ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй олон талт арга хэмжээний нэг нь “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэн юм.
Энэхүү үзэсгэлэнд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьжээ.