдэг будаг, хиймэл цус, цавуу, сахал үсээ хаанаас явдаг вэ. Манайд хэр олдоцтой вэ?
-Мэр сэр бий. Олонх нүүр хувиргагч хиймэл цусыг өөрсдөө л хийдэг. Сахал үсийг өөрсдөө сүлжинэ, нэхнэ. Кино урлаг нь өндөр хөгжсөн орнуудад нүүр хувиргахад зориулсан бүтээгдэхүүний үйлдвэр хүртэл бий. Тэндээс зарим үед захиалж, ихэнхдээ “монголчилдог”.
-Гадаадын олон кино үзэж, туршлага судлан, шинээр нэвтэрч буй технологийг сурахыг эрмэлздэг байх.
-Аль болох шинэ кино бүрийг үзэж, тэд ямар арга хэрэглэсэн, ямар технологи нэвтрүүлснийг нь харахыг хичээдэг.
-Тэдний ашиглаж буй шинэ технологийг цаг алдалгүй Монголдоо нэвтрүүлэх боломж хэр вэ?
-Гадаадаас бүтээгдэхүүн, түүхий эд авахад мэдээж өртөг өндөртэй. Тухайн кино нь төсөв багатай бол тэр үнэтэй будаг, хэрэгслийг авч өгөхгүй шүү дээ. Гэхдээ авч өгөөд, чөлөөтэй ажиллах боломж олгодог нь ч бий.
-Нүүр хувиргасан байдал нь таныг алмайруулсан кино бий юү?
-Гари Россын “Өлсгөлөн тоглоом” киног үзээд ёстой алмайрч байлаа. Юунд ч баригдахгүй, яаж ингэж сэтгэв ээ гэж гайхсан.
-Өөрийнхөө ажилласан киног үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Их өлөн нүдээр үздэг. “Сүүдэр нь ихдэж дээ. Ингэчихгүй, тэгчихгүй яав даа” гээд л. Алдаанаасаа суралцдаг.
-Өвлийн хүйтэн, зуны халуунд гадаа ажиллах нь түгээмэл. Зураг авах үеэр хэдэн ч хүний нүүрийг будаж мэднэ гэхээр та нарын ажил амаргүй. Ажилдаа шантарч байсан удаа танд бий юү?
-Шантарч байгаагүй ээ. Анх сурч эхлэхэд л маш сонирхолтой санагдсан. Тэгээд л улам шуначихсан.
-Хийж буй ажлын тань юу нь таныг тэгтэл дурлуулдаг юм бол?
-Тэр нь, энэ нь гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ л холдож чадахгүй. Магадгүй би дотоод ертөнцөө илэрхийлж, өөрийнхөөрөө ажиллаж чадаж байгаа нь нөлөөлдөг байх. Нөгөөтээгүүр, тэнгэрт гарсны минь дараа ийм байр, тийм машинтай хүн байж билээ гэж дурсагдмааргүй байна. Хүүхдүүд минь “Миний ээж тэр кинонд тэгж ажилласан. Аав минь ийм дуу зохиож, тийм цомог гаргасан” гэж дурсаасай гэж нөхөр бид хоёр мөрөөддөг.
-Шарх, сорвийг үнэмшилтэй харагдуулахын тулд судалгаа хийдэг байж таарна. Та гэмтлийн эмнэлэгт очоод ч юм уу, өвөрмөцөөр судалгаа хийж байв уу?
-Шарх, сорви болгон өөр шүү дээ. Гал, мэс, хүчил гээд юунаас бэртсэнээс шалтгаалаад ялгаатай. Юуных нь сорви хүнхэр, ямар нь гөлгөр байх вэ, шинэхэн шарх, хэд хоносон нь ямар болох вэ гээд л судалдаг. “Зангараг” кинонд жүжигчин Г.Алтангэрэлийн биед хутганы есөн шарх хийх болсон. Ингээд цогцос хадгалах газарт очиж, хутгалуулж нас барсан хүний цогцос харсан. Хутганы сорви яаж харагддаг, хэдэн цагийн дараа, хэд хонохоор яаж өөрчлөгддөгийг судалсан.
-Өөр юунд сонирхолтой вэ?
-Сүүлийн үед пиротехник сонирхож байгаа.
-Эрсдэлтэй биш үү. Ялангуяа эмэгтэй хүн хийх ажил биш шиг санагдах юм.
-Янз бүрийн зүйл дэлбэлэх, буудах, шатаах, тэр бүү хэл бууны сумны ул мөрийг нэгбүрчлэн үнэмшилтэй, тэгсэн атлаа аюулгүйгээр нарийн хийдэг гэхээр сонирхолтой байгаа биз дээ. Гал гаргаад л шатаачихдаг, бөмбөг тавиад л тэсэлчихдэг ажил биш юм билээ. Яаж шатаавал хохирол багатай ч үнэмшилтэй харагдах вэ, яаж тэсэлбэл хүний биед аюул учруулахгүй байх вэ гээд л олон талаас нь бодож, туршдаг. Тэсрэх бодисынхоо хэмжээ, тунг нарийн тохируулах шаардлагатай. Ажлаа хийж байхдаа буруу тооцоолбол эрсдэх ч магадлалтай. Би ер иймэрхүү экстрим зүйлд дурладаг юм.
-Энэ сонирхол, одоо хийж буй ажлыг нь гэр бүлийнхэн тань хэр дэмждэг вэ?
-Миний нөхөр UFO хамтлагийн гоцлол гитарчин. Охиноо хэдхэн сартайгаас л нэг нь тоглолт, нөгөө нь киноны зураг авах гээд явчихдаг байлаа. Анхандаа гэрийнхэн “Яасан ч цаг наргүй ажил вэ дээ” гэдэг байсан. Одоо бол сайн ойлгодог.
-Киноны ажлынхаа хажуугаар салон ажиллуулдаг юм билээ. Яаж амжуулж байна вэ?
-Нэг талаас, тогтмол орлого хэрэгтэй. Зарим жилд хоёрхон, заримдаа 6-7 кинонд дарааллаад ажиллах үе бий. Нөгөө талаас “Дипломат” салонд байхаас л үйлчлүүлсэн байнгын үйлчлүүлэгчид минь ийм салон нээхийг санал болгосон. “Barber house”-аа нээгээд жил орчим болж байна.
-Саяхан “Шинэ үе” продакшны “Буйд нутаг” эмгэнэлт, уянгын жүжигт ажилласан байна лээ. Тайзны уран бүтээлд хэр их оролцдог вэ?
-“Мөрөөдлийн театр”, “Х ТҮЦ”, “Шинэ үе” продакшны тоглолтуудад ажиллаж байсан.
-Найруулагч бүрт кино хийх болгондоо тоглуулдаг гарын жүжигчин гэж байдаг даа. Үүн шиг танд ч бас хамтран ажиллаж дадсан найруулагч байдаг байх. Та хэнтэй илүү ойлголцдог вэ?
-Би хоёр нүүргүй, шударга занг эрхэмлэдэг. Яагаад ч юм, найруулагч Б.Ганболд ахтай хамтарч үзэхсэн гэж хүсдэг байлаа. Одоо түүний бүх уран бүтээлд ажилладаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчаас үг сонсох завшаан олдсонд талархдаг. Жүжигчин, найруулагч Б.Батбаатар, Б.Жаргалсайхан зэрэг хамтарч ажиллаад дадчихсан уран бүтээлч бий. Эмэгтэй найруулагчтай хамтран ажиллаж үзээгүй байгаа.