Монгол улсад бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 25 жил, СУИС-ийн бүжгийн урлагийн сургууль байгуулсны 5 жилийн ойг энэ сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус ойн хүрээнд зохиогдож буй “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг өнөөдөр хаалтаа хийх гэнэ. Хоёр өдрийн турш тоглогдож буй тус жүжгийг Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийг тайлж бичсэн байна. Үүнээс гадна харын хартай бөө нарын эрх сүр хэтийдэж, овгийн гэмгүй олныг хилсдүүлж байсан цаг үед хам олноороо эв эеэ нэгтгэж, тэр цагийнхны төсөөллөөр орой зулайд оршдог тэнгэрийн сүнс буюу оюуны сүнсийг нь дахин сэргээхгүйн төлөөнөө зан үйлийн бүжиг, дохио зангаагаар толгойг нь уруу харуулан оршуулдаг байсан эртний зан заншлыг археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосноо бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм.