Богд хааны ордон музейд “Монголын сүүлчийн их хатан” авран хамгаалах судалгааны тайлан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газрыг авран хамгаалах ажлыг зохион байгуулсан. Тодруулбал, тус газраас Ажлын хэсэг байгуулагдан Улсын эх дагина Дондогдуламын дурсгалын газрын соёлын өвийн үнэ цэнийг тодорхойлж, иргэдэд газар эзэмшүүлсэн Захирамжийг цуцлуулах ажлыг зохион байгуулсан юм. Мөн дурсгалт газрыг авран хамгаалах үйл ажиллагааг ШУА Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран явуулсан.
Түүх, археологийн хүрээлэнгээс судалгааны ажлыг хайгуул болон малтлага судалгаа гэсэн үндсэн хоёр чиглэлээр явуулсанаас малтлага судлагаагаар тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг олж нээн илрүүлээд байна. Эдгээр эд өлгийн зүйлсийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, үнэ цэнэ, ач холбогдолыг нь танин мэдүүлж Улсын эх дагина Дондогдуламын намтар үйлсийн тухай мэдээллийг баяжуулах үүднээс Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа түүнд холбогдох үзмэрийг дэлгэн энэхүү "Монголын сүүлчийн их хатан" үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.
Үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд 12 сарын 09-нийг хүртэл дэлгэгдэнэ.