Чингиз Айтматовын өгүүллэг, Елена Баранчиковагийн жүжгийн зохиолоор найруулсан Мусалим Кульбаевын “Чингис хааны цагаан үүл” жүжгийн нээлтийн тоглолт ОХУ-ын Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын тайзнаа 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.
Жүжгийн нээлтэд Башкирын Эрдмийн драмын театрын уран сайхны удирдагч Олег Ханов хэлсэн үгэндээ “Манай театрын тайзнаа энэхүү жүжиг тавигдаж буйд ач холбогдол өгч өөрийнхөө төлөөллийг нээлтийн ажиллагаанд оролцуулж, дэмжлэг үзүүлж буй Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” гэлээ.
Энэхүү жүжгийн Чингис хааны дүрийг ОХУ-ын Ардын жүжигчин Хурматулла Утяшев, Бөртэ хатны дүрийг ОХУ-ын Гавьяат жүжигчин Эльвира Юнусова, Эрдэнийн дүрийг Артур Кабиров, Догулангийн дүрийг Зилия Халилова, Алтангийн дүрийг Башкир улсын Ардын жүжигчин Сара Буранбаева нар бүтээжээ.