Монголын үндэсний кино академиас зохион байгуулдаг “Академи авардс” шагнал гардуулах ёслол өнгөрсөн сарын 28-нд долоо дахь жилдээ болсон.
Тус ёслолын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг бяцхан уран бүтээлч Ц.Мичидмаа хүртсэн юм. Тэрбээр найруудлагч Б.Чингүүний “Аз жаргал” кинонд тоглосон. Нийслэлийн нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч, телевизийн хөтлөгч, ирээдүйтэй жүжигчин Ц.Мичидмаатай ярилцлаа.
-“Академи авардс” шагналын түүхэн дэх шилдгээр шалгарсан хамгийн бяцхан уран бүтээлч нь чи. Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болоод тайзан дээр үг хэлэхдээ сандарсан уу?
-Тийм номинацад нэр дэвшсэнээ ёслолын өмнөх өдөр л мэдсэн. Мундаг уран бүтээлч эгч нартай өрсөлдсөн шүү дээ. Шагнал хүртсэн уран бүтээлч үг хэлдгийг зурагтаар л харснаас биш, өөрөө хэлнэ гэж бодоогүй ээ. Их сандарсан. Гэхдээ маш их баярлаж байгаа. Найруулагч Б.Чингүүн ахад “Намайг кинондоо тоглуулсанд баярлалаа” гэж онцгойлон хэлмээр байна.
-Найзууд, ангийнхан нь гээд олон хүн баяр хүргэсэн үү?
-Манай ангийнхан надад маш гоё цэцгийн баглаа, бэлэг өгсөн. Бүгд баяр хүргээд л гоё хүлээж авсан шүү.
-Хэдэн настайдаа анх кинонд тоглосон бэ?
-Зургаатайдаа “Зүрхэнд дуссан нулимс” киноны туслах дүрд, дараа нь “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киноны гол дүрд тоглосон. UBS телевизийн “Нахиа” хүүхдийн хөтөлбөрийг хөтөлдөг байсан болохоор намайг тоглож чадна гэж итгэсэн байх.
-“Аз жаргал”, “Хайр”, “Бумеранг” гээд олон кинонд тоглолоо. Хэчнээн дүртэй болчихов?
-Богино хэмжээний кинонуудаа оруулбал 16 болсон.
-Найруулагч нараас кинонд тоглуулах санал их ирдэг үү?
-Сайн мэдэхгүй л байна. Найруулагч нар ээжтэй холбоо барьж, тоглох боломжтой, үгүйг ээж минь шийддэг. Одоохондоо дахиж кинонд тоглохгүй байх аа. Хичээлдээ анхаарах ёстой.
-Чамайг жаахан болохоор найруулагч, ахмад уран бүтээлчид өхөөрддөг байх. Зураг авхуулах үедээ загнуулаад шантарч байсан уу?
-Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, найруулагч Б.Чингүүн гээд олон мундаг уран бүтээлчийн кинонд тоглосон. Кинонд тоглох үед тэд их эрхлүүлдэг. Бас хааяа загнана. “Аз жаргал” киноны миний дүр уйлдаг хэсэг ихтэй.
Чадахгүйгээсээ болоод загнуулсан үе бий. Киноны зургийг хөдөө авах үед их уйдсан. Сонирхолтой тоглоом ч байгаагүй. Дараа нь “Хайр” кинонд хараагүй охины дүрд тоглосон. Их хэцүү байсан шүү.
-Найруулагч, жүжигчин Э.Батхүүгийн “Толбо” кинонд тоглосон байсан. Бас найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ кинонд тоглосон гэсэн үү?
-“Том дөрвөн толгой” хүүхдийн киноны хоёрдугаар анги буюу “Том зургаан толгой”-д тоглосон. Мөн Ж.Сэнгэдорж найруулагчийн “Би нар” кинонд тоглосон. Удахгүй үзэгчдэд хүргэх байх.
-Үлгэр дуурайл авдаг уран бүтээлч чинь хэн бэ?
-Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, жүжигчин М.Саранцэцэг, Э.Мөнгөнтулга, найруулагч Б.Чингүүн гээд хамтран ажилласан бүх уран бүтээлчээ нэрлэнэ.
-Өнгөрсөн онд Гүрж улсын Батуми хотод зохион байгуулсан “Best princess of the world” уралдаанд амжилттай оролцож, дэлхийн бяцхан миссийн титэм хүртсэн байх аа?
-Цэцэрлэгт байхаасаа уран гимнастикаар хичээллэсэн юм. Ээж, багш минь намайг “Бяцхан мисс” улсын уралдаанд бэлдүүлж, оролцуулсан. Тус уралдаанд түрүүлж, дэлхийн хэмжээний уралдаанд оролцох эрх авсан. Түүнд ч амжилттай оролцоод ирсэн.
-Өөр ямар авьяастай вэ?
-Энэ жил “Би эстрадын дуучин” улсын уралдаанд оролцоод тусгай байрт шалгарсан. Бас бүжгийн хамтлагтай.
-Телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг хэвээрээ юү?
-Нэг хэсэг С1 телевизийн “Хүүхэлдэйн киноны ертөнцөөр” нэвтрүүлгийг хөтөлсөн. Одоо МҮОНТ-ийн “Өглөө” хөтөлбөрийн хүүхдэд зориулсан танин мэдэхүйн буланг нь хөтөлж байгаа.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Эмч болно. Өвчиндөө шаналж байгаа хүмүүсийг эдгээж, эмчилмээр байна. Бас боломж олдвол кинонд тоглохыг хүсдэг. Том болоод дэлхийн миссийн титэм хүртсэн анхны монгол бүсгүй болохыг мөрөөддөг.