Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана, шог зураач С.Цогтбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нар говьд “амьдарна”.
Тэд Монголын говийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгалийг уудлан нээж, 60-70 сая жилийн түүх хүүрнэх үлэг гүрвэлийн ул мөр мөшгин хөөж, хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлтий, бөхөн зэрэг ховор амьтантай уулзан, бүйлс, заг, хармаг “түүнэ”.
Ингэхийн тулд тэд говьд “амьдарна”. Таван өөр салбарын эрхмүүд үзсэн, сонссон, нээсэн бүхнээ монголчуудтайгаа хуваалцах онцгой даалгавартай. Амьд ертөнцийн цуврал “Хүрээлэн” төслийнхөн тэдэнд ийм үүрэг оноожээ.
Монгол орны байгаль, зэрлэг амьтдын тухай 100-гаад нэвтрүүлэг цувралаар хүргэсэн “Хүрээлэн”-гийнхэн “Энержи ресурс” компанитай хамтран “Говийн таван гайхамшиг” хэмээх шинэ төсөл эхлүүлэх болсноо өчигдөр мэдэгдлээ.
Говь нутгийг сурталчлан таниулах замаар байгалиа хамгаалах зорилготой эл төслийн ажил ирэх сараас эхэлж, нэвтрүүлгийн эхний дугаар 2019 оны хавраас үзэгчдэд хүрэх аж. “Говийн таван гайхамшиг” цувралаа шинэ хөтлөгчид, шинэчилсэн техник хэрэгсэлтэйгээр эхлүүлнэ” гэж төслийн багийнхан онцлов.
Өмнийн говьд үйл ажиллагаа явуулсны 10 жилийн ойн хүрээнд эл төслийг санаачилсан “Энержи ресурс”-ынхан нэвтрүүлгийн багийнхны техник хэрэгслийг бүрэн шинэчлэх бол, олны танил дээрх эрхмүүд шинэ цувралыг хөтөлж, үзэгчдэд хүргэх нь.
“Хүрээлэн” төслийн ерөнхий продюсер М.Буянбадрах “Шатахууны үнэ нэмэгдсэн, албан тушаал, эрх мэдлээ ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн тухай гээд бараан голдуу мэдээ дуулдах болсон энэ үед эвлэж бүтсэн, эхлүүлэхээр шулуудсан ийм нэг сайхан төслийг танилцуулж байгаадаа баяртай байна.
Монголын говь таваар тогтохгүй гайхамшигтай. Бид тэр бүхнийг таван бүлэг болгож сэдэвчилж цувралаар хүргэнэ” гэж шинэ төслийн нэрийн утгыг тайлав. Төслийн багийнхан таван жилд 150-иад мянган км зам туулж, Монголын байгалийг “тольджээ”.
“Говийн таван гайхамшиг”-ийн хөтлөгчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
С.ЦОГТБАЯР: -“Хүрээлэн” төслийн цувралыг үзэгчийн хувиар шимтэн сонирхдог. Амжилттай яваа томоохон төсөл учраас хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Манайхан гадаадын гайхамшгийг шүтэн бишрээд л байдаг. Харин энэ төсөл эх орныхоо, тэр дундаа говийн гайхамшгийг нээн илрүүлж, таниулахад, цаашлаад байгалиа хамгаалахад чухал ач холбогдолтой. Цувралын таван сэдвийн нэг болох “Хөрсөн дээрх ба доорх баялаг” нь надад илүү ойр юм шиг санагдаж байна.
Б.ГАНГААМАА: -Зарим нь “Гангаамаа гараг андуураад ороод ирэв үү” гэж бодож байж магадгүй. Гэхдээ тийм биш ээ. Би “National geographic” үзэх дуртай. Уулын спортоор хичээллэдэг учраас байгальтай ойр. Тиймээс андуурсан гэж бодохгүй байна. Жижиг амьтан, тухайлбал, шавжаас их айдаг. Тиймээс ирвэс, мазаалай зэрэг том амьтантай л “хөөцөлдөж” таарах болов уу. Эрсдэлтэй байх. Гэхдээ хичээнэ ээ.
Г.АЮУРЗАНА: -Таван жилд 100 шахам нэвтрүүлэг хийсэн нь “Хүрээлэн”-гийн бахархам амжилт. Тэдгээр цуврал нь танин мэдэхүйн ач холбогдолтойгоос гадна гоо зүйн мэдрэмжийг хүүхэд, залууст өгдгөөрөө онцлог. Энэ бол жаргаж хийх ажил. Ингэж хийсэн ажил амжилт олдог.
Б.БАТЧУЛУУН: -Би зургадугаар ангиасаа нохой тэжээсэн. Амьтанд хайртай. Бар, чоно тэжээвэл яадаг бол гэж заримдаа бодно. Хөдөө хээр явах дуртай. Ойрын таван жил зурагт үзээгүй. Үнэнийг хэлэхэд “Хүрээлэн” төслийн цувралыг үзэж байгаагүй ээ. Гэхдээ байгаль хамгаалах зорилготой ийм сайхан санаачилгыг дэмжилгүй яах вэ.
Т.БАРХҮҮ: -Миний үеийнхэн болон дүү нар минь надаар дамжуулаад говь
нутгийн сайхантай танилцах учраас төслийн урилгыг уриалгахан хүлээж авсан. Говьд мазаалай, ирвэс хармаар байна.