1990-ээд онд залуусын дунд хит болсон нэгэн дуу хэрхэн бүтсэн түүхийг өгүүлье.
“Мөнгөн шөнийг гялбуулаад
Миний од наддаа ирлээ
Мөрөөдөн мөрөөдөн хүлээсэн
Миний зүрхэнд чи буулаа
Мартан холдохын зовлонгүй
Миний зүүдэнд чи ирлээ...” хэмээн эхэлдэг дууг мэдэхгүй залуус үгүй гэхэд хилсдэхгүй. 1989 онд сонсогчдын хүртээл болгосон “Зүүд” дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, шүлгийг Д.Банзрагч зохиож, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Ч.Насантогтох “амилуулсан” юм.
Хөгжмийн зохиолч Г.Энхбаяр “Төгөлдөр хуур тоглоод сууж байтал гэнэтхэн л энэ аялгуу ороод ирсэн. Д.Банзрагчид аяыг сонсгосноос хойш хэд хоногийн дараа их гоё шүлэгтэй ирсэн. Ингэж л энэ дуу маш хурдан бүтсэн” хэмээн дурсав. Үргэлжлүүлэн “Ч.Насантогтохын хоолойн цараас гадна авьяас, боломжийг мэддэг болохоор түүнд л энэ дуу тохирно гэж бодсон” гэлээ.
Дуучин Ч.Насантогтох “Г.Энхбаяр “Надад нэг өвөрмөц аятай, гоё дуу байна. Чи сонсоод үзээч. Таалагдвал танай хамтлагт өгье” гэсэн. Сонсож үзээд шуудхан л “Авъя” гэсэн. Тэр өдрөө шууд л дууны найруулгыг хийсэн санагдана. Г.Энхбаярыг санаагаа хэлсний дагуу “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан маань тоглож байв. Хөгжмийн зохиолч “Энэ дуу ийм байх ёстой” гэвэл хөгжимчид түүгээр нь тоглоно, дуучин тэгж л дуулна шүү дээ. Дууны арын хоолойг Б.Баяр, Б.Нандинцэцэг нартай хамт Г.Энхбаяр өөрөө хийсэн” хэмээв. Мөн “Зүүд” гэсэн нэртэй мөртлөө нандин хайрын тухай өгүүлсэн дуу. Залуу байсан болохоор ч тэр үү, энэ дууны үг зүрхэнд их хүрсэн. Эл дууг тайзан дээр дуулахад зөвхөн над дээр гэрэл тусгаж, од шиг жижиг гэрлүүд асаадаг байв. Энэ нь яг зүүдэндээ оддын дунд хөвж буй мэт санагдуулдаг. Үзэгчид чив чимээгүй сонсож, дуусахад бороо шаагьж буй мэт алга ташдаг байлаа. Тэр үеийг огт мартдаггүй” гэж дурссан.
1989 онд “төрсөн” даруйдаа хит болсон “Зүүд”-ийг 2011 онд “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар шинэчлэн дуулсан юм. Тэрбээр “2011 онд SBN телевизээс XX зууны дуунуудыг залуу уран бүтээлчдээр дуулуулах төсөл хэрэгжүүлсэн юм. Төслийн багийнхан “Эдгээр дуунаас сонгох ёстой” гээд жагсаалт өгөхөд дотор нь Ч.Насантогтох багшийн нэр байсан. Шуудхан л багш руугаа утасдаж “Ийм төсөлд оролцох боллоо. Таны “Зүүд”-ийг дуулж болох уу” гэж асуусан. Багш, мөн хөгжмийн зохиолч Г.Энхбаяр ах зөвшөөрснөөр найруулгыг нь Ц.Байдраг шинэчилж, би дуулсан” гэлээ. Цаг хугацаа олон зүйлийг элээдэг ч “Зүүд” дууны шүлэг, аялгуу сонсогчдын зүрхэнд хүрч, сэтгэлд мөнхөрсөн хэвээр.
Бэлтгэсэн: А.Халиун