Жил бүрийн 11-р сарын 02-ны өдрийг Монголын Уран Сийлбэрчдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр Монгол уран сийлбэрчид өөрсдийн хийж бүтээсэн, сурч мэдсэн, ололт амжилтаа нийт Монголчууддаа тайлагнан нэгдсэн үзэсгэлэн гаргадаг уламжлал бий болсоор 5 жилийг ардаа орхижээ.
“ЦОЙ” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран сийлбэрч СГЗ Г.Цогбаярын шавь нар буюу Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн (ДУДС) үе үеийн төгсөгчид буухиалан зохион байгуулдаг уламжлалтай.
"ЦОЙ" гэдэг нь зөвхөн сийлбэрийн урлагт хэрэглэгддэг хэллэг бөгөөд “Аливаа дүрс, биетийн ерөнхий хэлбэрийг гаргах үйл явц”-ыг хэлнэ. Монгол уран сийлбэрчид мод, чулуу, металл, цас, мөс, яс зэрэг олон төрлийн материалаар уран бүтээл туурвиж, Монголд төдийгүй Олон Улсын уралдаан тэмцээн, үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсоор байгаа билээ.
Энэ жил 5 жилийнхээ ойг тохиолдуулан Монгол сийлбэрийн урлагийн хөгжлийг тод харуулахыг зорьж шинэлэг орчин бүрдүүлэхээр NORPHEI ART GALLERY-тай хамтран ажиллаж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэн 11 сарын 02-ний өдөр 17 цагт нээлтээ хийж 11 сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
"ЦОЙ 2018" үзэсгэлэнд мэргэжлийн 30 гаруй уран бүтээлчдийн 40-45 уран бүтээл дэлгэгдэнэ. "ЦОЙ 2017", "ЦОЙ 2018" Монгол Уран Сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнг ДУДС-ийн 2008, 2009 оны төгсөгчид хамтран зохион байгуулж “Боржин суварга” ХХК дэмжин ажиллаж байна.