Багахан боловч талбайд жижигхэн ч гэсэн байшин бариад, дотоод тохижилтыг нь байвал зохих зүйлсээр илүү ч үгүй, дутуу ч тохижуулсан гэр-урланг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравт өгсөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ЗДТГ, ИТХ, нутгийн зон олон, тохижилтыг уран бүтээлчийн санаанд хүртэл хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд талархаж байна.
Дэлхийн хөгжмийн түүх судалж, Европын орон гүрнүүдийн хөгжмийн соёлтой танилцаж байхад түүхэн хөгжмийн зохиолчдын амьдарч, туурвиж байсан сууцыг тухайн үеийнхээр нь, өөрөөр хэлбэл, навсайсан бол навсайсан, хазайсан бол хазайсан чигээр нь хадгалж, тавилга сэлтийг нь хэвээр нь үлдээж, төрийн хараа, хяналтад байлган, музей хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байдаг юм билээ. Хөгжмийн зохиолч Б.Шаравыг тэдгээртэй адил гэр-урлантай болгожээ.
Санаачилга хаанаас гарсан нь биш, бодитоор ажил хэрэг болсон нь чухал. Хөгжмийн зохиолч хүслээ хэлж, сум, захиргаа дэмжин шийдвэр гаргасан уу, эсвэл эсрэгээрээ сумынхан уран бүтээлчийг шавдуулав уу. Аль нь ч бай энэ намрын онцлох, гэгээлэг, оюунлаг үйл ажиллагаа бол хөгжмийн зохиолчид үзүүлсэн хүндэтгэл, тоглолт, дууны уралдаан, гэр-урлангийн нээлт байлаа.
Хөгжмийн зохиолч Б.Шарав болон нэр бүхий олны танил уран бүтээлчид ар араасаа хүнд өвдөж, ах дүү, найз нөхөд нь хандив, тусламж зохион байгуулж байхад нэг бус хүн “Эд нар жирийн монголчуудаас юугаараа ялгаатай юм бэ. Адилхан л ажлаа хийгээд, амьдраад явж байгаа хүмүүс биз дээ. Тэднийг өвдөхөд бид тусаллаа гэж бодъё, харин биднийг өвдөхөд тэд туслах уу” гэж эгц өөдөөс хараад хэлж байсан юм.
Тухайн үед тодорхой хэмжээнд хариу өгсөн ч, тулгамдаад олигтой үг хэлээгүй санагдана. Харин өнөөдөр хосгүй авьяаст уран бүтээлчид бол нийт нийгмийн бодьгал, тэдний онгод, хиймориор бий болсон бүтээл, туурвилыг өргөн олон хүртэж, хүлээж авч, оюун бодлоо тэжээн тэтгэж, өсөж хөгжихдөө “ашиглаж” байдаг учраас уран бүтээлчийн амь нас хутганы ирэн дээр тогтоод ирэхийн цагт төр, засаг ч, олон нийт ч санаа тавих нь ухамсрын хэрэг юм хэмээн чангахан хэлмээр байна.
Дайнч Наполеон Бонапарт Австрийг эзлэхээр түрэмгийлж явахдаа Вена хот дахь нэгэн байшинг тухайн үед Европт нэрд гарсан хөгжмийн зохиолчийнх гэдгийг мэдмэгцээ түйвээхийн оронд малгайгаа авч ёслон хүндэтгэл үзүүлээд, хоёр цэргээ үүдэнд нь харуулаар үлдээгээд явсан түүхтэй. Тухайлбал, хөгжмийн зохиолч Б.Шарав хүн төрөлхтний мэдэх Гайдн, Шопен биш байж болох юм. Хөгжмийн түүхээс үзэхэд эдүгээ суут хэмээн өнөө шүтэн бишрээд байгаа хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг зуун зуун дамнуулан хэдэн мянга, түм дахин эгшиглүүлж ирсний хүчинд уран бүтээл нь түгэн цэнхэр гарагт тархжээ.
Яг үүн шиг Б.Шаравын ч бай, Монголын бусад хөгжмийн зохиолчдын бүтээлийг хэдэн мянга, түм дахин эгшиглүүлэх аваас Шопеныхоос илүү танигдахыг ч үгүйсгэхгүй. Ийм суутнуудын өлгий бол Монгол. Манай хөгжмийн зохиолчид даанч тансаг бүтээлтэй. Гагцхүү тэдэнтэй барьцаж суухын оронд бүтээл туурвилыг нь сонсож, хүртэж, зүрх сэтгэлээрээ хүлээж авахыг хичээх аваас хэн хүнгүй Жаргалтхаан суманд бий болсон хөгжмийн зохиолч Б.Шаравын жижигхэн байшин дахь жирийн бус гэр-урланг зорин уралдан давхина даа.