Хятадын кино од Фан Бинбинд 129 сая долларын торгуулийг Жяньсү мужийн татварын алба оноосон байна. Тодруулбал Фан Бинбин 255 сая юаний төлбөл зохих ёстой татвараас зугтсан нь ил болжээ.
Фан Бинбин бол Хятадын хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг бөгөөд “X-Men: Days of Future Past” кинонд тоглосноор бид мэдэх билээ. Тэр одоо удахгүй дэлгэцэнд гарах Холливүүдийн “355” кинонд Жессика Чэстэйн, Пенелопа Круз нарын хамт тоглож байгаа юм.
Тэр бас Мерседес Бенц, Cartier брэндүүдийн Хятад дахь нүүр царай болдог. Жүжигчин бүсгүйд арванхоёрдугаар сарын 31-ний дотор торгуулиа төлбөл түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн нөхцөл тавьжээ.
Хятадын эрх баригчид тус улсын энтертайнмент салбарынхны нуусан татварыг ил болгох зорилт тавьсан нь ийнхүү хэрэгжиж эхлээд байгаа гэнэ. Нийт урлаг, соёлын одод энэ оныг дуусахаас өмнө нуусан татвараа сайн дураар төлөх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.
Форбс сэтгүүл Фан Бинбинийг 2017 оны Хятадын хамгийн өндөр орлоготой оддын нэгээр зарласан.
Өнгөрсөн тавдугаар сард Фан Бинбиний татвараас зугтахын тулд кино студитэй байгуулсан давхар гэрээг Хятадын хэвлэлүүд ил болгосон нь томоохон дуулиан дэгдээсэн юм.