Дижей Ч.Баатарыг “Шинэ танил” буландаа урилаа.
-Хэзээнээс, хэрхэн дижей болохоор сонирхож эхэлсэн бэ?
-2006 оноос дижей хийж эхэлсэн. Бүжиглэх дуртай, хуучны хаус, техно хөгжимд дуртай байсан нь дижей болоход нөлөөлсөн. Тухайн үед Лондонд сурч, амьдардаг байсан болохоор энэ чиглэлийг сонирхож, ажиллахад илүү боломжтой, нээлттэй байлаа.
-Ямар урсгалаар түлхүү тоглодог вэ?
-Ихэвчлэн дийп, тех, минимал хаус урсгалаар тоглож байгаа.
-Аливаа арга хэмжээнд зориулан сет бэлдэхдээ юунаас эхэлдэг вэ?
-Хамгийн гол нь тухайн арга хэмжээ ямар агуулгатай, хэд орчим насны хүмүүс оролцохыг мэдэх шаардлагатай. Үүнээс шалтгаалж ямар уур амьсгалтай сет бэлтгэхээ шийддэг.
-Хүмүүст таны хөгжим таалагдахгүй, уур амьсгал бүрдэж өгөхгүй үед яадаг вэ. Тийм тохиолдол гарч байв уу?
-Тийм тохиолдолтой тулгарч байсан. Тоглож буй хөгжмийнхөө уур амьсгалыг өөрчлөх маягаар сонсогчдоо уйдаахгүйг хичээдэг.
-Хүмүүсийн хүсэж байгаа хөгжмийг тавих, эсвэл тэдэнд илүү шинэ содон хөгжим санал болгох хоёрын алийг нь голчилдог вэ?
-Аль болох шинэ, содон, сонирхолтой хөгжим санал болгохыг хичээдэг.
-Дижей хүнд уран бүтээлчийн мэдрэмж чухал уу, эсвэл техник, технологийн мэдлэг, давуу тал илүү хэрэгтэй юү?
-Аль аль нь чухал. Гэхдээ мэдрэмж илүү хэрэгтэй. Мэдрэмжгүй хүн дижей хийх амаргүй. Харин техник, тоног төхөөрөмжтэй яваандаа харьцаж сурч болдог.
-Монголд дижей нарын үнэлэмж доогуур. Үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ. Энэ хандлагыг яаж өөрчлөх вэ?
-Саяхныг хүртэл дижей нарын үнэлэмж маш муу байсан нь үнэн. 2016 онд би гурван найзынхаа хамт “The majesty label” компани байгуулж, гадаадын дижей нарыг урьж, хөгжмийн чамгүй олон арга хэмжээ зохион байгуулсан.
Хамгийн сүүлд гэхэд “Интро” электроник хөгжмийн олон улсын наадмыг эх орондоо амжилттай зохион байгуулж, найман улсын 20 гаруй дижейн үзүүлбэрийг Монголын үзэгчдэд хүргэсэн. Бид эдгээр ажлаараа орчин үеийн хөгжмийг сурталчлаад зогсохгүй дижей нарын үнэлэмжийг өсгөх, дэлхийд өрсөлдөх чадварлаг дижей бэлтгэхийг зорьж буй юм.
3-4 жилийн өмнөхийг бодвол өдгөө хүмүүс биднийг өөрөөр хүлээн авч, тэр хэрээр үнэлэмж өсөж байна.
-Хамтарч ажиллаж дадсан уран бүтээлч бий юү?
-“Bros” рекордс, “Mongol mix project”, “Hypeman”, “Isolabe” зэрэг студитэй хамтран ажилладаг.
-Та олон улсын ямар наадам, тоглолтод оролцож байв?
-“Интро” электроник хөгжмийн олон улсын наадам, “Playtime” наадамд оролцдог. Өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д аялан тоглоод ирсэн.