Монголд зохиолчдын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр болж өнгөрсөн “Болор цом-36” ёстой л нэг үзэх юмтай, үзээд хөөрөх, хөөрсөндөө уйлж дуулсан ч болохоор наадам байлаа. Улсын наадамд түрүүлсэн “бөх” нь Базарсадын Баттулга учраас үгийн урлагт дуртай хэн бүхэн ийн хөөрцөглөсөн нь дамжиггүй. Б.Баттулга найрагч энэ дэвжээнд олон жил зодоглохдоо түрүү, үзүүрийн тааварт гарцаагүй тунадаг, тийм л ид хавтай, торгон иртэй “арслан” боловч энд тэндхийн “бүдүүн өвс”-нд хэзээний бүдэрч орхидог, тэгээд хүүхэд адил уйлж суухаас сийхгүй гэмгүй, гэгээн нэгэн билээ.
2010 онд Хөөдэйн Эрдэнэбаатар, 2015 онд “дархад” хэмээх Б.Мягмаржав найрагч түрүүлснийг эс тооцвол 2000-аад оны дунд үеэс хойш “Болор цом” наадмын нэр хүнд унан унасаар магнайлсан хүмүүс нь уншигч, үзэгчдийн талархалд бус, эгдүүцэлд ээрүүлэх нь бишгүй болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Харин өнөө жилийн наадам, МЗЭ-ийн 90 насны түүхт ойтой таширласан “Болор цом” харьцангуй шударга сайхан болсноор өндөр үүдтэй байгууллагынхаа нэр сүрийг өргөж, өргөн олон уншигчийнхаа итгэл сэтгэлийг буцаан авах шиг боллоо. Улиран одож буй шороон нохой жил Монголын зохиолчдын хувьд олон сайхан эрхэм хүмүүсээ алдаж нөхөж баршгүй гарз, уй гашуутай хэдэнтээ нүүр тулсан хүндхэн он цаг байв.
“Тэнгэрийн хүү” Шаравын Сүрэнжав гуай минь тэнгэртээ буцаж, “Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй Амжиж би сайн сайхныг дуулах учиртай” хэмээн шүлэглэсэн шигээ адгаж яарсаар Арлааны Эрдэнэ-Очир нартаас явсан. “Ээжийн нутгаа санаад байна аа, Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ” хэмээн дотогшоо ч, гадагшаа ч нурдаг Баттөрийн Мягмаржав, “Дагшин уулсынхаа догшин хяр дээр Дан майхантай 100 жил амьдарна” гэдгээ зарласан ч амьдрал хэмээх аяллаа өөр ертөнцөд үргэлжлүүлэхээр одсон Хөөдэйн Эрдэнэбаатар (тэд бол дээр дурдсанчлан “Болор цом”-ыг гуйж биш гуядаж авсан найрагчид), ирсэн зүг рүүгээ буцсан “Хаан зүгийн хүн” Лхамсүрэнжавын Ганзул гээд яруу эгшиглэнгийн, эгэл үнэний дуу хоолой болсон найрагч эрс орчлонгоос буцсанд эмгэнэн гашуудсан сэтгэлийн нулимс одоо ч бүрэн эгшиж амжаагүй байна.
“Зохиолчдын байгууллагынхаа 90 жилийн ойг ёслол хүндэтгэлтэй, утга учир, ерөөл бэлгэдэл дүүрэн тэмдэглэнэ” гээд нухацтайхан ярьж байсан Арлааны Эрдэнэ-Очир найрагч өдгөө бидний дунд үгүй ч сая “Болор цом”-ын тайзнаа түүний нэрийг хэчнээн нөхөд нь дуудсан юм. Баяр, гуниг ээлжилдэг бөөрөнхий энэ замбуулингийн жамыг бодоод ядаж ганц том наадмаа хүндэтгэлтэй, нэр төртэй, шударга сайхан зохион байгуулах түүхэн гэмээр ч юм шиг шаардлага МЗЭ-ийн удирдлагын өмнө тулгарсан нь үнэн. Нөгөөтээгүүр, “90 жилийн ой нь болох гэж байхад “Болор цом”-оо заавал хөдөөд зохион байгуулах хэрэг юу байна аа. Бас л орон нутгийнхных нь дэмжлэгтэй нэг найрагчийг түрүүлүүлэх нь дээ” гэсэн хардлага хэн хүнд төрүүлсэн нь ч нууц биш. Жил жилийн наадамд түрүүлэх найрагчийн нэр эртнээс “гэрэл цохиж”, тогоондоо яригдаад эхэлдэг жишгээр энэ удаа ч 2-3 хүний сураг дуулдаад эхлэхэд үнэндээ урам хугарсан уншигчийн нэг нь би.
36 дахь жилдээ болсон “Болор цом” наадамд өнөө жил нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс хоёрын даваанд 27-г нь тодруулсан бөгөөд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос яруу найрагчид мөн хүрэлцэн ирснээр 36 найрагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Боржигин” чуулгын тайзнаа шүлгэн хүлгээ уралдуулав. Энэ удаагийн наадамд өрсөлдсөн 36 найрагчаас дараагийн шатанд 18, ес, тав гэсэн зарчмаар шалгаруулж, нийт таван даваатай болсноороо урьдынхаас онцлогтой байлаа. Даваа ахих бүрт өнөөх “түрүү бөх”-өөр нэрлэгдсэн хүмүүсийн нэрийг хөтлөгч зарлаж дуулдах нь эгээтэй л “Би энэ наадмыг үзэхгүй ээ” гээд босдог Богдын хатан шиг шууд дамжуулалтын бичлэгийг шудраад хаачихмаар санагдаж байсныг нуух юун. Үнэндээ л зарим хүний шүлгийг сонсоход “Болор цом”-ын тайз биш, “Хүрэл тулга” наадамд уралдаж байгаа хүүхдүүдээс ялгарахааргүй, утга санаа, ур хийц, агуулга хэлбэр, зөн мэдрэмжийн хэлтэрхий ч үгүй, байдаг л нэг хуучинсаг бүтээл цөөнгүй байсныг олон нийтийн сүлжээгээр хүмүүс ч нэлээд шогшров. Ямар сайндаа л нэгэн эрхэм “Миний муу найз харсаар байтал нүдэн дээр XX зуунаас ч урагшлаад явчих юм даа” хэмээн хошигнож байх вэ.
Эрхбиш МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвөөс шалгаруулсан найрагчид нь иймэрхүү байгаа юм бол “Та нар намайг хаслаа. Би төдөн жил шүлэг бичсэн байтал намайг яахаараа “Болор цом”-д шалгаруулж, шүлэг уншуулдаггүй юм” хэмээн цаана нь сугарч үлдсэндээ шаралхаж буй зарим хэнээтэн бүр ямархуу шүлэг унших байсан бол гэхээс өмнөөс нь яс хавталзах шиг болсон доо, харин ч нэг. Хүний мөс хайлж, хүмүүний оршихуйн үнэт зүйл улам бүр алдагдаж буй нийгмийн тусгалаас яруу найрагчид өөр байх учиртай гэж итгэдэгтээ тэр биз. “Үе үеийн Монголын оюун санааны өндөрлөгийг бүтээлцсэн эрхмүүдийн шүлгээ дууддаг байсан тайз ингээд шалдаа бууж байгаа юм байх даа” гэх харууслыг үргээсэн зүйл нь харин залуу үеийнхэн буюу О.Цэнд-Аюуш, Х.Дугарсүрэн, О.Элбэгтөгс, С.Начин, Э.Гантулга, Б.Жамбалдорж, Г.Лхагвадорж нарын шүлэг байв. Тэднээс ядаж О.Цэнд-Аюуш, Б.Жамбалдорж хоёрыг айргийн тавд оруулж ирсэн тулдаа 90 жилийн ойн босгон дээрх “Болор цом” наадам босгоны шорооноос ч дорд үзэгдэж мэдэх аюулаас аврагдсан болов уу. Цагаа тулахаар Данзангийн Нямсүрэнгийн “Амитаба”, Шагдарсүрэнгийн Гүрбазарын “Би Монголоороо гоёдог” зэрэг шигшмэл бүтээлийг ч хасаад явуулчихдаг тайз учраас “Болор цом” барьцгүй л дээ. Гэхдээ шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн байхаас их зүйл шалтгаалдаг талтай.
Эрдэм номын эртний авшигтай Чойр нутагт болсон энэ наадмыг шүүн дэнслэх бүрэлдэхүүнд утга зохиол судлаач, шүүмжлэгч Гончигийн Батсуурь орсныг дуулаад “Харьцангуй шударга наадам болно” хэмээн найдсан хүн олон биз. Шулуун шударга үгийн нударгаараа гөвөхөө хүрвэл “Болор цом” наадам байтугайг нь гөвдөг тэрбээр энэ удаа ч үнэний талд зогссоны илэрхийлэл нь энэ олон уншигч, үзэгчийн хөөрч баярласан сэтгэгдэл болов уу. Яруу найргийн тайзан дээр тогтмол дээгүүр хурдалж, байнгын бэлтгэлээ алддаггүй, итгэлээ ч бас гээдэггүй гэгээн найрагчид бол Базарсадын Баттулга, Оюунцэцэгийн Цэнд-Аюуш нар буюу. Ийнхүү яруу найрагч Б.Баттулга түрүүлж, аман хүзүүнд Би.Баярсайхан, гуравт О.Цэнд-Аюуш, дөрөвт “сүнс” хэмээх Д.Одгэрэл, айргийн тавд залуу яруу найрагч Б.Жамбалдорж нар шалгарав.
“Болор цом”-д 15 жил оролцохдоо найман удаа айрагдсан “шар” Б.Баттулга найрагч өнөө жилийн тааварт байсан “түрүү бөх”-ийн өмнө гишгэж, түмний хүүхэд түрүүлж болдог наадам гэдгийг нь нотоллоо. Чойр руу наадамд явах өдрөө тэрбээр нэгэн цайны газарт ундлахдаа “Вокзалын заал нь хаанаа байдаг юм бол. Ах нь орой найман цагт тэндээс явах юм байна” хэмээн мэдээжийн зүйл асуун, “Вокзал дотроо л байгаа даа” гэх мэдээжийн хариулт аваад, “Нээрэн л тийм байх даа” гэж хээв нэг инээгээд гарсан юм билээ. Аажуу тайвуу, ажиггүй сэжиггүй, “хөөтэй” хөөрүү найрагч эр ямартай ч вокзалын заалаа олж, нөхөдтэйгөө нийлээд Чойрт очих очихдоо бүр эгшиглэнт эх Янжинлхамын хишгийг хүртсэн хэрэг. Ирж явахдаа найрагч дүү нартаа “Манай нутгийн зөвлөлөөс яриад баяр хүргэж байна” хэмээн “гайхуулсан” гэдэг. “За, тэгээд нутгийн зөвлөл гэж томроод, дүү нараа тоохоо байчихав” гэхэд нь “Яалаа гэж” хэмээн тэвдэнгүй хэлээд тачигнатал хөхөрсөн гэнэ лээ. Зарим хүний тухайд эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагч болохын тулд эхлээд нутгийн зөвлөлийнхнөөрөө МЗЭ рүү яриулж, найраа тохироогоо хийчихээд, дараа нь шүлгээ бэлддэг гэх. Харин Базарсадын Баттулга хэмээх энэхүү эгэл энгүүн нэгэнд “Болор цом”-ын тэргүүн шагнал “иймхэн” үнээр иржээ.
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн
гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно... хэмээх гайхалтай шүлгээ уншаад, 2016 онд “Болор цом”-ын дэвжээнээс хасагдахдаа хүүхэд шиг ихэр татуулан уйлж, гэргий Янзага нь яахаа мэдэхгүй нүдээ эргэлдүүлэн дагаж шогшсон дүр зураг санаанаас гардаггүй юм. Яруу найрагт зүрх сэтгэлээ өгсөн, авьяас, мэдрэмж, амьдрал, алдаа оноо, нулимс, инээд бүхнээ бэх, цаас хоёртой нийлээд харамгүй үрж яваа түүнд ийм нэг урам ямар их үнээр олдсоныг хайртай уншигчид нь л харин андахгүй буй за.
“Болор цом-36” наадамд түрүүлж, айрагдсан шүлгүүдээс хүргэе.
Яруу найрагч Б.БАТТУЛГА
ГҮН УХААНЫ СҮЛЖЭЭ БОДРОЛУУД
ОРШИЛ
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын
тоолол юм
Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ
Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя
Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн
зүүдэнд талархъя
Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм
I
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай
Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх
Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай
Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв
Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу
Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь
Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэх сэн
Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ
Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг
хэлдэг юм
Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос
Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа
Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын
тоолол юм
II
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын
тоолол юм
Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрслэх юм
Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил
Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил
Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно
Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна
Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө
Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна
Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ
Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод
Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна
Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал
Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
III
Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм
Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм
Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм
Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд
Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?
Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд
Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?
Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн
суумаар аа
Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ
Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад
Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би
Молцог зүрхэнд тэнгэрийн гэрэл зааж мишээх
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
IV
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм
Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж
Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ
Салхины дотор талаас хэнз унага гүйж
Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ
Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм
Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан юм
Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн
Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм
Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
V
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо
Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ
Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо
Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу
Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ
Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү
Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо
Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү
Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу
Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
VI
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо
Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг
Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ
Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь
Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ
Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх
Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ
Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр
Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй
Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч
Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй
Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн
VII
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан
Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж
Төгөлдөх орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан
Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг
Усны гүнд чулууны судал өнгөлдөг
Голын аминд хөх заль бадраадаг
Намирч асгарсан зөнтэй морин шарга од байхсан
Наашаа цаашаа л урсаж байх сан
Бодолд чинь гэрэлтэхдээ тэнгэрийг шивнэж
Болор хундагатай дарсанд чинь жингэнэж байх сан
Нархажид, Үржинхандын заллагатай
Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ
VIII
Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ
Намраас хаврын симфони сонсох уу, хоёулаа
Навчис бясалгаж дүүрээд шаргалтсаныг тэндээс ойлгож
Нарны гэрэл гэгээрэлд хөтөлдгийг нотлох уу, хоёулаа
Хагдарч хийсэх нь урган төлжихийг зөгнөөд
Хачин тунгалаг борооноор урсгал нийлэх үү, хоёулаа
Харанхуйн хэвлийд гэрлийн хөврөл үргэлжлэхэд
Хайртай бүхнийхээ төлөө амиа золих уу, хоёулаа
Сарны зөнч үлгэрийг туулайн чуулганаар хэлэлцэхэд
Самрын үр дотор амьдарч үзэх үү, хоёулаа
Хулсны исгэрэх аялгууг лимбэдэж дуулаад
Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя
IX
Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя
Хундага дарсанд болор од жингэнэхэд талархъя
Хул шаргал аялгуунаас буга урамдахад талархъя
Хурын мянган дуслаас тэнгэр гэрэлтэхэд талархъя
Намайг хүн болгосон дорнын эгшиглэнд талархъя
Чамайг надтай учруулсан долоон бурханд талархъя
Хязгааргүйгээс онгод хөлөглөсөн сахиус тэнгэрт талархъя
Харанхуйгаас гэрэлт тэмүүлсэн сарнай цэцгэнд талархъя
Сөхөрч гуниглавч тэжээн тэтгэх далдын хүчинд талархъя
Цөхөрч гомдовч инээж угтах холын зөнд талархъя
Ятга хөглөх бүсгүйн дүрэлзэх үзэсгэлэнд талархъя
Хутга барих дээрэмчний хувирах санаанд талархъя
Хуучир лимбэ болох хулс зэгсэнд талархъя
Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя
X
Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя
Хуур хөглөх агшнаа гүү унагалахад талархъя
Хурд хувааж төрсөн босоо унаганд талархъя
Хувьтай Монголын цэлгэр тал нутагт талархъя
Талархаад байгаа сэтгэлийг хүлээж авсанд талархъя
Тавилан заяаг минь хөглөсөн тэнгэрийн хөгжимд талархъя
Манан дунд дохих намуу цэцгэнд талархъя
Маргааш болох лусын амьтдын чуулганд талархъя
Мөлхдөг хөлхдөг, нисдэг сэлдэг бүхэнд талархъя
Мөөмний сүүн дуслаас орчлон бүрдэхэд талархъя
Мөндөрлөг шүүдэрлэдэг ургадаг хагдардаг бүхэнд талархъя
Мөнхийн ганц үнэнд цөмөөрөө цугларахад талархъя
Галт бөмбөрцөг, мөсөн уул, сансар мандалд талархъя
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя
XI
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий аавдаа талархъя
Гал уурагнаа бүрэлдэх ертөнцийн эхлэлд талархъя
Ганган хул эгшиглэх эртний ерөөлд талархъя
Галавт олохуяа бэрх хүмүүн заяанд талархъя
Галуун цуваа ганганан зэллэх тэнгэрт талархъя
Халуун хайр ундран оргилох та бүхэнд талархъя
Газрын мянган судас төрсөн нутагтаа талархъя
Ганц дотор мянгыг багтаах нууцад талархъя
Гансрал зовлонг ч гоо үзэсгэлэнд хувиргахад талархъя
Гай түйтгэрийг ч холдуулж чадах сүр хүчинд талархъя
Галбарваас модноо галбингаа донгодоход талархъя
Ганлингийн эгшгээр ч хорвоог уярахад талархъя
Гавал аяганаас дарс хүртэх учир тохиолд талархъя
Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя.
Яруу найрагч О.ЦЭНД-АЮУШ
ЧИНИЙ ТУХАЙ ТАВАН БАДАГ
Чиний ганцхан үс дэрэн дээр хэвтэх нь
Уул толгодын дээрээс
Унасан шөнүүд
Утас шиг нарийхан болчихоод
Урагдсан зүрхийг минь оёх гэж байгаа юм шиг
Чиний гунигтай нүд дэргэдээс ширтэх нь
Намрын бүх навчис
Мөчрөөсөө тасарч
Над руу хийсч ирээд
Хацар, нүүр, цээж рүү минь унаж
Хавар болохоор ургах гэж байгаа юм шиг
Чиний ер бусын гоо үзэсгэлэнт царайнаас
Ертөнцийн бүх хун нисч
Над дээр буух гэж байгаа юм шиг
Бууж чадахгүй зовж байгаа юм шиг
Буцаж чадахгүй эцэж байгаа юм шиг
Чиний халуун гар уруул илбэх нь
Орчлонгийн бүх гол мөрөн
Алганд чинь оршиж
Онон, Хэрлэн, Сэлэнгэ мөрөн
Миний дээгүүр урсах шиг
Урссаар урссаар нуур болон над дээр тогтоод
Усны шувуудыг буулгах гэж байгаа юм шиг
Чиний ганцхан үг сэтгэлд бодогдох нь
Уул, толгодын дээрээс
Уруудаж ирэх өдрүүд
Уудам их болчихоод
Шимширсэн зүрх рүү минь
Шингэх гэж байгаа юм шиг ээ
Яруу найрагч Б.ЖАМБАЛДОРЖ
ЭХ ШУВУУ
Эх шувуунд алгадуулахад
Ором нь халуу оргино
Ээж минь үзэгдэх шиг болно
Үрээ харамлах бүх амьтдын хэл нэг ээ
Далавчны улаан оромтой хацраа
Дарах бас хэцүү
Дэгнүүл дунд нь ч амьтны үр төлждөг
Дэрстэй хөндийд тогоруу адил явнам
Аавын минь дээлийн дотроор гадар татаж өгсөн
Хөх дээлийн хормой өвсний сөлөнд норном
Зангидсан нударга шиг тэнгэрийн доор тэгээд
Залбирсан алгатайгаар үдшийг туулнам
Гэнэн томоогүй алхаанд минь
Гэнэдэж хоцорсон цоохор өндгийг
Алтаар ч зүйрлэхгүй мөнгөөр ч тэнцүүлэхгүй
Ижийгээ хачин ихээр гэнэтхэн үгүйлэх
Энэ муу сэтгэл минь болоод
Чанх дээрээс минь сүүдрээрээ намайг дайрч нисээд
Чавхны чулуу шиг жижигхэн үрээ үгүйлнэ
Эх шувуутай би ийм амархан гунигийн хэлээр ярьж
Эх шувуутай би ийм гэнэтхэн хагацлын
симфони зохиож
Мөр мөрөө эргэж харах мөнхийн харуусалд автаж
Нэг нь тэнгэрт нөгөө нь газарт байв чиг л
Нэг л агшинд давхацсан
Шувуу, хүн хоёрын хувь төөргийг
Шугамдсан юм шиг л өндгөн дээгүүр нь алхуулжээ
Онох газаргүй юм шиг
Очиж очиж өндөг хагалан дэгдсэн намайг
Эх шувуу харж байгаа
Ээж минь ч бас мэдэж байгаа
Үрээ харамлах бүх амьтдын хэл нэг ээ
Далавчны улаан оромтой хацраа
Дарах ч бас хэцүү
Зүгээ буруулаад одовч
Зүрхээ хаашаа хийх вэ
Хүний цэнхэр дэлхийд
Хүүгээ дүүрээд орчлонг туулах эр зориг хайрла
Эх шувуу минь
Эх орон минь