Хайрын шүлгийн “Цагаан-Уул 2018” наадмын II шатны шалгаруулалт өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэ жилийн наадмыг “Бүтээн байгуулагч залуучуудыг хайраар хөглөе” уриан дор зохион байгуулсан бөгөөд наадамд хот, хөдөөгийн 100 гаруй найрагч шүлгээ ирүүлсэн юм. Үүнээс шилдэг 60 гаруй найрагч сүүлийн шатанд өрсөлдсөнөөс залуу яруу найрагч, сэтгүүлч Б.Алтанхуяг тэргүүлэв. Удаах байруудад Говь-Алтай аймгийн оролцогч Б.Ганхүрэл, Т.Дарханхөвсгөл, Б.Жамбалдорж, С.Очиртөмөр нар шалгарав.
Ингээд залуу яруу найрагч Б.Алтанхуягийн “Цагаан-Уул 2018” наадамд түрүүлсэн шүлгийг толилуулж байна.
Борооны чийгтэй адилхан чиний үнэр сэтгэлийг минь өөртөө цонх шиг татдаг
Болжморууд нойтон далавчаараа дусал хэрчин нисэх шиг бодол бүрээ уран суухуйд чиний тухай дурсамжууд арилдаг
Одоо надад үлдсэн ганц хайрцаг янжуур охидод уншсан шүлгийн мөрүүдээс ч үнэтэй санагдах эль хульхан гудамжаар ус туучин алхахуй амар амгалан ганцаардлыг мэдэрнэм
Харанхуйн тухай цог шиг төсөөллийг минь гартаа атгаад хаа нэгтээ гүйж яваа жаахан охин мэт үзэсгэлэн гоо дотор чинь уй гуниг нуугддаг үүлс сэмэрхийг хараад л салхинд дургүй хүрдэг
Хагацалд цоо дүрүүлсэн шөнийг цолмон од сорох мөчид Харцны чинь хүүхэн хараа томрохыг үзээд худлаа гэдгийг нь мэдсэн
Хавирган цаанаас нэг зүйл хатгуулдан өвдөж жигүүр минь хугарахад Халуун цусаа асгаруулан байж өлмийд чинь унаад хайртай гэж хэлсэн
Даанч бидний хэн хэнд нь дарвуулт хөлөг шиг бардам зан заяасан Эрхэмсэг зан, үзэсгэлэн гоо чинь хүртэл Эхлэлээс холдож чадаагүй төгсгөл байсныг ухаарсан
Дашрамд дурдахад, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн залуу сэтгүүлч Б.Алтанхуяг сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог 10 дахь удаагийн “Балдорж” шагналыг “Аниргүйн гүн дэх цаг хугацаа” нийтлэлээрээ хүртсэн билээ.