Дэлхийн брэнд бүтээгдэхүүний дэлгүүрийг Монголд нээн, амжилттай удирдаж яваа MCDSF компанийн захирал Б.Хуланг “Бизнесийн хатагтай” онцоллоо. Тэрбээр АНУ-ын Бостоны их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн байна. 2013 онд MCDSF компанийг үүсгэн байгуулж, “Versace” брэндийг Монголд оруулж ирэх эрхийг авчээ.
-Та өмнө нь УИХ-ын ажлын албанд ажиллаж байсан юм билээ. Төрд ажиллаж байсан хүн яагаад хувийн хэвшил рүү “урвах” болов?
-Хувийн хэвшилд ажиллаад үзье, өөрийгөө сорьё гэсэн бодлоор компани байгуулсан. 10 гаруй жилийн өмнө эгч маань “Занаду арт” галерейг ажиллуулдаг байлаа. Хувийн хэвшлийн анхны галерей гэдгээрээ онцлог. Оюутан байхдаа амралтаараа ирээд үзэсгэлэн зохион байгуулах, үзмэрүүдээ танилцуулах, зочдоо дайлах зэрэг бүхий л ажилд нь эгчдээ тусалдаг байв. Үүний зэрэгцээ зураг борлуулах, уран бүтээл болон уран бүтээлчийг үнэлүүлэх ажил амжуулна.
Анх гадаадын худалдан авагчид нэг зургийг хоёр цаг орчим тайлбарлаж, ярилцаж байж зарахаар болсон юм. Зарахыг хичээн, ярьж ярьчихаад авъя гэхэд нь итгэж өгөхгүй, “Та яг авах уу” гээд ахин дахин асууж билээ. Энэ явдал санаанаас ер гардаггүй. Гэр бүлийнхэн минь ч урмын үг хэлж, бизнесийн авьяастай, эв дүйтэйг минь магтсан. Тэр үеэс л хувийн хэвшилд ажиллаж, өөрийгөө сориод үзэхийг зорих болсон.
-“Versace” брэндийг оруулж ирэх болсон шалтгаан юу вэ?
-2010 оноос манай улсын эдийн засаг өсөж, гадаадынхны сонирхлыг нэлээд татдаг болсон. Дэлхийн том том брэндүүд манай зах зээлийг сонирхон, үүдээ нээж эхэлсэн. Тэр үеэс “Versace” брэнд манайд салбараа нээх боломжтой, эсэхийг сонирхсон юм. Борлуулалт, зах зээлээ ч судалсан. Ашигтай байх, цаашид урт хугацаанд оршин тогтнох боломжтой гэдгийг нь мэдэрч, оруулж ирэхээр шийдсэн. “Versace” брэндийн үүсгэн байгуулагч нь эмэгтэй хүн. Дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн манлайлал, нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхийг дэмжин, өөртөө итгэлтэй байхыг уриалж, үлгэр дууриал болж явдаг нэгэн. Энэ нь ч уг брэндийг сонгох шалтгаан болсон.
...Эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Манайхаас гарсан ч өөр газар ажиллахад сурсан зүйлс нь хэрэг болно. Нэг ч гэсэн сайн ажилтан бэлтгэх сэн, сурсан мэдсэн нь амьдралд нь дэм болоосой, хүмүүст хүрч ажиллаасай гэж боддог. Нэг хүний мэдлэг, чадвар, нэлээд олон хүнд нөлөөлж, амьдралын баталгааг нь бий болгон улмаар улсын хөгжилд тус болно гэж итгэдэг...
-Загварын салбартаа “том айлыг” зорьж, албаны хүмүүстэй нь уулзан, яриа хэлэлцээр хийхэд таныг хэрхэн хүлээн авсан бэ. Залуухан, “жаахан охин” харагдсан байх, тийм үү?
-Магадгүй. Намайг хараад өхөөрдсөн шүү. (инээв) Гэхдээ ажил хэргээ хөтлөөд явчих хангалттай судалгаатай, чадварлаг багтай байсан болохоор итгэж, хамтран ажиллах болсон.
-“Versace”-гаас тавьсан гол шалгуур нь юу байсан бэ?
-Дэлхийн брэнд гэдэг утгаараа дэлгүүр хаана байрлах, багадаа хэдэн ам метр талбайд байх зэрэг нь нарийн стандарттай юм билээ. Бараагаа хэрхэн өрөх нь хүртэл тогтсон дэг журамтай. Нэг үгээр хэлбэл, энд цүнх, тэнд даашинз, тэнд цаг байна. Үүдэнд болон ороод баруун, зүүн гар талд ямар өнгөтэй, ямар бүтээгдэхүүн байрлуулах зэрэг нь хүртэл загвар зохион бүтээгч, толгой компанийн менежерүүдийн заавраар шийдэгдэнэ. Ингэснээр хүний нүдэнд торж, таатай сэтгэгдэл төрүүлж, сонголт хийхэд дөхөм болно гэх мэт бараг л шинжлэх ухааны судалгаа маягийн зүйл бий.
Дэлхийн аль ч улсын “Versace”-гийн дэлгүүрт орсон яг адилхан шийдэл, стандарттай. Мөн хүмүүсийн сэтгэлд хүрч үйлчлэхийг эрхэм болгодог. Ямар ч үйлчлүүлэгч орж ирсэн бид чин сэтгэлээсээ талархан угтаж, сонголт хийхэд нь тусалж, бараа худалдан авахгүй байсан ч “Баярлалаа” гээд үддэг. Худалдааны зөвлөхүүд маань хамгийн түрүүнд сайхан инээмсэглэж сурдаг. Уурлаж бухимдсан хүн орж ирсэн ч урдаас нь инээгээд угтахад тааламжгүй хандлага нь арилдаг. Үйлчилгээний байгууллага ямар байх, үйлчлүүлэгчийг хэрхэн хүндлэхийг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг гэсэн үг.
-Бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээл, эсвэл давуу тал юу вэ?
-Заавал эмэгтэй гэлтгүй хэн, юу чаддаг, ямар авьяастайгаас хамаарч эрхлэх ажил, бизнесээ сонговол давуу тал болох байх. Харин эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээл гэвэл ар гэрийн ажил, үр хүүхэд, хань ижилдээ тавих анхаарал шүү дээ. Бизнес эрхлэгч эрэгтэй хүмүүсийн олонх нь гэртээ ядарч ороод, зурагтаа асаан, хоолоо хүлээгээд суудаг гэвэл хилсдэхгүй. Харин “Ядарлаа, ажил ихтэй” гээд нөхөр, хүүхдээ хооллохгүй, ар гэртээ анхаарал тавихгүй суух бүсгүй хэр олон билээ. Бараг л үгүй болов уу. Бүсгүй хүний албан бус үүрэг, хариуцлага гэж бий. Би гэхэд л амаржихынхаа өмнөх өдөр ажлаа хийж л байсан. Эмнэлэгт хоёр хонохдоо ч утсаар ярьж, ажлаа хийсэн хэвээр. Энэ мэт эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог зүйлс бий.
-Компанийн удирдах албан тушаал, ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байна вэ?
-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг 160 000 орчим аж ахуйн нэгжийн гуравны нэг нь эмэгтэй удирдлага, захиралтай гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ тоо хангалтгүй санагддаг. Манай бүсгүйчүүд хэнээс ч дутахгүй боловсрол, мэдлэгтэй. Ялангуяа монгол эмэгтэйчүүд үнэхээр тэсвэр тэвчээртэй, ажилсаг. Энэ утгаараа бүх салбарын удирдах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо их байгаасай гэж боддог. Ялангуяа бүсгүйчүүд бие биенээ дэмжиж, нөхөрлөж, алдаа оноогоо ярилцан, хамтран хөгжих боломжийг эрэлхийлдэг болоосой. Энэ талаар би дуу хоолойгоо өргөж, бага боловч санхүүгийн дэмжлэг үзүүлж явдаг юм.
-Бизнес эрхлэгчид амжилтад хүрч, ашиг олохыг эрмэлзэх нь дамжиггүй. Гэхдээ ашгаас чухал зүйл мэдээж олон бий байх.
-Анх бизнесээ эхлүүлэхдээ ашгаас гадна нийгэмд хариуцлагатай байж, бусдад дэм болох, томоор хэлбэл, улсдаа хэрэгтэй, тустай зүйлийг бүтээх сэн гэж л бодсон. Одоо ч тийм бодолтой. Манай компани долоон ажилтантай, бүгд боломжийн цалин, хангамжтай. Дандаа охид ажилладаг. Би тэдэнд гадаад хэл сур, хүнтэй сайхан харилц, боловсон үйлчилгээг эрхэм болго гэх мэт өөрийн мэдэх, чадах зүйлсээ харамгүй зааж, зөвлөдөг. Эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Манайхаас гарсан ч өөр газар ажиллахад сурсан зүйлс нь хэрэг болно. Нэг ч гэсэн сайн ажилчин бэлтгэх сэн, цаашид сурсан мэдсэн нь амьдралд нь дэм болоосой, хүмүүст хүрч ажиллаасай гэж боддог. Нэг хүний мэдлэг, чадвар, нэлээд олон хүнд нөлөөлж, амьдралын баталгааг нь бий болгон улмаар улсын хөгжилд тус болно гэж итгэдэг.
Би багаасаа л айлд очсон ч энэ зүйл манайд байвал ингэж ашиглана, тэндээ тавина гэж боддог байлаа. Том болж, сургууль соёлын мөр хөөгөөд хаа явсан газартаа энэ үйлчилгээ, энэ соёл, ийм байгууллага манай улсад байвал ямар гоё вэ. Үүнийг Монголд аваачих сан, түүнийг Монгол руу “хөрвүүлэх сэн” гэж бодох болсон. Заавал бизнес эрхлэгч гэлтгүй хүн бүр улсынхаа, нийгмийн, хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Аав, ээж хоёр минь ч эдийн засагч хүмүүс. Тийм болоод ч тэр үү, манай гэр бүлийнхний уулзалтаар өөрсдийн гэхээсээ илүү бусдын орчин тойрон, нийгмийн асуудлыг хөндсөн, хүмүүст туслахад чиглэсэн яриа өрнөдөг. Манай компанийнхан ч нийгэмд чиглэсэн, буяны ажил цөөнгүй хийдэг.
-“Үнэтэй брэндүүдийг Монголд худалдан авах хүн байхгүй. Хөгжиж буй улсад бараг хэрэггүй” мэтээр ярих хүн бий. Танай дэлгүүр ашигтай ажиллаж чаддаг уу?
-Аль ч улсад амьдралын янз бүрийн давхаргынхан байдаг. Хөгжиж буй улс гээд иргэд нь үнэтэй, чанартай зүйлс хэрэглэж болохгүй гэж хэлж болохгүй. Манай брэндийн хувьд зорилтот зах зээлд чиглэсэн. Түүндээ ч хүрч үйлчилдэг. Гэхдээ ямар ч бизнес дандаа ашигтай сайн байхгүй. Борлуулалт буурах, төлөвлөгөөндөө хүрэхгүй байх нь бий. Тэр бүрт ямар арга хэмжээ авах, юу хийхээ бодож, ирээдүйгээ мэдэрч ажиллах шаардлагатай. Бид ажлын байр бий болгоод, татвар төлөөд, дээр нь шинэ соёл, стандарт нэвтрүүлж байна. Цаашид ч хийж хэрэгжүүлэх нэлээд ажил бий.
-Шинээр бизнес эхлүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ?
-Би хувийн хэвшилд ажиллаад таван жил болчихож. Энэ бол маш бага хугацаа. Гэхдээ ойлгож мэдэрсэн зүйл цөөнгүй байна. Шинэ бизнес эхлүүлж буй хүмүүст хэлэхэд бизнесийн орчноо сайн судлаарай, сэтгэл хөдлөлөөр яаран дүгнэлт хийн, тооцоогүй хөдлөх хэрэггүй гэж хэлье. Хууль эрх зүй болон татварын орчны талаар мэдлэггүй байх, урт хугацааны төлөвлөгөөгүй ажил эхлүүлэх нь бэрхшээл дагуулдаг юм билээ. Бас сайн менежер байлаа гээд өөрөө бүх зүйлээ хийж гүйцэхгүй, чадах ч үгүй. Хүнээ сайн танихыг хичээн, ажилтныхаа чадварт тохирсон ажлыг нь даалгадаг байх хэрэгтэй. Харин шинээр ажилд орон, амьдралын гараагаа эхлүүлж буй дүү нарт ажил битгий голоорой, хүн ямар ч ажлаас ядаж л бэрхшээл нь юу болохыг мэдээд үлддэг юм шүү гэж хэлэхийг хүсдэг. Бас гадаад хэл сайн сурах хэрэгтэй, тэгснээр энэ “хавтай” дэлхийгээс өөрийн хүссэн мэдээллээ авч, амьдралдаа ашиглах боломжтой.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам