Английн Лондон хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ шагнал гардуулах ёслол боллоо. Уг ёслолын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ нь 2018 оны эрэгтэй шилдэг хөлбөмбөгчнийг тодруулах явдал байлаа. Учир нь сүүлийн жилүүдэд уг шагналыг зөвхөн Лионель Месси, Криштиану Роналду хоёр өөр хоорондоо булаалдаж ирсэн тул тэдний амжилтыг хэн таслах вэ гэдэг асуулт олон хүнд сонирхолтой байлаа. Лука Модрич уу, Мохамед Салах уу? Дээрх хоёр хөлбөмбөгчний хувьд 2018 он тэсрэлтийн жил байлаа.
Салах Английн Премьер лигийн мэргэн бууч болж, Аваргуудын лигийн шувтаргад шалгарсан гайхалтай амжилтыг үзүүлсэн бол Модрич египет тоглогч шиг олон гоол оруулаагүй. Угаасаа ч түүний байрлал хагас хамгаалалт, үндсэн үүрэг нь багаа удирдан чиглүүлэх. Тэгвэл тэрбээр энэ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Хорват хөлбөмбөгчин Испанийн “Реал” клубийнхээ лидер нь байж Аваргуудын лигт түрүүлүүлсэн бол шигшээ багийнхаа хөдөлгүүр нь болж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалуулсан. Гэхдээ Мохамед Салах хоосон хоцорсонгүй. ФИФА түүнд оны шилдэг гоолын шагналыг гардуулсан.
ДАШТ тухайн оны шилдгүүдийг тодруулах гол шалгуур байдаг тул эрэгтэй шилдэг хөлбөмбөгчнөөр Модрич нэрлэгдэнэ гэдэгт эргэлзэх хүн бараг байгаагүй юм. Тиймээс ч Месси, Роналду хоёр ФИФА-гийн шагнал гардуулах ёслолын урилгыг авсан ч хүрэлцэн очсонгүй. Харин шагнал хүртэх алтан мөчийг нь хуваалцаагүй багийнхаа хуучин анддаа Лука талархал илэрхийллээ. Тэрбээр шилдгийн шагналыг гардахдаа “Хорватын шигшээ болон “Реал” клубийнхээ хамт олонд талархаж байна. Криштиануд ч гэсэн талархъя” хэмээв.
Тэгвэл оны шилдэг хаалгачаар Тибо Куртуа нэрлэгдэв. ДАШТ-ий шилдэг хаалгачаар тодорсон нь уг шагналыг хүртэх гол хөшүүрэг болжээ. Тэрбээр Уго Льорис («Тоттенхэм» / Франц), Каспер Шмейхельтэй («Лестер» / Дани) өрсөлдсөн нь энэ байлаа. Харин эрэгтэй багуудын оны шилдэг дасгалжуулагчаар Дидье Дешам, эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагчаар Рейнальд Педрос нэрлэгдлээ. Тэд хоёулаа франц хүмүүс. Дешам Францын шигшээг дэлхийн аварга цолонд хүргэсэн. Урьд нь 1998 онд тоглогч хувиар дэлхийн аварга болж байсан билээ. Эмэгтэй хөлбөмбөгчдөөс Бразилийн шигшээ багийн довтлогч Марта шилдэг эмэгтэй тоглогчоор нэрлэгдсэнээр уг ёслолын ажиллагаа өндөрлөлөө.
ФИФА-ГИЙН 2018 ОНЫ БИЛЭГДЛИЙН ШИГШЭЭ БАГ
Давид де Хеа («МЮ» / Испани), Дани Алвес («Ювентус» / Бразил), Серхио Рамос («Реал Мадрид» / Испани), Рафаэль Варан («Реал Мадрид» / Франц), Марсело («Реал Мадрид» / Бразил) — Лука Модрич («Реал Мадрид» / Хорват), Нголо Канте («Челси» / Франц) — Лео Месси («Барселона» / Аргентин), Килиан Мбаппе («ПСЖ» / Франц), Эден Азар («Челси» / Бельги), Криштиану Роналду («Реал Мадрид», «Ювентус» / Португал).