Монголын сонгодог урлагийн их өргөө болсон ДБЭТ уран бүтээлийн 56 дахь улирлаа энэ сарын 7-нд дэлхийн болон Монголын сонгодог дуурь, балетын дээжсээс бүрдүүлсэн “Сонгодог” гала тоглолтоор нээх гэж буйгаа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь болон дэлхийн балетын ноён оргилуудын нэг П.И Чайковскийн “Хунт нуур” балетыг мөн сарын 13, 14-нд тоглосноор нээлтийн цуврал тоглолтуудаа үргэлжлүүлэх аж..
ДБЭТ энэ жил хүүхэд залууст зориулсан уран бүтээл болон арга хэмжээг түлхүү хийх зорилго тавин ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн Оросын алдарт хөгжмийн зохиолч А.Бородины “Игорь ван” дуурь, Францын балетын урлагийн томоохон төлөөлөгч Л.Минкусын “Баядера” балет, найруулагч Д.Эрдэнэбаатарын хүүхдэд зориулсан шинэ бүтээл “Баавгай дуулах уу” хүүхдийн дуурь, мөн “Ай ёо, доктор” зэрэг уран бүтээлийг шинээр болон сэргээн тоглохоор төлөвлөөд байгаа ажээ.
Л.Энхцэцэг