Залуу уран бүтээлч Ц.Мөнхтулга, С.Намуунцэцэг, Л.Золбоо нар хамтран “Эс” үзэсгэлэнгээ "Маршал арт" галерейд нээгээд байна. Тэд тархины саажилттай гээд зүгээр суусангүй үзэсгэлэнгээ гаргаж, хүнд тусалъя гэсэн нэг хүсэл дээр нэгдэн хамтарчээ. Мөн сэтгэл байвал хөлөөрөө зурж болдгийг ч харуулж байна.
Тэд өмнө нь “Энэ бол би”, “Энэ бол би II“ үзэсгэлэнгүүдийг хамтран гаргаж байсан. Харин энэ удаад "Зулзага инээмсэглэл” ТББ-ыг дэмжин байнгын асаргаа нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганц бие ээжүүдэд ажлын байр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв болох “Аз жаргал Инээмсэглэл” төвийн барилгын ажлыг үргэлжлүүлэх хандивыг босгох зорилгоор үзэсгэлэнгээ гаргажээ.
“999+” аян нь “999 цагаан чихэр” хандивын үдэшлэгээс эхлэн нийт 10,000,000₮ гаруй мөнгийг цуглуулж, зогсоод байсан барилгын ажлыг үргэлжлүүлж барилгын дээвэр болон цонх зэргийг гүйцэтгүүлсэн юм. Мөн зураачдын зургаас худалдаалагдсан тохиолдолд орлогын тодорхой хувь нь хандивлах аж.
С.Намуунцэцэг хөлөөрөө зураг зурж буй агшин